Ж.Батзандан: Баялгийн асуудлыг ярих гэж байгаа бол эздээс нь асуух ёстой

Д.Тулга / Улстөр

batzandanЧингисийн талбай дээр Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн билээ. Иргэдээс санал авах үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулж байгаа юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр Тавантолгойн хувьцаа эзэмшигчдээс санал сонсох ажиллагаа үргэлжилж байна. Иргэд ер нь ямар санал хэлж байна?

-Тавантолгойн гэрээний талаар иргэдийн санаа бодлыг сонсож байна. Яагаад гэхээр Тавантолгойн ордод иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. 550 гаруй аж ахуйн нэгж Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг заавал сонсох ёстой. Харамсалтай нь Засгийн газар иргэд аж ахуйн нэгжүүдээс асуух шаардлагагүй 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа учраас шууд гэрээгээ зурна гэж биднийг айлгаад байгаа. Саналын эрхтэй юу эрхгүй юу гэдгийг Засгийн газар тодорхойлдоггүй. Өмчлөлийн эрхийг, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөвхөн хуулиар л хязгаарлах боломжтой. Хуулийг УИХ гаргадаг, парламентаас баталдаг. УИХ бол хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ ч утгаараа миний бие өнөөдөр Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусдаа бие даасан бүлэг оруулья гэдэг санаачлага гаргаад иргэдийнхээ саналыг авч байна.

Өөрөөр хэлбэл гурван сая хүний эрхийг хамгаалах заалт энэ гэрээнд оруулахгүй бол энэ гэрээ хоосон, хууль зөрчсөн, агуулгагүй гэрээ болно. Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулинд Стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь Төрийн мэдэлд байна. 20-иос доошгүй хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж борлуулна, иргэдэд хувьцаа олгоно гээд заачихсан байгаа. Тэгэхээр газрын баялаг, энэ улсын баялаг бол нийт монголчуудын баялаг. Хэдэн дарга нарын мэдэх зүйл биш. Тэгэхээр энэ баялагийн асуудлыг ярих гэж байгаа бол эздээс нь асуух ёстой. Эздээс нь зөвшөөрлийг нь авах ёстой.

-Иргэдээс санал авах ажиллагаа хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Маргааш 11-17 цаг хүртэл үргэлжилнэ. Хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд хөдөө орон нутаг болон зах, хүн ам олноор суурьшсан газруудаар манай залуучууд, судлаачид явж иргэдийн саналыг авна. Нэгдэх өдөр иргэдийн саналыг нэгтгээд Засгийн газарт хүлээлгэж өгнө. Иргэдийн бодол санаа ийм байна гэж Засгийн газарт ойлгуулахыг хүсч байна.

-М.Энхсайхан сайд гэрээн дээр ажиллаж байсан. Тэрээр намууд улс төржүүлж байна гэх зүйл ярьж байгаа?

-Энхсайхан дарга ажлаа хийж байгаа. Ямар нэгэн ажил хийхэд алдаа оноо гарна. Алдааг нь засч залруулж явах ёстой. Одоогийн өргөн баригдсан төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчны тухай хууль гээд олон хууль тогтоомжийг зөрчсөн олон арван заалт байгаа. Энэ заалтуудыг өөрчилж байж Тавантолгойг явах ёстой.

-Ардчилсан нам 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн шийдвэр гаргасан. Мөн АН-ын бүлгийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь оролцож мэдээлэл өгсөн байсан?

-Монгол Улсын хуулинд Стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Стратегийн ордтой холбоотой гэрээг хууль зөрчиж хийх бололцоо байхгүй. Батсуурь дарга “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компани 2014 онд зургаан сая нүүрс олборлож, экспортод гаргасан, 60 тэрбумын татвар төлсөн. 600 хүнийг ажлын байраар хангаж байгаа, Чалькогоос авсан 300 гаруй сая долларын өрний гуравны хоёрыг нь барагдуулчихсан байгаа. 20 гаруй тэрбумын ашигтай ажилласан гэдэг тайлангаа бидэнд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани явж байгаа компани шүү. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг ажил нь зогсчихсон компани биш гэдэг тайлбарыг бидэнд хүргүүлсэн.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.