Эцэг эхчүүд Л.Эрдэнэчимэг гишүүнээс хүүхдүүдээ эмчилж өгөхийг шаардлаа

Д.Тулга / Хууль

erdenechimeg

-“МОНОС”-ЫН ЭЗЭН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДТЭЙ УУЛЗАВ-

Өнгөрсөн оны наймдугаар сард “Монос”-ын эмийн санч нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд илүү тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг гарсан билээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, эмийн санч жирэмсэн учраас ял хойшлуулж, нөгөөг нь тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн билээ.hordsonАнхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцэж давж заалдсан юм. Учир нь “Монос”-ынхон ажилчиддаа хариуцлагыг үүрүүлээд, өөрсдөө хариуцлагаас мултарч байгаад тэд гомдолтой байгаа аж. Түүнчлэн эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал муу, зарим нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүй байгааг эцэг эхчүүд хэлж байна.

Нярай хүүхдүүдийг эмэнд хордоод эмнэлэгт байхад “Монос”-ын зүгээс тус бүр сая 500 мянган төгрөг өгчээ. Үүнээс хойш тэд холбоо сураггүй таг болсон байна. Тиймээс 16 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл“Монос”-ын эзэн,УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзах хүсэлт тавьж, өчигдөр Төрийн ордонд уулзлаа. Тэд хүүхдүүдээ нарийн шинжилгээнд оруулж, эмчилж өгөхийг шаарджээ.


-ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР БОДИТОЙ ШИНЖИЛГЭЭ ГАРГАЖ ӨГӨХГҮЙ БАЙНА-

Энэ талаар эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзаад ямар шаардлага тавив. Та бүхэнд ямар хариу хэлж байна?

ganzorigГ.ГАНЗОРИГ:-Эмчилж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. “Монос” группийн ерөнхийлөгч Хүрэлбаатар, Алтанцогт захирал нар ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ гээд хэлчихсэн. Тэрнээс хойш холбоо тасарчихаад байна. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзлаа. Эрдэнэчимэг гишүүн наадуул чинь буруу, хоног хугацаа алдаад байна. Хүүхдүүдийг эмчлээд явахын оронд шүүхээ хүлээсээр байтал 8 сар боллоо гэдгийг хэлж байна.

-Анхан шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?

-Гараар олгосон жор баригч хоёр жилийн ял авсныг хойшлуулчихсан. Яагаад гэхээр жирэмсэн байсан. Лавлах дээр сууж байсан зөвлөгөө өгдөг эмчид нэг жилийн тэнсэн харгалзах ял өгсөн. “Монос” компани цэвэрхэн үлдчихсэн. Ямар хариуцлага хүлээлгэх вэ. Мөн шүүхийн шинжилгээний газар бодитой шинжилгээ гаргаж өгөхгүй байна. Шинжлүүлэх гээд очихоор хүүхдүүдийн хөл гарыг өргөж үзээд, нүдийг нь хараад алхуулж үзээд зүгээр байна гээд явуулчихдаг. Бид нарийн лабораторийн шинжилгээг яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр бидэнд боломж байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

-Хүүхдүүдийн насны хувьд?

-Дөрвөн хоногтойгоос 18 хоногтой 16 хүүхэд хордсон. Одоо бүгд есөн сараас дээшээ ой гарантай хүүхдүүд байгаа. Дөрөвхөн хоногтойдоо хордсон хүүхэд хамгийн их хордлого аваад, одоо оюуны хомсдолтой гэсэн онош тогтоогдчихоод байна.


-НЭГ ХҮҮХЭД СААЖИЛТТАЙ, ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ БОЛСОН-

-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?

amaraaВ.АМАРАА:-Нэг хүүхэд саажилттай, оюуны хомсдолтой болж байна. Нэг ёсондоо тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болж байна гэсэн үг. Хоёр хүүхэд тархины усжилттай, нэг нь тархины шохойжилттой болж байна. Хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй, нэг нь С вирустай болсон шинжилгээний дүн зургаан сарын дараа гарсан. Бүх хүүхдэд илэрч байгаа шинж тэмдгүүд адилхан байна. Хамгийн хортой циругсин гэдэг эмийг тасралтгүй ууж байна. Энэ эмгүйгээр цаашаа эрүүл явах уу, бас энэ эмэндээ хордоод улам дордох уу гэдгийг мэдэхгүй байна. Дахиад зургаан сарын дараа шинжилгээ өгөхөд хүүхдүүдийн биед ямар нэг өөрчлөлт гарах вий гэхээс айж байна. Тийм учраас даруйхан шинжлүүлье гэсэн хүсэлт тавьсан.

-Монголд нарийн шинжлүүлэх боломж хэр байдаг юм бол?

- Монгол Улсад ийм шинжилгээ хийдэг газар ерөөсөө байхгүй байна. Эхнээсээ нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй гэсэн онош нь тодорчоод байна. Цаашид энэ хүүхдүүд минь нэмэгдвэл яах вэ гэхээс айж байна. Фенобарбитал эм нь хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тэгээд элэг, уушиг, бөөрөнд нөлөөлдөг гээд байгаа юм. Бага насандаа хүүхэд өндөг, хиамнаас хордсон бол бүх насаараа л тэр юмнаас хорддог. Бидний хүүхдүүд эмэнд хордоод одоо цусанд үзэхэд энэ эм байхгүй. Хамгийн гол асуудал гэвэл бусад эрхтэнд нь нөлөөлж байгаа юм. Манай хүүхэд найман сарын хугацаанд 3-4 удаа хатгалгаа авсан. Хэл нь хөхрөөд, амьсгаа нь тасалдаад очсон. Тэгэхээр уушгиндаа нөлөө авчихсан байна гэж бодоод байна.

-Хаана ийм шинжилгээ хийдэг юм бол. Судалж үзэв үү?

-Хамгийн наад зах нь том хоёр гүрэн болох Орос, Хятад руу яваад шинжлүүлмээр байна. Тэр Солонгос, Япон руу явж шинжлүүлдэггүй юм аа гэхэд хөрш улс руу явж нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүн Монголд байгаа сайн эмнэлгүүдээрээ үзүүлж, харуулъя гэсэн юм ярьж байна. Тархины бор давхаргын саажилттай хүүхэд маань Эх нялхас дээр эрчимт эмчилгээнд хэвтээд долоо хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Эрдэнэчимэг гишүүн өөрөө маргааш /өнөөдөр/ тэр хүүхэд дээр очиж уулзаж анхаарал хандуулна гэсэн.


-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА-

-Эрүүл мэндийн яамнаас та бүхэнтэй уулзсан уу. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандаж үзэв үү?

-Эрүүл мэндийн яамнаас бидэнд туслалцаа үзүүлье гэсэн хүн алга. Мэргэжилтэн Зэндмаа гэдэг хүнтэй гуравдугаар сарын 12-нд уулзаад хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яам “Монос”, Эх нялхас, Хүүхдийн төлөө Үндэсний газар эцэг эхчүүдийн төлөөлөл орж уулзаад ярилцлага хийе гэсэн хүсэлт тавьсан ч бидэнд хариу хэлэхгүй байна. Атармаа сайд уг нь нэг удаа уулзсан. Тэрнээс хойш бидэнтэй уулзсангүй.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан гэсэн. Хариу нь ирсэн үү?

Г.ГАНЗОРИГ:-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан. Нярай хүүхдэд энэ эмийг ийм их тунгаар уулгасан тохиолдол дэлхийд ховор байдаг юм байна. Мароккод нэг удаа ийм тохиолдол гарсан гэдгийг дүгнэлтдээ явуулсан. Тэнд олон хүүхэд энэ эмэнд хордоод, найман хувь нь тархины хорт хавдартай болсон байна гэсэн тодорхойлолтой хариу ирсэн.

-Л.Эрдэнэчимэг гишүүнтэй анх удаа уулзаж байна уу. Өмнө нь ямар нэгэн байдлаар анхаарал хандуулаагүй юу?

В.АМАРАА:-Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө телевизээр 2-3 удаа ярихдаа манай хүүхдүүдийг эмчлүүлэх гэрээ хийсэн гэж ярьсан. Уг нь бид шүүх ажиллагаа явж байгаа юм чинь гээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй харьцахгүй байсан. Гэтэл энэ хүн өөрөө “Үнэн худлын дэнс” гээд нэвтрүүлгээр, мөнЕТV телевизээр хоёр удаа “Энэ хүүхдүүдийг бүх насаар нь эмчилгээ хийлгэнэ. “Монос” компаниас хариуцахаар болсон” гэж худлаа ярьсан. Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн бүтэн сайн өдөр Эмээлтэд сонгогчидтойгоо уулзсан гэсэн. Хохирогчдын нэг маань тэнд амьдардаг юм. Тэгээд уулзаж хэлтэл цаг товлосон байна лээ. Өмнө нь бидэнд анхаарал хандуулж байсангүй. Эрдэнэчимэг гишүүнтэй яагаад уулзах болсон бэ гэвэл өөрөөс нь болсон.

-Яагаад ингэж ярьсныг нь асуусан уу?

enhjargalЧ.ЭНХЖАРГАЛ: -Асуусан. Сурвалжлагч нар гэнэт асуухаар нь балмагдаад хэлчихсэн юм гэх утгатай юм ярьж байна лээ. УИХ-ын гишүүн хүн балмагдаж худлаа, үнэн юм ярьж болдог ч юм уу,үгүй ч юм уу мэдэхгүй юм. Бас нэг ноцтой зүйл байгаа.


-16 НЯРАЙГААС ГАДНА ЭХ НЯЛХАС ДЭЭР ГУРВАН ХҮҮХЭД ТЭР ЭМЭНД ХОРДСОН ГЭВ-

-Ямар ноцтой асуудал вэ?

-Моносын эмийн сангаас эм аваад хохирсон 16 хүүхэд байгаа юм. Яг тэр өдөр тэр эмийг Эх нялхасын эмч нар гурван хүүхдэд бас хэрэглүүлээд бидний үр хүүхдүүдтэй ижилхэн болгочихсон. Түүнийгээ Эх нялхас хав дараад нуучихсан байгаа. Одоо биднийг хохирогчид гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөөд шүүх дээр дуугарчихвал Эх нялхасын тэр хэрэг бас сэдрэх гээд байгаа юм билээ. Хордсон 16 хүүхдийг тэр эмээс болоогүй гэж хүүхдийн эмч нар байнга ярьж байгаа нь үүнтэй л холбоотой. Эх нялхасын Энхзул гэдэг эмч бүтэн найман сарын турш ингэж ярилаа. Өөрсдийнхөө бурууг хаацайлахын тулд 16 хүүхдийн хувь заяаг гаргуунд нь гаргаж байна. Шүүх хурал дээр “Та манай хүүхдүүдийг үзэж хараагүй байж яагаад худлаа яриад байгаа юм” гэж асуухаар таг дуугүй болчихно. Одоо хүүхдүүдийнхээ биеийг үзүүлээд хамгийн дээд шатных нь эмнэлэгт очъё гэвэл нөгөө Эх нялхас л байж таарч байгаа болохоор үнэндээ хайчихаа, яахаа мэдэхгүй байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.