Арван жил эрэн сурвалжлагдсан М.Л.Клойберийн цогцос "Голомт хотхон"-оос олджээ

Д.Тулга / Хууль

eren

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг Герман улсын иргэн М.Л.Клойбер гэгчтэй холбогдуулан шалгасан. Түүнд Төрийн нууц задруулсан хэргээр ял оноосон юм. Д.Цогтбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхлэх тэр үеэс Максимлян Лёонхард Клойберыг Монгол Улс эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Гэвч өнөөг болтол сураггүй байсан түүний цогцсыг өнгөрсөн баасан гарагт “Голомт хотхон”-ы нэгэн айлаас олсон юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг байлгаж байсан айл нь герман эрийн монгол хамтран амьдрагч Ё.Гантуяагийн дүү Ё.Гантөмөрийнх байсан гэх.

Герман эрийн үхлийн шалтгаан нь хорт хавдар гэж гарчээ. Эх сурвалжийн ярьж буйгаар бол герман эр олон сар хорт хавдартаа шаналж, нуруу нь цоорч, тураалдаа орсон байсан бөгөөд түүнийг олон сар тэр байранд хорьсон байж магадгүй гэж хуулийнхан таамаглаж байгаа бололтой.

59 настай энэ эр ХБНГУ-ын Амбергхотын уугуул, хил дамнасан залилангийн гэмт хэргээрээ цуутай нэгэн байж. Тэрээр 13 сая евро цүнхлээд 2005 онд Монголд ирснээс хойш сураггүй болсон. Тэрбээр сураггүй болохоосоо өмнө 2002-2004 онд хөрөнгө оруулагчдын компанид нийлүүлсэн хөрөнгөнийхөө 18 хувийг нь дансандаа шилжүүлж аваад алга болсон тул түүнийг манай улсад ирэхээс өмнө Герман улс интерполоор эрэн сурвалжилж, олсон хүнд 20 мянган ам.долларын шагнал ч амлаж байсан юм байна.


-Ё.ГАНТУЯА НӨХРӨӨ ЯМАР АЖИЛ ХИЙДГИЙГ Ч МЭДДЭГГҮЙ БАЙСАН ХЭМЭЭЖЭЭ-

Түүний хэргийг шалгаж эхлэх үед тэрбээр сураггүй болсон тул хамтран амьдрагч Ё.Гантуяаг манай цагдаагийнхан шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хууль бусаар их хэмжээний мөнгө ашигласан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, улсын хилээр валют хууль бусаар нэвтрүүлсэн болон хуурамч бичиг баримтаар хил давсан гэсэн хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин 2005 оны арванхоёрдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангиуд нь нотлогдоогүй хэмээн прокурорын 38 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Харин бусдын бичиг баримтаар хилээр нэвтэрсэн үйлдэлд нь шүүхээс тухайн сарынхаа 19-нд ял оноож нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан байна.

Ё.Гантуяа М.Л.Клойбертой танилцахаасаа өмнө ХБНГУ-д олон жил ажилласан бөгөөд түүнтэй танилцаад нэг их удалгүй буюу 2004 онд анх Монголд ирсэн гэдэг. Тэрбээр хуулийнханд мэдүүлэг өгөхдөө “М.Л.Клойбер түүнд өөрийгөө доктор “Вауег Sander” хэмээн танилцуулсанаас гадна Монголд байхдаа үргэлж гадагшаа аль нэг улс руу явдаг байсан. Түүний юу хийдэг, хаашаа явдаг талаар юу ч мэддэггүй байсан. Нөхрийнхөө ямар ажил эрхэлдгийг сураггүй болох хүртэл нь мэдээгүй. Сураггүй болохдоо ч бас л гадаад явна гэж хэлээд гарсан. Чухам аль улс руу явж байгаагаа надад хэлээгүй” гэжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.