Улсын харцага Э.Оюунболд: Аварга болохыг мөрөөдөж аваргын мөрнөөс адис авсан

Д.Тулга / Спорт

Монголын үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн, сүүлийн үед олны анхаарлыг туйлын ихээр татаж буй залуу бөх, Монгол Улсын харцага Э.Оюунболдтой ярилцсанаа хүргэж байна.

-Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Бөх сонирхогч монголчууд өөрт чинь их итгэл найдвар хүлээлгэж байх шиг байна?

-Маш их баярласан. Над руу олон хүн утасдаж, баяр хүргэж, цаашид улам сайн барилдаарай гэж захисан. Улсын наадмаар л 1024 бөх барилддаг. Наадмын барилдаанд 1024 бөх барилдаад түрүүлсэн бөхөд аварга цол өгч байсан. Тийм учраас наадмын энтэй энэ барилдаанд түрүүлээд аварга болчих юмсан гэж бодож байсан. Хүнд хэлэхэд эвгүй ч, өөртөө маш бахдам бодол тээж барилдсан. Би ер нь амжилтад хүрэхийн төлөө энэ эрчээрээ явах юмсан, энэ формоо хадгалах юмсан, одоо л би болж байна даа гэсэн бодлоор л барилддаг. Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаанд Аварга сургуулийн бөхчүүд одтой байлаа. Бяртайдаа, хүчтэйдээ биш одтой байлаа. Бурхан харсан байж магадгүй. Энэ бүхний ард миний багш, миний аав ээж, миний хань, үр хүүхэд байж байдаг. Гэр бүл тогтворгүй бол хүн хэзээ ч амжилт гаргахгүй.

-Таны багш энэ амжилтад хүрэхэд их үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Миний багш Монгол Улсын начин Б.Адъяахүү. Сая 45 наснаас дээш бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн дээ. Би багшдаа маш их баярлаж явдаг. Анх 2007 онд хотод орж ирж багшдаа шавь орж бэлтгэл хийж эхэлсэн. Миний юу хийх, хийхгүйг зааж сургаж байдаг ганц хүн дээ.


-35 НАС ХҮРТЛЭЭ ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ ХИЧЭЭЖ БАРИЛДАНА-

-Мэдээж тэгэлгүй яахав. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Миний аав аймгийн начин Д.Энхтөгс гэж хүн бий. Миний ээж Алимаасүрэн гэж хүн бий. Би нэг дүүтэй. Аавын ах бас бөх хүн бий. Аймгийн начин. Улсад дөрөв давж байсан гэдэг юм билээ. Гэхдээ би тэр үед төрөөгүй байсан. Аавын хамгийн том ах Балданбэрээвэн хийдийн хамба лам байсан гэдэг. Тэр бүх хүнийг би дотроо бодож, залбирч, шүтэж явдаг. Миний ханийг н.Өнөржаргал гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Холоос эхнэр авсан. Миний хань сайн барилдаарай гээд л өглөө болгон цайныхаа дээжийг ургах нарандаа залбирч өргөдөг. Намайг аварга болоосой л гэж залбирдаг байх. Би гэхдээ юу гэж залбирсаныг нь асуудаггүй. Би эхнэрийнхээ ахтай их найз. Тэгээд ахаар нь дамжуулж танилцаад, миний эхнэр болох хүн юм байна гэж л сонгосон. Миний бат сайн ар гэр байж чаддаг, надад бүх зүйлээрээ тусалдаг. Анагаахын их сургуулийн тавдугаар курсын оюутан. Эмч болно. Бас надад сайхан хүү төрүүлж өгсөн. Миний хүү ой хоёр сартай. Эхнэр болон хүү, аав ээждээ маш их хайртай шүү.

-Та одтой байгаад түрүүлчихлээ гэж ярилаа. Харин би чамайг бяртайдаа, хүчтэйдээ түрүүлсэн гэж бодоод байна?

-Би тэгж бодохгүй байна. Бяртай байгаад түрүүлэхгүй байж болно. Харин би өөрийгөө түрүүлснийг зөв явсных, багшийнхаа үгэнд орсных, хүн болгоныг хүндэлснийх гэж боддог. Би ахмад хүмүүсийг маш их хүндэлдэг. Арвын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг давчихаад баярласандаа зүүн гараас нь адис авлаа. Тэр мундаг хүнийг давсан юм чинь би адис авах ёстой. Би бас аварга болохыг мөрөөдөж байгаа хүн. Миний мөрөөдөл биелэх болтугай гэж мөрөөдөж адис авсан. Би 35 нас хүртлээ энэ эрчээрээ хичээхийг л хүсдэг. Тийм цол авна гэж ярихгүй. Хичээгээд л явна.

-1024 бөхийн барилдаанд түрүүлнэ гэж бодож байв уу?

-Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг. Түрүүлчих юмсан л гэж бодож байсан. Өрсөлдөгч их чанга байлаа. Зургаагийн даваанд Р.Пүрэвдагва начинтай туналаа. Мундаг хүн шүү. Бас Б.Пүрэвсайхан гэж мундаг харцагатай туналаа. Ш.Мөнгөнбаатар гээд мундаг арслантай тунасан. Есийн даваа хүртэл тунаж үлдлээ. Энэ бүхнийг би бэлтгэлээ сайн хийсний үр дүн, миний багшийн ач юм болов уу гэж залбирч явж байна.

-Сүүлийн үед маш сайн барилдаж, шөвөгт л үлдээд байх болж. Нууц нь юунд байна вэ. Ямар бэлтгэл хийгээд байна?

-Бусад бөхчүүдтэйгээ адилхан л бэлтгэл хийдэг. Үндэсний бол үндэсний, штанг бол штанг. Энэ жил штангийн бэлтгэл маш их хийсэн. Штангийн багшдаа баярлалаа. Гэхдээ хэн нэгнээс илүү гарсан, нууц бэлтгэл хийсэндээ биш зүрх сэтгэлээ гаргаж, өөрийгөө бүрэн зориулж чаддаг минь ийм амжилтад хүргэж байгаа юм болов уу. Би үүнийг хийж чадвал тийм амжилтад хүрнэ гэж өөртөө маш их итгэл хүлээлгэсэн. Багшдаа амлалт өгсөн. 1024 бөхийн барилдаанд би түрүүлнэ гэж.

-Э.Оюунболд гэдэг хүн хэдийнээс Монголын ард түмэнд өөрийгөө таниулж эхлэв ээ?

-Би мэдэхгүй юм. Э.Оюунболд гэдэг хүн хэзээ, хэдэн оноос сайн барилдаж байгаа, сайн барилдах залуу шүү гэж хүндлэл хүлээх болсон цаг хугацааг ард түмэн л мэдэх байх.


ӨМНӨ НЬ ХЭРҮҮЛЧ БАЙСАН, ОДОО АЛДААГАА ЗАССАН-

-Өөрийн чинь хамгийн их хүндэлж явдаг бөхчүүд гэвэл?

-Б.Бат-Эрдэнэ аварга багшийгаа, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьдыг хүндэлнэ. Тэдэн шиг бөх болох юмсан, тэдэн шиг барилдах юмсан гэж бодож явдаг юм. Харин яг одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аваргыг маш их хүндэлдэг. Баярлаж явдаг. Бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн байх үед би эмээж л байсан. Гэхдээ эр хүн шиг барилдсан даа. Аваргын гүндүүгүй, бөх жудагтай занг нь би хүндэлдэг.

-Жудаггүй бөх гэж таны бодлоор ямар хүн бэ?

-Жудаггүй бөх гэж нэр цохож чадахгүй. Ер нь хүн хүнээ муулах муухай. Хүн хүнээ магтах бас муухай. Бүгд л адилхан тэмцэж яваа, дээсэн дөрөөн дээр дэлхийг донсолгоно гээд л явж байгаа эрчүүд. Тийм учраас би бүгдийг нь хайрлаж, бүгдийг нь дэмжиж, тунасантайгаа, амласантайгаа, амлуулсантайгаа барилдаад явж байна даа.

-Маргаантай барилдааны үед өөрөө их шазруун, бууж өгөх дургүй байдаг юм шиг санагдсан?

-Хөлийн цэц гэдэг хүмүүс байгаа. Тэр бүгдийн шийдийг л хардаг. Гэхдээ би өмнө нь их хэрүүлч байсан. Одоо алдаагаа зассан. Та давсан. Хайнцсан байсан ч гэсэн та давсан гэх байдлаар барилддаг болсон. Би улсын наадамд барилдаж байхдаа ч ойрхон унасан. Хэрүүл тэмцэл хийхгүй элэг бүсээ тайлж өгөх тийм зориг надад байна.

-Телевизээр харж байхад давсан бөхийг хөлийн цэцүүд унасан гэж үзэх тохиолдол олон. Ийм тохиолдолд ч гэсэн хөлийн цэцийн шийдвэрийг үг дуугүй дагах уу?

-Би хөлийн цэцийнхээ шийдвэрийг л хүндэлнэ. Давсан гэж хэрүүл хийхгүй.

-Барилдааны үед маргасан бөхтэйгээ дараа нь таарамж хэр байдаг вэ?

-Сайхан шүү дээ, бөхчүүд. Маргасан ч, зодолдсон ч ах нь ах, дүү нь дүү шигээ мэнд усаа мэдэлцээд л явж байдаг. Бөх хүн гэдэг хор санаж, өшөө хорсол тээж явах ёсгүй юм гэж би боддог.


-МОНГОЛ БӨХИЙН НОГООН ДЭВЖЭЭ УНДААНЫ САВНЫ БАЙ БИШ-

-Хааяа үзэгчдийн зүгээс таагүй уур амьсгал ирэх, элдвээр хэлэх, ууж байсан ундааны саваа шидэх гэх мэт үйлдлүүд Бөхийн өргөөнд ажиглагддаг. Энэ бүхэн бөхчүүдэд ямар санагддаг бол?

-Монгол бөхийг үзэж сонирхож, шүтэж биширдэг залуучууд монгол бөхийн ногоон дэвжээ рүүгээ сав шидэж байхад надад эвгүй санагддаг. Монгол бөхийн ногоон дэвжээ ундааны савны бай биш шүү дээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь ямар бөх байна?

-Хүн болгон л хүчтэй өрсөлдөгч. Өнөөдөр тэр, энэ гэж хэлж чадахгүй. Хүн бүр л чадах чинээгээрээ бэлтгэлээ хийгээд, сайн барилдчих юмсан гээд явж байгаа.

-Унтаж байхдаа хүртэл барилдаж зүүдэлдэг гэж сонслоо. Үнэн үү?

-Тэгдэг. Миний хань хүртэл “Сэтгэл чинь тавгүй байна уу” гэж асуудаг юм. Гэтэл би сайхан унтаж амарч байхдаа л барилдаж байна гэж зүүдэлж унтдаг. Оюутан байхад найзтайгаа хамт хааяа унтдаг. Барилдаж зүүдлээд л найзыгаа өшиглөнө, гараараа чичнэ, уурлуулна. Ийм л хүн дээ.

-Одоо 22 настай гэхээр хэдэн наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн юм бэ?

-14 наснаасаа хичээллэж эхэлсэн. 2007 онд хотод орж ирээд шууд Адъяахүү багш дээрээ очиж шавь орсон доо. Бага байхаасаа барилдах маш их сонирхолтой. Аавыгаа хоргоогоод, мэх зааж өг гээд тайван суулгадаггүй байсан санагдаж байна. Бүр багаасаа л том биетэй хүүхэд байсан.


-УЧИР ЗҮГГҮЙ ДАЙРАХГҮЙ, УЧРЫГ НЬ ОЛООД ЯВНА АА-

-Та нэлээд үг дуу цөөтэй юм шиг харагддаг ч нэлээд яриа хөөрөөтэй юм шиг санагдлаа?

-Намайг зарим хүмүүс үг дуу цөөтэй, яриа муутай гэж боддог юм билээ. Харин би яриа хөөрөөтэй, ер нь бол сайн ярина шүү. Заримдаа ярилцлага өгөхөөр чи хаана ингэж сайн ярьж сурсан юм гэж хэлдэг юм. Тэгэхээр гайгүй сайн ярьдаг юм шиг байгаа юм. Гэхдээ даруухан байхыг хүсдэг. Онгирч сагсалзахыг хүсдэггүй.

-Өөрт тань хийх дуртай, дархан мэх бий юу?

-Би мэх болгоныг хийхийг хүсдэг. Гэхдээ хийж чаддаггүй ээ.

-Хамгийн ойрын зорилго чинь юу байна?

-Ард түмэндээ хүндэтгэлтэй хандаж, хүндлүүлж сайн барилдахыг хүсч байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Гэртээ л амарна даа. Хааяа дэлгүүр хэснэ. Пүүз цуглуулах сонирхолтой. Нэлээд олон пүүзтэй.

-Бөх сонирхогч, уншигч олондоо хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

-Намайг дэмжиж байгаа бүх хүнд маш их баярлалаа. Миний амьдрал энгийн л сайхан өрнөж байна. Тансаг амьдралыг хүсэхгүй. Дутагдалтай амьдралыг дутагдалгүй болгохын төлөө зүтгэж байна. Миний зорьсон зорилго биелэх болтугай гээд би өглөөний нарандаа залбираад явдаг. Урмын чинь үгээр уулыг нураахын төлөө, учир зүггүй дайрахгүй, учрыг нь олж явна гэж л ард түмэндээ хэлье дээ.

Б.БУРМАА

(ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.Оюунболдын фэйсбүүк хуудсаас авав)


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.