Зорчигч тээврийн АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН зарлана

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл компаниас халагдсан ажилчид өлсгөлөн зарлахаар болсон тухайгаа олон нийтэд мэдээллээ. Энэ компанид ажиллаж байгаад 04 дүгээр сарын 01-ний өдөр халагдсан П.Намхайноровтой юу болсон талаар ярилцлаа.

Та яг юу болсон талаар тайлбарлаад өгөхгүй юу?

Юуны өмнө би бол архи ууж, тамхи татдаггүй, ажилласан жилээсээ хойш нэг ч удаа ажил таслаж үзээгүй хүн. Манай автобус бааз сар болгоны 23-наас эхлэн тооцоо хийж эхэлсэн бол дараа сарын 22-нд тооцоогоо тасладаг журамтай юм. Би 2 сарын 23-аас 3 дугаар сарын 22 хүртэл бүтэн сарын хугацаанд Хандсүрэн гэдэг кондуктортай Сонсголон-Ард чиглэлд ажил үүрэг гүйцэтгэсэн. 22-ны өдөр тооцоо таслаад 23-ны өдрөөс Хандсүрэн гэдэг кондуктор 117 ноймрын бригадын тэргэнд явж эхэлсэн. Бид хоёр бүтэн сайнд хамт ажиллаад салсан юм. Тэгээд 24-ний өдөр ажилдаа ирсэн чинь цалин бодох тооцоон дээр Хандсүрэн 100%-ийн гүйцэтгэлтэй гарсан, би болохоор 99.92%-ийн гүйцэтгэлтэй цалин авах эрхгүй болсон байсан. Манайх 100%-ийн гүйцэтгэлтэй байвал цалинг нь бодож өгдөг журамтай юм. Энийг манайхан “цайрах” гэж нэрлэдэг. Хэрвээ орлого олж чадаагүй бол тэр хүн хичнээн ажиллаад ч цалин өгдөггүй. Ингэж бид нарын хөдөлмөрийг мөлждөг байхгүй юу. Энэ Одонтунгалагийн гаргасан дотоод журам тэр чигтээ хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байгаа. Тэр байтугай, бид нарыг хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгвөл хөдөлмөрийн гэрээ цуцлана гэсэн хөдөлмөрийн гэрээтэй, бүгдийг нь ийм шилэн өрөөнд суулгаж байгаад гарын үсэг зуруулж байсан.

Тэгвэл таны ажлын гүйцэтгэл хүрээгүй юм байна шүү дээ?

Миний гүйцэтгэлээс ердөө 2500 төг дутсан. Одонтунгалагт би хүсэлт тавьсан: Миний гүйцэтгэлээс 2500 төгрөг дутсан байна, би бүтэн сар цалингүй ажиллах нь байна шүү дээ, миний цалинг тавьж өгөх талаас нь бодолцож үзээчээ гэж хүсэлт тавьсан. Тэгтэл 4 сарын 1-нд Одонтунгалаг дарга намайг дуудаад Би 3 сарын 31нд 1-р баазын дарга Ононбаяр гэж залуу бий. Энэ захирлын зөвлөлийн хурлаар орчихъё. Гол нь надтай цуг явсан кондукторын буруутай үйл ажиллагаа. Жолоочийнхоо орлогыг шахаж мэдэхгүй болохоор энэ хүнийг хохироосон. Тэгээд Ононбаяр надад чи эр хүн шиг зан гаргаад энэ сар цалингүй ажиллаа гээд бодчих, энийг нөхөж өгөх боломжгүй юм байна. Би тэгье ээ гэж хэлээд гарсан. Хандсүрэн тэр хурал дээр надтай хамт орсон. Тэгтэл маргааш нь буюу 4 сарын 1-ний өдөр Одонтунгалаг дарга намайг дуудаад миний бичсэн хүсэлтийг барьчихсан, чинийх мөн үү? гэж асуусан. Би мөн л гэж хэлсэн. Тэгтэл намайг чи муу хөдөлмөр хийж чадаагүй байж яагаад зарга хийгээд яваад байгаа юм гэж загнасан. Би кондукторын буруу шүү дээ, мөнгийг кондуктор хариуцаж шахах ёстой гэсэн чинь би халагдсан хүнд ямар ч хариуцлага оногдуулах боломжгүй гэсэн. Гэтэл Хандсүрэн 15000 төгрөгний зөрчил гаргаад халагдчихсан байсан. Манай баазад кондуктор 5000 төгрөгнөөс дээш мөнгөний зөрчил гаргавал шууд халдаг дотоод журамтай. Тэр чинь улсын мөнгөнөөс хулгай хийж байгаа гэсэн үг.

Таныг ажлаас халах болсон шалтгаанаа удирдлага тань юу гэж тайлбарласан юм бэ?

Нэгдүгээрт, улсын орлогоос мөнгө идсэн, хоёрт, санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн, гуравт 03 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд удирдах албан тушаалтнаа хууран мэхлэж чөлөө авсан гэсэн шалтгаанаар халсан. Би гайхаад. Хэзээ би улсын орлогоос мөнгө идсэн бэ? гэсэн чинь Хандсүрэн гэдэг кондукторын бичсэн нэг өрөгдөл гараад ирлээ. Тэр өргөдөл дээр намайг кондуктороо зодож занчиж, мөнгө нэхэж аваад хоол авч иддэг байсан гээд биччихэж. Тэгтэл тэрийг хэлэхээсээ өмнө надаас Одонтунгалаг дарга гэнэт л “Чи хоол иддэг үү” гэж асуусан. Би чинь хүн юм чинь хоол иддэг ээ, ямар шороо, өвс идэлтэй нь бишдээ л гэлээ. Тэгтэл энэ үгийг минь тэгж мушгиж ухсан нүхэнд хийчихсэн. Үнэхээр тийм л байсан юм бол Хандсүрэн өмнө нь яагаад энийг яриагүй юм бэ? Гэнэт л ийм өргөдөл гараад ирсэн нь хачин. Бас санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдэг нь 2500 төгрөгөө нөхөхийн тулд ирээсээ 0.5-аар гүйлгэчих гээд манайхан хэлээд байхаар нь би болдог л юм байх гэж бодоод “өө тэгье тэгье” гээд өргөдөл байдлаар бичээд өгсөн. Тэгтэл тэр нь бас бурууджээ. Гурав дахь, би албан ёсоор чөлөө аваад Эрээн явчихаад ирсэн чинь худлаа ярьж ажил тасалсан гэдэг үндэслэл гаргачихаж. Би албан ёсоор чөлөө аваад Эрээн явж болохгүй байсан юм байна л даа.

Шүүхээс хариу ирүүлсэн үү? Одонтунгалаг дарга өөрөө ямар байр суурьтай байна?

Шүүхээс хоёр сар орчмын дараа хариу ирүүлнэ байх. Энэ хооронд би яаж амьдрах юм бэ? Одонтунгалаг гэж энэ хүн дандаа л ажилчидтайгаа асуудал үүсгэж байдаг. Маш олон ажилчдыг үндэслэлгүйгээр халж байсан.Үндэслэлгүй халлаа гээд шүүхдээд явлаа гэхэд 5000 төгрөгний торгууль тавиад л болчихдог юм байна лээ. Ёстой инээдтэй. Тэгээд ч энэ хүн бол улсын байгууллагыг улсын байгууллага уу? Увсын байгууллага уу? гэмээр л болгочихсон хүн дээ. Увсынхан энгийн ажилчдаас илүү цалин авдаг, илүү боломжийн нөхцөлд ажилладаг. Дандаа л хууль бус ажиллагаа хийж байдаг хүн шүү дээ. Манай байгууллагаас тэтгэвэрт гарсан 16 хүн байна. Энэ 16 хүний тэтгэвэрийг нь өгөхгүй зовоож байна. Дээд шүүхэд хандахаар тэтгэвэрийг нь өг гэсэн шийдвэр гаргаж өгөөд байдаг, Одонтунгалаг өгдөггүй. Тийм дархан эрхтэй. Ер нь одоо Одонтунгалагийн өөдөөс үг хэлсэн өстөн дайсан нь болно, ажлаас халагдана. Ийм л болчихоод байна, амьдрах арга алга. Тийм болоод л би ганцаараа ч болсон хамаагүй өлсгөлөн зарлана, тэмцэнэ. Эцсийг нь үзнэ. Надаас гадна олон хүмүүс ажлаасаа халагдчихгүй гээд “амаа үдээд”, хөдөлмөрөө шулуулаад сууж байна. Би олон хүний өмнөөс дугарах болно.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.