Н.Номтойбаяр: Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэдэд хүртээх шаардлага тавьж байгаа

Д.Тулга / Улстөр

manУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн төслийн гэрээний талаар бүлэг дээр яригдаж, байр сууриа нэгтгэсэн үү?

-Гишүүдэд болон манай бүлэгт энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Байр суурь бол тодорхой байгаа. 2.1 сая иргэний эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд оногдох ноогдол ашгийг иргэд маань хүртэж байх шаардлагыг МАН-ын бүлгийн зүгээс удаа дараа тавьж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомж, үүн дотроо татвартай холбоотой хууль тогтоомжийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ. Мэдээлэл орж ирмэгц энэ асуудлын талаар өмнө нь судлаж байсан ажлын хэсэгтэй ярилцаж байгаад тодорхой байр суурь гаргах байх.

-Тавантолгойн төслийн гэрээн дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдсан гэсэн яриа гарсан байна. Энэ үнэн үү?

-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал бүлгийн хурал дээр орж ирж яригдаагүй учраас санал асуулга бол явагдаагүй. Хоёр хуваагдлаа гэдэг бол ташаа мэдээлэл байна.

-МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслөө буцааж татаж авна гэсэн мэдээлэл байна?

-Ард нийтийн дунд санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад 10 хонож байна. Засгийн газраас хараахан хариу өгөөгүй байна. Хуулийн хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ заавал хуулийн хугацааг дуустал хүлээх ёстой юу гэдэг талаар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд асууж лавлана. Энэ талаар Засгийн газарт тодорхой байр суурийг илэрхийлж, шаардаж ажиллах болно. МАН ард нийтийн санал асуулгын хуулийн төслөө буцааж татлаа гэсэн яриа яваад байсан, бид хэзээ энэ хуулийн төслөө буцаан татаж аваагүй. Харин ч холбогдох арга хэмжээг авч ажиллана.

-Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт танай намын бүлгээс гишүүд орж ажиллаж байгаа юу?

-Энэ ажлын хэсэгт МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын нэр бүхий таван гишүүн орсон байгаа. Бүлгийн дарга С.Бямбацогт, О.Содбилэг, Су.Батболд, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарын гишүүд орсон.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.