Б.Золзаяа: Миний дүү үнэн мөнийг олтол шорондоо байж байя гэсэн

Д.Тулга / Хууль

Тус ярилцлагыг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно. Medee.mn сайтын редакци

-Б.ИДЭРЗАЯАГИЙН ЭГЧ АНХ УДАА ХЭВЛЭЛД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ-

19, 20-хон настай хоёр охиныг хэрцгийгээр хөнөөсөн гэх Б.Идэрзаяад шүүхээс 25 жилийн хорих ял оноосон бөгөөд оноосон ялын 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гарсан билээ. Бид Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяатай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Танай дүү хоёр хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 25 жилийн ял авчихлаа. Та дүүгээ ийм хэрэг хийгээгүй гэж үзэж байна уу?

-Яг тэр өдөр Б.Идэрзаяаг хэн дуудаад, яагаад гэрээсээ гарч явсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч гараагүй. Манай дүүг тэр өдөр гэртээ байхад 04.00 цагийн үед найз нь дуудаад авч явсан байдаг юм. Өнөөдөр заал авч тоглох гэсэн юм гэж хэлсэн байгаа юм. Ингээд Золбоо миний дүүг цагаан машинтай хоёр залуутай хамт Сансарын бензин колонкийн тэндээс авч явсан байсан. Тэгээд хороололд нэг найзындаа очоод манай дүүг машинд сууж байхад нь цаанаас нэг залуу Золбоотой хамт ирүүтээ уутанд хийчихсэн хоёр гөлөг өвөр дээр нь шидчихсэн гэсэн. Б.Идэрзаяа сэжиглээд "Яаж байгаа юм бэ" гэтэл "Чи энийг аваачиж төөрүүл" гэсэн гэсэн. Ингээд Золбоо нь инээгээд, нөгөө хоёр гөлгийг машиныхаа багажид хийж авч яваад нэг газар аваачиж төөрүүлж хаясан байгаа юм. Тэгээд 16-гийн тийшээ хүнтэй уулзана гэж явахдаа дахиж өөр машинд суусан чинь дахиад л хоёр өөр залуу сууж байсан гэсэн. Ингээд 16 руу явах замдаа Золбоо "Манай найз охин ирнэ" гэж хэлсэн байсан. Нэг охин найзтайгаа ирсэн гэж байгаа. 12.00 цаг өнгөрөөгөөд “ABBA” гэх пабаас гарахад үүдэнд нь дахиад л хоёр залуу машинтай байсан гэж байгаа. Ингээд бааранд байхдаа захиалж идсэн чикений үлдэгдлээ аваад Золбоогийн гэр лүү очсон байгаа юм. Шөнийн 02.00 цаг болж байхад тэр хоёр охин утсаар яриад л байсан гэсэн. Явахаар болоод гаргаж өгөхөөр гэрээс нь хамт гарсан гэж байгаа юм. Тэр хоёр охины нэрийг нь ч гүйцэд мэдэхгүй гэж миний дүү хэлсэн. Таньдаггүй, ямар нэгэн өс хонзон, хардалт сэрдэлт байхгүй. Хоёрхон пиво уусан гэж хэлдэг. Тэгээд танихгүй болохоор янз бүрийн юм ч яриагүй гарч ирээд жаахан уруудахад нь урдаас нь бас нэг цагаан машин гараад ирсэн гэсэн. Урдаа бас л хоёр залуу суучихсан. Ингээд тэр өдөр дөрвөн машин дамжсан байгаа юм. Тэр тусмаа дандаа цагаан машин. Дандаа өөр өөр залуучууд.

-Тэгээд юу болсон гэж ярьсан юм бэ?

-Идэрзаяа шүүгч нарын өмнө ч хэлсэн. Байцаалт өгөхдөө ч хэлсэн. Хамгийн сүүлд хоёр охиныг суулгах гээд гарахад машинтай хоёр залуу ирсэн. Тэгээд тэр дөрвийг хойноо суулгасан гэж байгаа. Жолоочийн хажууд сууж явсан залуу "Байж бай, хүнтэй уулзъя" гэж буугаад цаанаас дахиад 4, 5 залуу дагуулаад ирсэн гэсэн. Тэгээд л Идэрзаяа, Золбоо хоёрыг нэлээд хол чирч аваачаад толгой дээрээс нь дараад буу тулгаж байгаа бололтой хүйтэн юм толгойд нь тулгасан, бас хутга харагдсан гэж хэлсэн. "Дуугарах юм бол хохь чинь, ар гэрээр чинь оролдоно шүү. Сансарын бааруудаас бид нарыг асуугаарай" гэж дарамталсан гэсэн. Тэгээд тэр хоёр охиныг машины цаад талд тэр овооны тэр хавьд нэлээд холхон зодоод байсан гэж байгаа юм. Тэнд байсан залуусын хувцас, царайны баримжааг Идэрзаяа хэлдэг. Тэгээд жаахан байж байгаад араас нь нөгөө хоёрыг аваачиж овоон дээр чулуу шид гээд хэд хэдэн чулуу авахуулж шидүүлсэн гэж байгаа. Тэгээд та хоёрын гар хүрсэн гэсэн байгаа юм. Тэгээд ч зогсохгүй янз бүрийн юм яривал чамайг болон танай гэрийнхнийг зүйл дуусгана гэж сүрдүүлсэн байсан. Тэр хоёрыг гэрийнх нь хажууд аваачиж буулгачихаад яваад өгсөн байгаа юм. Одоо Золбоо энэ бүх үнэнийг хэлэх хэрэгтэй болчихоод байна. Яагаад дөрвийн дөрвөн машин дамжиж явсан, яагаад дандаа хоёр, хоёр залуу байсан бэ? гэдгийг тодруулах хэрэгтэй. Баарнаас гарч ирэхэд нь хүртэл машин зогсож байсан гэж байгаа юм. Бааранд тэр дөрвийн сууж байгаа зургийг хараарай. Нэг охин нь утсаараа оролдоод байгаа. Миний дүү бас утсаараа оролдоод сууж байгаа юм. Би тэр хоёр охиныг танихгүй болохоор ярих юм олдохгүй утсаараа оролдож сууж байсан гэж хэлсэн.

-Идэрзаяа яагаад үнэнийг хэлэхгүй, хэрэг хүлээсэн юм бол?

-Золбоо гэдэг тэр хүүхэд зүв зүгээр гэртээ байсан хүүхэд дуудаж авч яваад алуурчин болгочихоод сууж байна. Гэрчийн мэдүүлэг ганцхан удаа аваад Золбоог хэрэгт холбогдолгүй гээд явуулчихсан. Золбоо хэлэхдээ бид хоёр энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж хэлдэг. Тэгээд хоёулаа баригдаад Баянзүрх дүүргийн 72-т уулзах үедээ Золбоо Идэрзаяад “Эхлээд чи намайг гаргачих. Надад мөнгө байгаа. Би дараа нь чамайг гаргая. Өмгөөлөгч авч өгье. Буруугүйг чинь нотлоё. Хоёулаа энд байж болохгүй, цаана нь байгаа хүмүүсийг олно” гэж худал хэлж миний дүүд хэрэг үүрүүлсэн байгаа юм. Миний дүү мэдүүлэг өгөхдөө Золбоог энэ хэрэгт ямар ч хамаагүй гээд хэлчихсэн. Гэтэл Золбоо гарчихаад өнөөдөр ийм байдалтай байж байна. Манай дүүгийн найз охинтой Золбоо уулзаж хэлсэн байна билээ. "Бид хоёр энэ хэрэгт хамаагүй. Тэр өдрийн зодоон надаас үүдэлтэй юм л даа" гэж хэлсэн байсан. Бүх процессыг Золбоо мэдэж байгаа. Тэр хүмүүсийн зүс царайг ч мэдэж байгаа. Би Золбоогийн хэр сэргэлэн хүүхэд вэ гэдгийг мэднэ. Хааяа манайд ирчихсэн нэг нэгэндээ туслаад явж байдаг найзууд байсан.

Цагдаа нар анх зодож нүдэж байхдаа хамаатны ах дүү хоёр залууг чинь авчирч зодож чам шиг болгоно шүү гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд манай дүү би цэрэгт яваад ирсэн юм даа, хоёр дүүгээ тамлуулчих вий дээ, бас ах эгч хоёр л байгаа, энэ хоёрыг минь оролдчих вий гэж бодож айсандаа хэрэг хүлээсэн гэж хэлсэн. Хоног хугацаа өнгөрөх тусам үнэн мөн нь олдоно доо, жинхэнэ алуурчин нь цаанаа бөмбөгнөөд сууж байгаа юм чинь нэг л өдөр цагдаагийнхан олчихно, намайг ч гэсэн хамгаалалтад аваад, миний ар гэрийнхнийг хамгаалаад сайхан цаг ирэх

байх гэж бодсон гэсэн.

-Идэрзаяаг хотоос баривчилсан гэдэг. Яг хаана байхад нь баривчилсан юм бэ?

-Хэрэг явдлын дараа цагдаа нар хэрэгтнийг эрэн сурвалжилж байх үед Золбоо Идэрзаяа руу утасдаад "Би Дарханд ажилтай явж байна. Хүнээс мөнгө авах ёстой юм. Би хот руу эрт орж чадахгүй нь. Оройтох юм шиг байна. Миний найз очоод авчих” гэсэн байгаа юм. Манай хүүхэд ИЗИС-ийн Эрхзүйн хоёрдугаар курсын оюутан. Манай хамаатны дүү н.Батзаяа “Монос”-ын инженер. Манай Б.Идэрзаяа тэр гурав тавдугаар сарын 10-ны өдөр байшин барьсан ахынхаа хашааны хогийг цэвэрлэж байсан юм. Гэтэл манай хүн чинь зөөлөн сэтгэлтэй, найздаа туслахын төлөө Бөхийн өргөөний урд талын автобусны буудал дээр очоод тэр хавьд нэг пабад ороход урд нь цагдаа нар зогсож байгаад аваад явчихсан байсан. Цагдаа нар юу юугүй хүлээд л машин руу хийчихсэн гэсэн. Идэрзаяаг ирэх хооронд цагдаа нар найз охин руу нь Золбоогоор яриулж, эхлээд найз охиныг нь барьсан байгаа юм. Тэгээд тэрнийг "Чи хар тамхи хэрэглэдэг гаж донтой залуудаа алуулчихаагүй, хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаадаа баярла" гэж хэлээд цагдаа нар инээлдэж байсан гэж найз охин нь дараа нь надад хэлсэн. Тэгээд цагдаагийн машинд суугаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирэхэд дөрвөн мөчийг нь машиндаа хүлчихсэн байсан учраас хөл минь мэдээгүй болчихсон байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар луу оруулаад мэдүүлэг аваагүй, нойлын өрөө юм уу мэдэхгүй нэг жижиг өрөөнд хичнээн цаг болсон юм бүү мэд нүцгэн зогсоож хүлчихээд зодоод байсан гэсэн. Би энэ хоёр охиныг танихгүй шүү дээ, би энэ хэргийг хийгээгүй, олон хүн байсан, авч явсан хүнийг нь хэлье, харсан зүйлээ хэлье гэхэд "Алуурчин минь дуугүй байгаарай, хэргээ хүлээ" гэж хэлсэн гэсэн. Тэгж зодож нүдчихээд дараа нь хэргээ хүлээе гэхэд нь байцаалт авсан байгаа юм. Тэгээд "Чи хувийн сэдэлттэй болгож ярь" гээд өөр юм ярихаар наад чинь биш ээ гээд байсан гэж байгаа. Тэгээд бүр өмгөөлөгчгүй байхад дарамтлан байцаалт авсан. Энэ бол хууль бус. Өмгөөлөгчгүй бол ганц ч үг дуугарахгүй байх эрх байдаг биз дээ.

-Та дүүгээ баригдсанаас нь хойш хэзээ уулзсан бэ?

-Бараг хоёр сар намайг уулзуулаагүй. Тэгээд уулзах гээд очиход гарынх нь бугуйн дээр юмаар татаж цусыг нь хуруулсан юм шиг сорви байсан. Тэгээд би яачихсан юм гэсэн чинь юманд урчихсан гэж хэлж байгаа юм.

-Хэрэг гарсны маргааш Идэрзаяа гэртээ харьсан гэсэн. Өмсөж явсан хувцас хунар гээд ер нь сэжиглэхээр зүйл анзаараагүй юу?

-Өмсөж явсан найман хувцас дээр нь ямар ч цусны толбо байхгүй. Илгэн гутал дээр толбо илүү их шингэх ёстой. Тэр оройгоо Золбоогийнд хоноод маргааш нь гурван цаг болж байхад гэртээ ирсэн. Би хоёр дүүдээ их хатуу ханддаг. Хоёр том залуу миний үгээс гараад байдаггүй. Тэр өдөр Идэрзаяа гэртээ ирчихээд "Эгч ээ, уучлаарай. Би өчигдөр Золбоогийнд хононо гэж Баачкад хэлсэн шүү дээ" гэж хэлж байсан. Баачка гэдэг нь бас л Идэрзаяагийн үеийн манай бага эгчийн хүүхэд байгаа юм. Тэгээд би Баачкагаас "Яагаад надад хэлээгүй юм бэ" гэхэд орой 11 цагийн үед над руу ярьсан. Найз нь хоёрхон пиво уусан. Одоо Золбоогийнд очиж амарлаа гэж хэлсэн гэсэн. Би ингэж ярьсан уу гэдгийг нь Идэрзаяагаас ч асуусан. Би гэртээ харимаар л байсан. Гэртээ харилаа гэсэн чинь Золбоо байж бай л даа найз нь хоёр гурав хоноод гадагшаа Солонгос ч явж магадгүй, цэрэгт ч явж магадгүй гээд хоргоогоод байсан гэсэн. Миний дүү гэртээ нэг удаа ч пиво үнэртүүлж орж ирж үзээгүй.

-Идэрзаяа ер нь ямархуу хүүхэд байсан бэ, ямар ч боловсролгүй нэгэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байсан?

-Миний дүү 1991 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 2009 онд 11-р анги төгсөөд Батлан хамгаалах их сургуульд шалгалт өгөх гэж байсан. Хонхны баяраа тэмдэглэдэг өдөр ээж маань бурхан болоод дүү маань долоо хоногийн дараа олгойны хагалгаанд ороод биеийн тамирын шалгалт өгч чадаагүй. Ингээд Монголын үндэсний дээд сургуулийн нябо бүртгэлийн ангид ороод хоёр жил суралцаж байгаад бүтэн өнчний тэтгэлгээс хасагдуутаа энд тэнд ажил хийдэг байсан. Төлбөрөө төлж чадахгүй болоод сургуулиасаа гарахаас өөр аргагүй болсон. Тэнд суралцах хугацаандаа шилдэг оюутан болж байсан. Өвөрхангайн "Орхон" цогцолборын нэгдүгээр арван жилийг төгсөхдөө ч бас л шилдэг хүүхэд байсан. Урлаг спортын авьяастай хүүхэд. 2013-2014 онд Зэвсэгт хүчний 029-р ангид жагсаалын дарга цолтой алба хаагаад, 2014 оны аравдугаар сард халагдаж ирсэн. Цэргийн ангидаа улир гэхэд Идэрзаяа би Батлан хамгаалахдаа сурна. Жаахан ажил хийж байгаад есдүгээр сараас сурна гээд цэргээс халагдчихсан юм. Түүнээс биш хэвлэлээр бичээд байсан шиг тийм боловсролгүй хүүхэд биш шүү. Ах нь бас цэргийн хүн. 05-р ангийн ахлагч. Одоо Суданд энхийг сахиулаад явж байгаа. Долдугаар сард ирнэ. Би хоёр эрэгтэй дүүгээ буруу хүмүүжүүлэх вий дээ гэсэндээ аль болох төртэй ойрхон яваг гэж бодож цэрэг цагдаатай холбосон.

-Шүүхийн шийдвэр сонсоод Идэрзаяа юу хэлсэн бэ?

-Шүүгч шүүхийн шийдвэр танилцуулахад ингээд л миний дүү ухаан алдаад унах нь гэж бодсон. 25 жил гяндан, 5 жил чанга дэглэмтэй хориход хоригдох ял авсан хүн ямар олигтой байхав дээ. Гэтэл манай дүү над руу хараад царай нь хувьсхийснээ төв царайтай болчихсон. Ерөөсөө айж балмагдахгүй байсан. Тэгээд бид шүүх хурлын дараа дүүдээ хоол цай аваачаад уулзахад "Эгч ээ, би нэг л буруу зүйл сурсан юм байна. Юу нь буруу юм гэхэд би арван жилд ч тэр, их сургуульд ч, цэрэгт ч тэр дандаа хүнийг даргалж, хүний өмнөөс шийтгэл хүлээдэг байсан болохоор дандаа юмыг өөр дээрээ аваад хүний өмнө орж явсанаараа алдчихлаа. Надад найз гэж байхгүй юм байна. Надад атаархсан хүн олон байсан юм байна. Гэхдээ харах тэнгэр, хамгаалах дээдэс гэж байгаад, үнэн зөв нь олдвол дүү нь удахгүй гарна. Та нар хэвлэл мэдээлэл юу байдаг бүгдэд нь хэл гэж хэлсэн. Би өлсгөлөн зарлаад ч хамаагүй энд сууж байя. Би үхэхгүй ээ. Аниа гурвуулаа тулгын гурван чулуу шиг амьдарна" гэж хэлсэн.

-Идэрзаяагийн эсрэг ямар нотлох баримтууд байсан бэ?

-Хэргийн газраас гурван тамхины иш олдсоныг шүүх шинжээчид хоёрыг нь шинжилсэн байгаа юм. Гэтэл тэр хоёр тамхины ишнээс авсан шинжилгээний дүн амиа алдсан хоёр охиных болон Идэрзаяагийнх биш гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр тухайн үед тэнд өөр хүмүүс байсан нь нотлогдож байна. Тэгээд бас хэргийн газраас 17 чулуу олдсон байсны 4-ийг нь л шинжилгээнд оруулсан.Тэгэхээр энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаахаас өөр аргагүй хэрэг байгаа байхгүй юу. Миний дүү сахиус авахаасаа өмнө хамгаалалт гээд том бөгж зүүж явдаг байсан. Тэр бөгжийг Батзаяа хийлгэж өгч байсан байдаг. Би ч тэр бөгжийг нь харж байсан. Гэтэл Хэргийн газраас бас нэг бөгж олдсоныг миний дүүгийн бөгж гэж хуруунд нь хүчээр чихээд байсан гэж байгаа юм. Тэгчихээд сая шүүх хурал дээр хэргийн газраас бөгж нь олдчихсон гэж яриад байгаа. Тэр бөгжний жинхэнэ эзэн хэн болохыг олохыг хүсэхгүй байна шүү дээ. Хэргийн газрын ойр орчмоос зөндөө л мэс олдсон байдаг юм билээ. Нэгэнд нь ч миний дүүгийн хурууны хээ байхгүй.

-Идэрзаяа бөөгийн сахиустай юм уу?

-Манайх бөөгийн сахиус шүтдэг айл. Идэрзаяа сахиустай хүүхэд. Өнгөрсөн тавдугаар сард багш нь дуудаад сахиусыг нь авахуулах гээд очиж уулзахдаа "Тавдугаар сардаа багтаж авч амжихгүй нь ээ, дараа авъя" гэхэд багш нь "Тавдугаар сард л нэг юманд өртөх гээд байна даа. Хүн амьтай холбоотой хилс юманд орчих вий дээ" гэсэн. Тэгэхээр нь би хүний амьтай холбоотой гэхээр нь хэн нэгэн нь үхэх юм болов уу гэж бодсон юм. Гэтэл тэрнээс хойш удаагүй ийм хэрэг гарч байгаа юм даа.

-Тухайн амиа алдсан охидын толгойг тасалсан байсан гэдэг. Энэ тухай Идэрзаяа юу гэж мэдүүлсэн юм бол?

-Тухайн үед Идэрзаяа хэргээ хүлээхдээ тэр хоёр хүний толгойг чулуугаар цохисоор байгаад хүзүүг нь тасалсан гэж ярьсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хурц ирмэгтэй зүйлээр огтлогдсон байна гэж гарсан. Идэрзаяагийн мэдүүлгийг үнэн гэж үзвэл шүүх шинжилгээнийхний дүгнэлттэй зөрчилдөж байгаа. Яагаад гэвэл чулуугаар толгой тасдах боломжгүй гэж шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Ингээд Идэрзаяа худлаа мэдүүлэг өгсөн нь нотлогдож байгаа юм. Ямар ч хурууны хээ олдоогүй. Өөрөө гардан хийсэн хүн бол нүдний харц нь ч тийм тайван байхгүй. Надтай хоёр хоног хамт хоноод, 9-нд ахындаа очиж хоноод, маргааш нь хашаа хороо янзалж байхад нь л Золбоо нь дуудаж цагдаад барьж өгсөн байгаа юм.

-Тухайн үед Золбоогийн гэрт ямар яриа өрнөсөн талаар ярьсан уу?

-Золбоо тэр хоёр охинтой хоёулантай нь уулздаг, дотно харилцаатай байдаг байсан юм шиг байна билээ. Золбоогийнд очиж чикен идэж байхдаа Золбоо тэр хоёр охинтойгоо өнгөрсөн зүйлсийн талаар яриад байсан гэсэн. Харин Идэрзаяа Золбоогийн гэрт байдаг хоёр дүүтэй нь цэрэгт байсан тухайгаа ярьж байсан. Тэр гурвын ярианд төдийлөн оролцоогүй гэж ярьсан. Золбоогоос та хоёр гэртээ хоносон чинь үнэн үү гэхэд үнэн гэсэн. Анхны шүүх хурал нь болох гээд манай өмгөөлөгч гадагшаа явсан шалтгаанаар шүүх хурал хойшлогдох үед Золбоо ирсэн байсан. Удахгүй учир нь олдох байхаа гээд санаа зовсон шинжгүй яриад явж байгаа юм. Тэгээд сууж байхдаа чичрээд, доошоо харчихаад Идэрзаяа руу нэг ч удаа харахгүй суугаад байсан. Гэтэл саяхан болсон анхан шатны шүүх хурал дээр Золбоог оролцуулаагүй. Миний ганц гомдолтой байгаа зүйл тэр. Анх хүүхэд уруу татаад, тэр хоёр охиныг таньдаг, дагуулж гэртээ аваачиж амь насаа алдахад хүргэсэн хүний хэргийг яагаад хэрэгсэхгүй болгоод явуулчихдаг юм бэ. Тэгээд Дархан руу зугтаад явчихсан байхад нь барьсан шүү дээ. Би хардаж байна. Дархан руу ямар машинаар явсан юм бэ. Янз бүрийн эд мөрийн баримтыг нь энд тэнд аваачаад булчихсан ч юм бил үү, цагдаа нар олохгүй шүү дээ. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг.

-Та энэ хэргийн үнэн мөн олдоно гэдэгт итгэж байна уу?

-Монголын хууль яг над шиг, мөнгөгүй, өнчин ядуу хүнд үйлчилдэг. Мөнгөтэй хүнд үйлчилдэггүй болчихсон юм байна. Танай сайтаар дамжуулаад Хууль зүйн сайд Дорлигжав гуайд хэлье. Би хаана өргөдөл гомдлоо өгөх вэ. Би дүүгийнхээ төлөө хөл хүрэх газраа хүртэл явна. Хэзээ ч энэ хүүхдийг хатааж чадахгүй. Үнэхээр хутга бариад хүнийг алаад, толгойг нь тастсан бол хамаа алга. Би ялыг нь үүрүүлж чадна. Гэтэл маргааш, нөгөөдөр нь надтай хамт хоноод, хоол унд хийж идээд байж байсан хүүхэд шүү дээ. Хувцас нь жаахан шавар болчихсон харагдаж байсан. Буу тулгасан гэж байхад нь тийм болсон биз. Жаахан юм бодоод байх шиг байхаар нь юу болсон бэ гэсэн чинь зүгээрээ аниа гэсэн. Хоёрын хоёр хүн алаад булсан бол тэр хувцас авах юмгүй болно биз дээ. Тэгээд бас чулуугаар цохисоор байж толгойг нь тасалсан гээд байгаа. Гар хуруунд нь ямар ч шарх сорви байгаагүй. Би олон ч хуульчаас зөвлөгөө авсан даа. Тэр бүх хүн надад юу гэж хэлж байсан бэ гэхээр хэрэг хийсэн хүн хэзээ ч гэртээ хонодоггүй юм, заавал оргон зайлдаг юм гэж хэлж байсан. Нэг бол өмсөж явсан хувцасаа шатааж хаядаг. Наад хүүхэд чинь нэг бол хэргийн гэрч, эсвэл золиос болж байна гэдгийг хэлсэн. Миний дүү энэ хэргийг үйлдсэн гэхэд нотлох баримт байхгүй, гэрч байхгүй. Өмсөж явсан хувцсанд нь толбо байхгүй. Биед нь ямар нэгэн сорви байхгүй. Шинжээчийн дүгнэлт байхгүй. Эд мөрийн баримт байхгүй. Ийм хэрэгт миний дүүд цаазын ялаас ялгаагүй ийм ял оноож байгаад би үнэхээр гомдолтой байна. Шүүх хурал дээр Идэрзаяа тэр бөгжийг минийх биш ээ гээд шүүгч рүү бүтэн хэдэн цаг харж зогсож хэлсэн. Гэтэл тэр шүүгч миний дүүгийн урдаас огт харж чадахгүй, доошоо хараад суугаад байсан. Яллагдагч нь би энэ хэргийг хийгээгүй шүү дээ гээд гөлрөөд хараад байхад яллагч нь яагаад эгцэлж харж чадахгүй байгаа юм бэ. Миний дүү өөрийгөө ийм хэрэг хийгээгүй гэдгийг хангалттай ярьсан. Гурван шүүгчийн нэг нь нөүтбүүкээрээ оролдоод, нэг нь утсаараа оролдоод л сууж байсан. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан эсэхэд ч эргэлзэж байна.

-Идэрзаяа шүүх хурлын үеэр эцсийн үгээ хэлэхдээ юу гэж хэлсэн бэ?

-Би шоронгоос гарахгүй. Яагаад гэвэл намайг гарангуут л алуулна. Үнэн мөнийг олтол би эндээ байж байя гэж хэлсэн. Үнэхээр хоёрын хоёр хүн хороочихсон бол, яг энэ хэргийг хийчихсэн бол энэ өгч байгаа ял чинь зөв. Гэхдээ энэ хэргийг би хийгээгүй. Энэ хэргийн цаана хэдэн хүн байгаа вэ гэдгийг яагаад олж илрүүлэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн.

-Золбоо гарснаасаа хойш Идэрзаяатай уулзаагүй юу?

-Огт уулзаагүй. Ямар сайндаа Идэрзаяа надад “Аниа та Золбоод нэг үг хэлээд өгчих. Анд нь сайн байна. Жинхэнэ үнэнийг хэлэх цаг чинь ирчихсэн юм биш үү. Намайг худлаа амаар цааш нь явуулах гээд байгаа юм уу. Үнэнийг хэлээд гаргах цаг чинь болоогүй юм уу” гэж хэлээрэй гэсэн. Энэ үгний цаана их учир байгаа биз.

-Хохирогчдын ар гэрийнхэн Золбоог энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байгаа юу?

-Хүнээ алдсан тэр хоёр охины ар гэрт хэчнээн хэцүү байгааг ойлгож байна. Золбоо энэ хэрэгт холбоотойг тогтоож өгөөч гэж хохирогчийн талын өмгөөлөгч гурван удаа хүсэлт гаргахад шалгаж өгөөгүй, хүсэлтийг хүлээж аваагүй. Амиа алдсан гэх тэр охид Золбоотой найз байхад яагаад Идэрзаяаг дагаад уул руу гарч байдаг юм бэ, Золбоог энэ хэрэгт дахин шалгах хэрэгтэй гэж хэлсэн. Хоёр охины ар гэрийнхэн биднийг янз янзаар л хэлсэн. Анхан шатны шүүх товлогдоод хойшлогдсон тэр үед миний дүүг гавтай гараад ирэхэд амиа алдсан нэг охиных нь ээж миний дүүгийн толгойг цохисон. Идэрзаяа харин эргэж хараад “Удахгүй учир нь олдоно, аниа. Шүүх хурал дээр би бүх үнэнийг нь хэлээд өгье” гээд буусан. Би дүүдээ араас нь хоол цай бариад ороход Тахарын албаны залуучууд хажууд байж байсан. Гэтэл миний дүү тэдний хажууд “Зүгээр ээ, аниа. Та ч гэсэн өнөөдөр намайг хүний гарт алдчихсан бол зодох нь битгий хэл юм болох байсан биз. Наад хүмүүс чинь аргагүй. Наад хүмүүс чинь намайг хийсэн гэж бодоод байна шүү дээ” гээд ярьж сууж байгаа юм. Хүн алсан хүн тийм зүйл ярихгүй дээ. Би үнэхээр гомдолтой байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.