МАХН Тавантолгойн гэрээг дэмжихгүй гэв

Д.Тулга / Улстөр

МАХН-аас Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийллээ.

Тус намаас Тавантолгойтой холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Шударга ёс эвслийн бүлэг Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоогийн яригдаж байгаа гэрээ нь Тавантолгойн орд газар хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт байхгүй байна. Ард иргэдэд илүү хүртээж, эрх мэдэлтнүүдийн оролцоог багасгах гэсэн учраас МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна. Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээг хэлэлцэх гэж буй энэ үед МАХН мөрийн хөтөлбөртөө тусгасан дараах зарчмуудыг баримтлах болно.

-Тавантолгойн ард газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.

-Тавантолгойн орд газрыг ашиглахдаа МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.

УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь МАХН-ын зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоожид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг уриалж байна” гэжээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн хоёр нам өөр, өөр байр суурьтай байна гэсэн үг. МҮАН Тавантолгойн гэрээг дэмжих байр суурьтай байгаа?

О.Баасанхүү: -М.Энхсайхан бол Монгол Улсын сайд. “Шударга ёс” эвслээс квотоор сайдын суудалд сууж байгаа. Манай энэ гаргаж байгаа мэдэгдэл МАХН-ын байр суурь. Тавантолгойн асуудал 2005 оноос эхлэн яригдсан. Анх нийт ард түмэнд хувь эзэмшүүлнэ гэж ярьж байна. Хүмүүсийн гар дээр байсан лицензийг цуглуулаад авсан. Энэ үеэс эхлэн олигархиуд өөрийн мэдэлдээ авах гэж улайрч эхэлсэн. Бид сонгуульд өрсөлдөхдөө л Тавантолгойн орд газрын ард түмэндээ эзэмшүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Одоо хувьцааны 20 хувь нь нь ноогдол ашиг гэж явж байгаа. Үүнийг өсгөх ёстой.

-Таван толгойн бүх ордыг эзэмшүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Цанхыг өгөх гээд байгаа юм. Ухаа худаг дампуурчихсан учраас Ухаа худаг Цанх гэж орж ирж байгаа юм. Ухаан худгийг MCS компани Цанхтай хамт олборлоно гэж байгаа. Дампуурсан компанийн алдагдлыг үүгээр нөхөх гэж байна. Эд төмөр замыг өмчлөөд авчихаар Монгол Улс тэр төмөр замыг түрээслэх хэжээнд хүрч байна. Үүнд 20 гэр бүлийн эрх ашиг байгаа учраас маш их дайралт ирэх байх.

-Ч.Улаан: Эдийн засгийн хүндрэлээс гадныхан гаргах биш бид өөрөө гарна

-М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн хийсэн гэрээг МАХН ямар гэрээ болсон гэж дүгнэж байгаа вэ. Үнэхээр Монголын ард түмэнд өгөөжгүй муу гэрээ болсон уу?

Ч.Улаан: -Эвсэлд байгаа хоёр намын байр суурь ялгаатай байгаа. МАХН Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байгаа. Энэ төсөл үр дүнтэй хэрэгжээсэй гэсэн байр суурьтай байгаа. Бид эдийн засгийн хүнд байдалдаа түүртээд бүх асуудлыг гаднаас хэн нэгэн хүн хөрөнгөө авч ирээд шийдчих юм шиг өнгөцхөн хандалгаасаа татгалзах хэрэгтэй. Бүх хүндрэл, бэршхээлийг бид өөрсдөө шийдэж, даван туулна. Бид ер нь ямар ч үнээр хамаагүй гаднаас л хөрөнгө оруулж ирнэ гэж зүтгэж байна. Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдал талаас нь харилцан үр ашигтай байх хувилбарыг сонгох ёстой.

Л.Цог: -Төр мөнгөгүй гэдэг шалтгаанаар хамаг баялгаа тавьж тууж байна. Тавантолгой Оюутолгойн араас орох гэж байна гэсэн бодолтой байгаа. Би хардаж байгаа. Энэ орд Монголын ард түмний мэдэлд очиж чадахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол надад байгаа. Учир нь би Засгийн газрын өмнө нь барих гэж байсан хоёр төсөл, одоо өргөн бариад байгаа төслийг мэдэж байна. Тавантолгойн орд газар одоо явж байгаа. Ашигтай ажиллаж байгаа. Гэтэл одоо л хөдөлгөх гэж байгаа юм шиг юм ярьж ард иргэдийг төөрөгдүүлж байна. Тавантолгойн ордын борлуулалтад гадны хөрөнгө оруулалт оруулж, борлуултыг тэлье гэсэн асуудал л яригдаж байгаа. Харин үүний цоорхойгоор ямар хүмүүс орж ирэх гээд байгаа вэ гэдэг нь асуудал болоод байна. Тавантолгой төрийн мэдэлдэд байгаа гэдэг ч хэд хэдэн заалтыг нь аваад хаячихсан. Нэг үгээр амьгүй албат шиг Тавантолгой гэдэг нэр зүүлгээд, хажуугаар нь өөр хүмүүс орох гэж байна. Үүнийг бид анзаарах ёстой. Нөгөө талаараа Монголын төрийг ээлжлэн барьж байгаа хоёр нам сонгуульд ялахын тулд хувьцаа амалсан. Энэ хувьцааны хувь заяа их бүрхэг байна. М.Энхсайхан сайд “Тавантолгой их өртэй учраас хувьцаа гаргах эрхгүй” гэж ярьж байгаа. УИХ-ын шийдвэрийн дагуу аль эрт Хөрөнгийн бирж, Санхүүгийн хороогоор дамжаад хувьцаат компани байх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй учраас өнөөдөр ийм байдалд ороод байна. Монголын ард түмэн хувьцаа эзэмшиж байгаа юм шиг хэрнээ, тэр нь хууль ёсных биш байна.

Мөн Ухаахудагийг авсан MCS компанийн том бүлэглэл явж байгаа. Нэг ч өрөм тавиагүй байж С.Баярын Засгийн газрын үед лиценз барьсныхаа төлөө энэ ордын коксжих нүүрсний хамгийн сорыг авсан. Хэдийгээр нийт ордын дөрвөн хувь гэж тооцож байгаа боловч коксжих нүүрсний 40 хувийг авсан. Энэ компанийг бид судлах ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд стратегийн ордыг гуйвуулдаг зүйл их гарах болсон. Үүний нэг нь Тавантолгойн орд газар байх вий гэсэн болгоомжлол байна. Төр мөнгөгүй гэдэг шалтгаанаар төрийн хувийг байхгүй болгож байна.

-АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэртэй ижил байр суурьтай байна гэсэн үг үү?

-Үндсэндээ байр суурь ойролцоо гэсэн үг. Төрийн өмчийн компани хэвээрээ байна. Тэр нь 51 хувиас доошгүй байх ёстой. Өнөөдөр саналын эрхгүй хувьцаа гэж юу яриад байгаа юм бэ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.