Улсын начин Т.Баасанхүү: Сэрвүүнээс голцуу барилдахыг хичээдэг

Д.Тулга / Спорт

baasanhuuБие багатай ч улсын аварга А.Сүхбатыг санагдуулам, үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн, хурц дайчин, уран барилдаан харуулдаг Монгол Улсын начин Т.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бэ. Бөхийн замд орсон түүхээсээ хуваалцаач?

-Анх 2003 оноос өсвөрийн барилдаанд барилдаж бөх болох гараагаа эхэлж байлаа. 2005 оноос самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Үндэсний бөхөөр барилдахад дөхөм болох болов уу гэж бодсон л доо. Миний том ах Даваадорж сумын заан, ах Мягмаржав аймгийн арслан цолтой. Багаасаа хоёр ахаа даган барилддаг байсан. Би хөдөө өссөн. Бөхийн гараа гэж яривал сонин. Нэг удаа овооны наадам болоход очоод барилдсан чинь түрүүлчихсэн. Түүнээс хойш аймгийн арслан н.Баттогтохын удирдлага дор бэлтгэл гэдэг юмны амтыг мэдэрч, үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Манай аав залуудаа барилдаж байсан. Ээжийн тал ч бөхийн удамтай. Сайн барилдаж явсан аймгийн хурц арслан Арслан, Сундуй гэдэг бөхчүүд байсан юм билээ.

-Ерөөсөө л бөх болно гэж боддог байсан уу?

-Бөх их сонирхдог хүүхэд байлаа. Барилдаан их үзнэ. А.Сүхбат аваргын барилдааныг их биширдэг. Гэтэл аварга маань намайг барилдаж эхлээгүй байхад зодог тайлсанд их харамссан. Бас их уйлсан. Одоо бодоход түүн шиг бөх болохсон гэсэн боддог байжээ.

-Таныг сүүлийн үед сайн барилдаан гаргаж байгаа гэж бөх сонирхогчид ярьж байна?

-“Увс нуур” дэвжээний бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлээ базаадаг. Багшийнхаа удирдлага дор хүч, барилдааны бэлтгэлээ хангаж, бүх юмаа тааруулж барилдаж байна. Хичээл зүтгэл гаргаж байгаа маань дасгал сургуулилт хийж байгаатай холбоотой болов уу гэж бодож байна.

-Үндэсний бөхөөр ямар амжилт үзүүлээд байна вэ?

-2013 онд Үндэсний их баяр наадамд тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн. Өнгөрсөн жил гурвын даваанд өвдөг шороодсон. Заалны барилдаанд энэ жил нэг их сайн барилдсангүй. Тогтмол дөрөв юм уу, тавын даваанд унаад байгаа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж, улам сайн барилдаж, цолоо ахиулахыг бодож байна.

-Та их хөдөлгөөнтэй, хурдан шаламгай барилддаг. Энэ бүхэн самбо, жүдогоор барилддаг байсантай чинь холбоотой юу?

-Самбо, жүдогоор хичээллэхээр барилдахад их дөхөм болно. Мэхний хөдөлгөөн шилжиж, дараагийн мэхэнд шилжихэд биеэ зөв суллаж барилдааныг мэдрэх гэх мэт олон талын давуу талтай.

-Таны барилдааны гол тактик юу вэ?

-Барьцнаас биш сэрүү барьцнаас ажиллаж, өөрийнхөө санасан мэхээ хийж, аль болох түргэн шуурхай барилдахыг хичээдэг. Одоо үед жин ихтэй бөхчүүд их болсон байна. Жижиг биетэй бөхчүүд барилдахад хэцүү болсон болохоор өөрийнхөө байгаа бололцоогоо дайчилж, явж барилдахыг л хичээдэг. Сэрвээнээс голцуу барилдахыг хичээдэг. Том хүнтэй таарч барилдахад нэг л эвтэйхэн санагддаг юм. Гэхдээ над шиг жижиг хүн том хүнтэй золгож барилдаад нэмэргүй гэдгийг ойлгодог. Тиймээс би хүний барьцад оролгүйгээр бужигнуулж барилдах сонирхолтой. Бэлтгэл хийхдээ техник голдуу давтана. Б.Гантогтох багшаасаа сэнжигний, элэг бүсний барьцнаас яаж барилдах, цаашлаад давхар шуудагны барьц, барьц сонгохдоо яах талаар туршлага судалж, бэртэлгүй барилдаан хийх тал дээр анхаардаг.

baasanhuu-Өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ?

-Долоо хоногт гурван удаа дэвжээний бэлтгэл хийнэ. Өглөө 10-аас өдөр 13 цаг хүртэл. Үндэсний бөхийн бэлтгэлийг 2 болон 4 дэх өдөр гурван цагаас хийдэг. Бас л гурван цаг орчмын бэлтгэл гэсэн үг.

-Ойрын зорилго гэвэл?

-Цолоо баталж, дээшээ явж барилдах л зорилго байна.

-Увсын Тэс сумаас улсын цолтон олон төрсөн гэдэг бил үү?

-Манай Увс аймаг бөхөөрөө алдартай. Ардын төрийн наадмын 15 түрүүг авсан. Тэр хүмүүстэй хамт бэлтгэл хийж байгаадаа их баярлаж явдаг. Их тэсвэр тэвчээр шаардсан нутаг. Тэнд төрсөн хүн бүр бараг барилдах хүсэл мөрөөдөлтэй байдаг. Манай сумаас 12 улсын цолтон төрсөн. Арван жилийн дараа би 12 дахь улсын цолтон болсон. Цаашдаа манай сумаас олон сайхан бөх төрөх байх гэж бодож байна. Ер нь ийм олон цолтонтой сум улсын хэмжээнд байхгүй байх шүү.

-“Увс нуур” дэвжээнийхэн нэгнийхээ барилдаанд зөвлөгөө, шүүмжлэл өгдөг үү?

-Дэвжээнийхэнтэйгээ долоо хоногт ажлын таван өдөрт байнга цуг бэлтгэл хийж байна. Том цолтонууд болон багш дасгалжуулагч нар бүгд ирж бэлтгэл хийхэд зөвлөгөө өгч, анхаарал хандуулдаг. Зааланд ч бай, төрийн наадамд ч бай даваад, унаад ирэхээр нэгнийхээ барилдааныг шүүмжилнэ, нэг нь нөгөөдөө багшилна. Алдаа оноог нь хэлж өгнө. Алдаан дээрээ ажиллана. Том цолтой бөхчүүд заавар зөвлөгөө өгч байдаг. Тэр бүхнийг тусгаж авч, бэлтгэлээ хийдэг дээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.