УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Д.Тулга / Улстөр

enhboldУИХ-ын дарга З.Энхболд “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” үндэсний чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо”-ны асуудлаар өөрсдийн дуу хоолой, эв саналаа нэгтгэн хуран чуулж байгаа эхчүүд, эмэгтэйчүүд, зочид, төлөөлөгчид Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол эмэгтэйчүүд түүхийн бүхий л үеийн туршид гэр бүл, эх орныхоо сайн сайхны төлөө, их бүтээн байгуулалт, ардчиллын үйл явцад эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж тэмцэж явсан бахархалтай билээ. Гэр бүл, үр хүүхдээсээ эхлэн эргэн тойрныхоо бүхий л хүмүүсийг сайн сайхан үйлсэд үг хэл, үйл хэргээрээ дагуулан хошуучилж, хүчтэй нөлөөлж чаддаг эмэгтэйчүүдийнхээ хосгүй ухаан, дайчин чадвараар бид бахархдаг.

Монгол улс эрт дээр үеэс эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалж ирсэнийг “Их засаг”, “Халх журам” хуулинд тодорхой зааж, түүхэнд тодоор тэмдэглэн үлдээсэн байдаг. 1924 онд Монгол Улс анхны “Үндсэн хууль”-даа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах зорилтыг хуульчилсан нь дэлхийд анхдагч орнуудын нэг болж чадсан.

Монгол эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт түүний дотор боловсрол, эрүүл мэнд, төрийн бус байгууллагуудад манлайлан оролцож хүн амыг боловсролтой, эрүүл өсч бойжих, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Эмэгтэйчүүдийн бүх шатны төр засгийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо жилээс жилд нэмэгдэж, эмэгтэйчүүдэд итгэх нийгэм сэтгэл зүйн хандлага өөрчлөгдөж байна. Гэвч Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 544 хуулиас 12 хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн ч нийгмийн бүхий л салбарт тэдний эрх, эрх чөлөө нь бодитоор хамгаалагдаж, хангагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай байна. Тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх бүхий л хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудал төрийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан хэдий ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний наймаа зэрэг жендэрт суурилсан нийгмийн олон асуудал тулгамдсан хэвээр байна.

Судлагаанаас үзэхэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 80 мянга давж 10 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд болж байгаа, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдээгүй байгаа, хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлага сул байгаа зэрэг нь хууль эрх зүйн шинэчлэлт, зохицуулалтыг цаг алдахгүй хийхийг биднээс шаардаж байна.

Үүнд бодит дүгнэлт хийж Улсын Их Хурал “Жендерийн эрх тэгш байдлын тухай” хуулийг 2011 онд баталж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хуульчилж өгсөн. Өнөөдөр Улсын Их Хурал “Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Гэр бүлийн тухай”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэлэлцэн батлахаар ажиллаж байна.

Монголын эмэгтэйчүүд гэр бүл, улс төрд хоосон сүржигнэл, дуулиан шуугиан дэгдээж хөөрөгдөхгүйгээр оновчтой шийдвэрлэх гарц, арга замыг хайж, нийгмийн бүхий л салбарын бодлогод уян хатнаар нөлөөлж чаддаг хамгийн хүчирхэг нийгмийн давхрага гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг.

Тийм учраас эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хөгжил оролцоог баталгаажуулах зорилгоор УИХ-д өргөн баригдсан болон боловсруулж байгаа дээрхи хууль эрх зүйн баримт бичгийг улам боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллахыг “Эмэгтэйчүүдиий хөгжил-оролцоо” үндэсний чуулганд оролцогчдод уриалж байна

Та бүхэнд болон Монголын нийт эмэгтэйчүүддээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.