Тэр ЧИМЭЭГҮЙ байна ... Гэвч түүний талаар ЯРЬСААР ...

Д.Тулга / Улстөр

Нийгэмд түүний талаар ярилцаж байна. Тэр чимээгүй байна. Учир нь хэлэх ёстой үгээ Чуулганы нээлтэн дээр хэлсэн учир тэр чимээгүй байна. Тэр бол З.Энхболд.

Тэрээр 2015.04.06-ны өдөр чуулганы нээлтэн дээр хүн бүрийн анхаарлын төвд буй Тавантолгойн асуудлаар баримтад тулгуурлан байр сууриа илэрхийлсэний зарим хэсгийг эргэн сануулбал:

enhboldУИХ-ын дарга З.Энхболд: Монгол улсад илт хохиролтой гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно

“Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”.

Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хэлсэн нь түүний тухай ярих шалтгаан болсон.


Үүний дараа түүний талаар хар үүлний дараах бороо мэт захиалгат шүүмжлэлүүд асгарсан. Гэхдээ түүний үг зөв гэдгийг баталж хэн юу хэлэв?

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурц: “Тавантолгойн гэрээний төслийг буцаасан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүдэд би баярлаж байна” /2015.04.23 “Монголын мэдээ” сонин/

Чухамдаа Тавантолгойн гэрээг нарийвчлан харахаар Оюутолгойн гэрээнээс долоон дор маш муу болсон байна. Манай улс баялгаа бүгдийг нь алдаж байгаа ийм гэрээний төсөл хийчихээд сууж байна. Монгол хүн өөрийнхөө баялагт эзэн байх эрхээ алдаж байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ 2-уулаа миний ширээн дээр байна. Энэ гэрээгээр монголчууд үүрэг хүлээгээд нөгөө тал баахан эрх эдлээд л байна. Ийм гэрээг анх Оюутолгой дээр эхэлсэн. Тэгвэл үүнийг үргэлжлүүлж, монголчуудыг хог дээр гаргасан гэрээ хийсэн. Тавантолгойн гэрээний төслийг буцаасан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүдэд би баярлаж байна. Засгийн газар төсөв мөнгө олохын тулд улайрч байгаагаас биш ард түмний нийтлэг эрх ашгийг харгалзаж үзээгүй. Би геологич хүн, судлаач, эрдэмтэн хүний хувьд Засгийн газрын байр суурийг харахад үнэхээр ичиж байна.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тавантолгойд улайм улайм дээрэм явагдаж байна” /2015.04.27 “Өглөөний сонин”/

Тавантолгойд Монголын ард түмэн 189.7 тэрбумаас ч дээш төгрөгөөр хэлэлцээр хийж хамтран өмчлөгч болчихсон юм. Тийм болохоор бид албан ёсны өмчийн талаар чангахан дуугарна, ярина. Энэ бол зургаан тэмбум тонн сайн чанарын нүүрстэй бүлэг орд Тавантолгой дээр үүсч магадгүй болоод байгаа хулгай, дээрмийн үйл ажиллагааг зогсоох гэсэн ард түмнийхээ төлөө, тэдний маргаашийн эдийн засгийн баталгааны төлөөх шударга тэмцэл юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид зааснаар улс төрийн албан тушаалтан буюу аль нэг сайд энэ хэлэлцээрт шууд оролцож, гэрээ хэлцлийг авч явах ёсгүй гэсэн зөвлөмж гарсан байдаг. Тэр ч утгаараа Тавантолгойд гүйцэтгэх засаглад хутгалдаад байх ямар ч шаардлага байхгүй. Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар яах гэж улайраад байгаа нь ойлгомжтой.


DagvadorjИх аварга Д.Дагвадорж: Тавантолгойн гэрээнээс 20-хон гэр бүл 2 жилийн дотор дэлхийн тэрбумтнууд болж…

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан тод дуугаар хэлж ярьж байгаа хүмүүсийн нэг бол их аварга Д.Дагвадорж юм. Тэрбээр "Тавантолгойн гэрээнээс 20-хон гэр бүл 2 жилийн дотор дэлхийн тэрбумтнууд болж баян ядуугийн ялгаа эцэстээ хүрч иргэний дайн болох уу?! Эсвэл 20 жилийн дотор 3 сая Монгол хамтдаа хөгжиж дэлхийн улс болох уу гэдэг сонголт юм!!! хэмээн жиргэсэн байна. Д.Дагвадорж аваргын тухайд Тавантолгойтой холбоотой анхаарал татсан жиргээнүүдийг бүгдийг нь retweet хийдэг. А.Гансүхийг ярилцлага өгсний дараа гэрээний төсөл дэх заалтуудаар цуврал жиргээ хийж жиргээний ертөнцөд сүр хүчээ харуулж байсан билээ.


УИХ-ын гишүүн М.Зоригт: Хэрвээ З.Энхболд дарга тэр өглөө тэгэж хэлээгүй бол бид алдаатай, Монголд ашиггүй заалттай гэрээнд гарын үсэг зурж, ёстой бандан тас болох байсан. http://itoim.mn

-Тавантолгойн асуудал дээр зарчим талаасаа таныхаар З.Энхболд даргын зөв үү?

-Зөв ш дээ. Сайханбилэг Ерөнхий сайдад энэ гэрээ чинь болохгүй байна гэж намын бүлэг дээр хэлж л байсан. Болохгүй шүү гээд байхад л нөгөөх нь өрсөөд ням гаригт мэдэгдэл хийж л байдаг. Олон түмэн рүү гарахдаа эхлээд УИХ-тайгаа ойлголцож байж хандах хэрэгтэй ш дээ.

-Та жишээ нь Тавантолгойн гэрээний төсөлтэй яг өнөөдрийн байдлаар танилцсан уу?

-Өчнөөн хоног зарцуулаад л, улаан эрээн болгоод, яг нэг юм уншаад ойлгож байтал Энхсайхан “наадах чинь худлаа гэрээ” гэчихсэн. Нэлээд хэдэн сарын өмнө нь Энхсайхан тэр худлаа гэсэн гэрээний төслөөрөө гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэгэхэд л төмөр зам чинь яачихаж байгаа юм бэ, гуравдагч талууд нь хаана байгаа юм, Сүмитомо гэж нэр яриад байгаа боловч гэрээн дээр нэг ч нэр байхгүй байна. 1072 хувьцаа яаж амилах нь тодорхойгүй байна гэдгийг хэлж л байсан. Тэгэхэд “Ок ажиллана аа” гээд л явсан. Үнэн хэрэгтээ ажиллаагүй л байхгүй юу. Сая цаадуул чинь цаагуураа гэрээнд гарын үсэг зурахад яг бэлэн болгоод, улаан хивсээ хими цэвэрлэгээнд өгөөд, гадна дотнын хүмүүсээ урьж залчихсан байсан бололтой юм билээ. Хэрвээ Энхболд дарга тэр өглөө тэгэж хэлээгүй бол бид нэлээд алдаатай, Монголд ашиггүй заалттай гэрээнд гарын үсэг зурж, ёстой бандан тас болох байсан. Засгийн газар одоо хүртэл гэрээний төслөө өргөн барихгүй, засаад, сайжруулаад л байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө гэрээ бэлэн болоогүй байсныг, З.Энхболд Их Хурлын Даргын зогсоосон нь зөв болохыг харуулж байна...


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 100 төгрөгийн борлуулалтын орлогоос таван төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй.

“Таван толгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Таван толгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсний 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилж авдаг жишиг манай нийгэмд байх шиг байгаа юм. Таван толгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай. Оюу толгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ харилцан ашигтай нөхцөлийг бид шаардаж байна. 100 төгрөгийн борлуулалтын орлогоос таван төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, гарсан алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар үүнд нь ямар дүгнэлт хийж байгаа болон алдаагаа засч залруулж байгаа эсэхтэй танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас Засгийн газрыг хүртэлх хариуцлагын асуудлыг хөндөнө” гэлээ.


Нийтлэлч, сэтгүүлч Б.Ганчимэг: З.Энхболд хүнд хэцүү энэ үед, олон олон эрх ашиг тээсэн бүлэглэлүүдийг сөрж удирдагчийн шинэ хэв шинжит дүрийг ийнхүү бүтээж байна.

Зөвхөн даргалахыг удирдах гэж ойлгодог манайхны хэвшмэл орчинд З.Энхболд хүнд хэцүү энэ үед, олон олон эрх ашиг тээсэн бүлэглэлүүдийг сөрж удирдагчийн шинэ хэв шинжит дүрийг ийнхүү бүтээж байна. Урьд нь дутагдал нь болж байсан чанаруудаа ч энэ лидер манлайлал болгон хувиргаж байна. Одоо түүний араас “өөрт нь хувь хүртээхгүй явсан тоглоомноос болж ингэж байна” гэх мэт ядарсан хар мөлхүүлэх нь нэгэнт утгаа алджээ. Гуйвшгүй зан чанар, ёс суртахуун, мэдлэг чадавх, үнэт зүйл, өндөр зэрэглэлийн боловсрол...энэ бүгд түүнд байна. Энэ бүгд дээр суурилсан манлайллаар тэр зорилгоо биелүүлж, нөлөөлөх чадвараа зузаалах арга замыг сонгож байна. З.Энхболдын хувьд энэ үед тэр огт өөрөөр тэсэрч харагдана. Түүнд лидерийн төлөөх замнал, хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөр байсан. Нөгөө талаар тэр ямагт юу хийж байгаагаа маш сайн мэддэг байлаа. Няцашгүй явж ирсэн түүний чанарууд нь өнөөдөр түүнийг шинэ өндөрлөгт авчирлаа. Улс төрийн сайн менежер, генератор байх үеийнх нь олон жилийн хөдөлмөр АН-д, АН-ын оргилд гарсан олон лидерүүдэд түшиц болж ирснийг нь мэдэхийн хувьд одоо түүнээс харагдан буй зарим өөрчлөлтийг улам ихээр анхааран ажиглах хүсэл төрнө. Улс төрд ийм тод агшин, ийм тод давхцал тэр бүр тааралдахаа байгаад удсан болохоор ч тэр байж мэдэх юм. Монголын улс төрийн дараагийн үед тэр хэн байх бол оо...ийм нэгэн сонирхолтой төсөөлөл бодогдоно. Учир нь тэр байх нь тодорхой болохоор....

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.