Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 4000 давлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

-ЦАСАН НУРАНГИД 17 ХҮН ДАРАГДАЖ АМИА АЛДЖЭЭ-

Балба улсад болсон 7.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа авран хамгаалах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ гамшгийн дараа 3.5-6.9 баллын хүчтэй 48 удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ.

Непал улсад туслах ажиллагааны хүрээнд хэд хэдэн орон аврах багаа илгээсэн байна. ОХУ “Ильюшин Ил-76” нисэх онгоцоор аврах баг болон техник төхөөрөмж илгээжээ. Мөн Орос, АНУ, Энэтхэг зэрэг дэлхийн улс орнуудаас очсон аврагчид нуранги доороос хүмүүсийн цогцсыг гаргаж авсаар байгаа ч одоо цаана нь хэдэн хүний цогцос байгааг тааварлах аргагүй байгааг мэдээлжээ.

Олон улсын аврагчид нурсан барилгууд доор дарагдсан олон хүн байж магадгүй гэж найдан өдөржин шөнөжин аврах ажиллагаа өрнүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Балбад газар хөдөлсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 4000 давсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав.

Балбын цагдаагийн газраас мэдээлснээр, зөвхөн Балбад 3904 хүн амь эрсдэж, 7000 гаруй хүн гэмтэж бэртсэн нь тогтоогджээ. Газар хөдлөлтийн улмаас үүссэн цасан нурангид 17 хүн дарагдан амь эрсэдсэн гэж уулчдын холбооноос мэдэгдсэн байна. Энэ байгалийн гамшгийн улмаас Энэтхэгт 72, Хятадын Түвдийн өөртөө засах оронд 25, Бангладешт хоёр хүн мөн амиа алджээ.

-БАЛБЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС БОЛГООМЖИЛЖ МАЙХАНД ХОНОВ-

Мягмар гарагт шилжих шөнө Балбын зүүн нутагт дахин 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Геологийн алба мэдээлснийг "Интерфакс-Укриана" агентлаг дамжууллаа. Балбын ерөнхийлөгч Рам Баран Ядав нийслэлд болсон газар хөдлөлт дахин үргэлжилж магадгүй хэмээн болгоомжилж даваа гарагийн шөнө Катмандугийн гудамжин дахь майханд хоносон байна. Хэвлэлд мэдээлснээр, тэртээ XIX зуунд барьсан ерөнхийлөгчийн ордон эхний газар хөдлөлтөөр ан цав гарсан учир дахин хөдөлбөл тэсэхгүй гэж үзсэнээс ийм шийдвэр гаргажээ.

“Ерөнхийлөгч майханд хонолоо, Хажуудах майханд хамгаалалтын албаныхан хоносон. Одоогоор Ерөнхийлөгч тэндээ нэг хэсэг байна” гэж эх сурвалж мэдээлжээ. Эдүгээ Индонезид айлчилж байгаа Балбын Ерөнхий сайд Сушила Коиралын сууц ч газар хөдлөлтийн улмаас гэмтсэн байна. Энэтхэгийн цаг уур, газар хөдлөлийн удирдах газрын мэдээгээр, өнгөрсөн бямба гаригт газар доорхи түлхэлтийн хүч 4-6.9 магнитуд байжээ. Газар хөдлөлийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Бангладеш, Мьянманд мэдрэгдсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.