Б.Санчир: Харвардад сурна гэсэн зорилгынхоо төлөө уйгагүй хичээсэн

Д.Тулга / Боловсрол

harvard

Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах тэтгэлгийн төлөө олон залуус хичээл зүтгэл гарган өрсөлдсөн. Түүний дунд Болдоогийн Санчир гэх хүү багтсан байв. Даруухан энэ хүү дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Харвардын их сургуульд тэнцжээ. Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

-Юуны өмнө Харвардад тэнцсэнд нь баяр хүргье. Хэдэн настай вэ? Аль сургуулийн сурагч вэ?

-Баярлалаа. Би одоо 17 настай. Хобби сургуулийн төгсөх ангийн сурагч.

-Анх энэ тэтгэлгийн талаар яаж мэдсэн бэ?

-Засгийн газраас жил бүр дэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлгээр суралцуулах мэдээллийг яамдын сайтуудаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлдэг. Би ч мөн сошиал медиагаар анх мэдэж авч байсан. Өнгөрөгч онд миний найз нөхөд, танилууд дунд энэхүү тэтгэлэгт хамрагдаж явсан хүмүүс ч байсан. Ер нь мэдээлэл их сайтай байсан.

-Эхний 20 сургуульд тэнцвэл хүссэн мэргэжлээрээ элсэнэ гэж байсан шүү дээ. Хэр удаан бэлдэв. Эхний 20-д багтана гэж бодож байсан уу?

-Би есдүгээр ангиасаа хойш уйгагүй бэлдсэн. Тэр үеэс л Харвардад сурах нэг том мөрөөдөлтэй болсон. Мөрөөдлөө зорилго болгож, уйгагүй хичээж эхэлсэн дээ. Үнэндээ бол эхний 20 сургууль гэдэг өндөр шалгууртай, алдартай сургуулиуд байсан болохоор дэлхийн улс орон болгоноос тэтгэлэгт хөтөлбөрт хүүхдүүд хамрагддаг. Эхний 20 сургуульд багтах магадлал тун бага гэдгийг мэдэж бас багагүй айж байсан. Статистикаар бол 100 хүн хүсэлт илгээхэд 5-6 хүн л тэнцдэг гэдэг юм билээ. Тиймээс эхний 20 сургуульд багтаж хүссэн мэргэжлээрээ сурах болсон нь үнэхээр том боломж.

-Харвард бол дэлхийн шилдэг сургуулийн тэргүүн эгнээнд бичигддэг. Тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн сургуулийнхаа шалгууруудыг давах ёстой гэж байсан. Харвардын зүгээс ямар ямар шалгуур тавьсан бэ?

-Харвардад яг өөрийнх нь шалгалт гэж байхгүй. Харин маш олон шалгуур үзүүлэлтийг хангах ёстой болсон. Үүнд SAT subject, Test, TOEFL гэсэн үндсэн гурван гол шалгалт байгаа. Мөн шалгалтаас бусад чухал зүйл нь хичээлийн дүн, хичээлээс гадуурх хийж байгаа ажил ордог. Нийгмийн идэвхи сайтай, сайн дурын ажлуудад оролцдог, өөрийн гэсэн сонирхлоо дагадаг байх ёстой. Тухайлбал, зарим хүүхдүүд олон жил хөгжим тоглож байгаа, зарим нь олон улсын физикийн тэмцээнд оролцдог ч гэдэг юм уу өөрийгөө хичээлээс гадуур хөгжүүлсэн байх ёстой. Миний хувьд мэтгэлцээний клубт явдаг.

-Анх тэнцсэн гэдгээ дуулаад яаж хүлээж авсан бэ? Гэр бүлийнхний дэмжлэг чухал биз?

-Тэнцсэн гэдгээ мэдээд маш их баярласан. Өглөө эрт хариугаа сонссон болохоор аз жаргалтай мөчөө ээж аавтайгаа хуваалцах гээд ээж ааваа сэрээчихсэн. Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Гэр бүлийнхэн минь намайг гайхалтай дэмждэг. Үргэлж сэтгэлийн дэм өгч, урам хайрладаг. Аав ээжийгээ баярлаж байгааг хараад сайхан мэдрэмж төрсөн.

-Мэдээж уйгагүй хичээл зүтгэл, том хүсэл мөрөөдөлтэй байсны дүнд ийм хариу сонсоод сайхан байсан байх. Гэтэл зарим нь шударга бус боллоо гэх яриа гаргасан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яам ч юм уу, албаны хүмүүсийн өмнөөс би ярих эрхгүй. Гэхдээ миний бодлоор шалгаруулалт нээлттэй байсан. Ихэнхи сургуулиудын хариу 3 сарын сүүлээс 4 сарын эхээр ирдэг. Би шалгаруулалтыг шударга болсон гэж бодож байгаа.

-Ямар мэргэжил сонгосон бэ? Хэзээ сургуульдаа явах билээ?

-Одоогийн байдлаар би эдийн засгаар суралцана гэж бодож байгаа. Гэхдээ Харвардын зүгээс мэргэжлээ сонгох 2 жилийн хугацаа өгдөг юм билээ. Тэгэхээр миний бодол өөрчлөгдөж магадгүй. Юмыг яаж мэдэх билээ. Яг жилийн дараа инженер болно гэж хүсэх ч юм билүү. Сургуульдаа найман сарын сүүлээр явна.

-Сургуульдаа тэнцчихлээ. Нэг том алхам урагшилж байна. Ирээдүйн том зорилгоосоо хуваалцаач?

-Хамгийн их хүсч байгаа зүйл бол би боловсролтой иргэн болоод Монголдоо ирж ажиллах. Монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд би эх орныхоо боловсролын үр шимийг хүртсэн хүүхдийн хувьд эх орныхоо төлөө хүчин зүтгэх үүрэгтэй. Эдийн засагч боллоо гэхэд ажлын байр бий болгох, инженер боллоо гэхэд баялаг бүтээх, ямар ч байсан би эх орныхоо төлөө өөрийгөө дайчлах болно.

-Сайхан зорилго байна. Магадгүй олон хүүхэд чиний нэгэн адилаар дэлхийн шилдэг сургуульд сурахыг хүсч байгаа байх. Юу гэж зөвлөмөөр байна?

-Гол нь өөртөө байгаа боломжуудаа ашиглах хэрэгтэй. 21-р зуунд ямар ч мэдээлэл, мэдлэгийг өөрөө хүсэх л юм бол олж авах бүрэн боломж бий. Тиймээс эхлээд мэдээлэл авч өөртөө ямар боломж байгааг мэдэж авах хэрэгтэй. Түүнийхээ дараа зорилгоо тодорхойлж, уйгагүй хичээх нь зайлшгүй чухал. Хүн хичээвэл юунд ч хүрч чадна.

-Хүн өөрийгөө урамшуулж, зоригжуулахын тулд нэг уриа үгтэй байдаг шүү дээ. Магадгүй чиний хувьд өөртөө үргэлж хэлдэг үг бий юу?

-Үнэхээр гоё асуулт байна. “Хамгийн аз жаргалтай хүмүүст бүх зүйл байдаггүй. Гэхдээ аз жаргалтай хүмүүс бүх зүйлээ хайрлаж үнэлдэг” гэдэг үгийг би өөртөө хэлэх дуртай. Энэ үг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг үргэлж сануулдаг.

-Сайхан үг байна. Ном хэр их уншдаг вэ? Чиний ширээний номыг сонирхвол?

-Ном унших дуртай. Ялангуяа 18-20-р зууны барууны зохиолуудад дуртай. Яг одоо ширээн дээр минь Харвардын философийн багшийн шударга ёсны талаарх ном байна. "Justice by Michael J.Sandel" гэдэг ном.

-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй. Сурлагад нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.