А.Батаа: М.Энхсайханыг огцортол тэмцэнэ

Д.Тулга / Нийгэм

Тавантолгойн гэрээний төсөл Монгол Улсад ашиггүй, алдагдалтай хувилбараар батлагдахад ойрхон байгаад “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид Монгол Улсын сайд М.Энхсайханыг буруутгаж, түүнийг огцруулах шаардлагатай хэмээн үзэж буй юм. “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын төлөөлөл болгож оператор А.Батаатай ярилцлаа.

-“ЭНЕРЖИ РЕСУРС”-ИЙНХЭН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ӨМЧИЙГ БҮРТГЭЭД ЯВЖЭЭ-

-Тайван жагсаал хийлээ. Гол зорилго юунд чиглэгдсэн бэ?

-Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах шаардлага тавьж Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ. Жагсаалд зөвхөн манай “Эрдэнэс Тавантолгой” компаний тодорхой тооны ажилчид оролцсон. “Энержи Ресурс” гэж хувийн компани манай “Эрдэнэс Тавантолгой”-г шилжүүлж авах гэрээ хэлэлцээр яваад байгаа. Лиценз эзэмших талбайгаас эхлээд бүхнийг тус компани авах хүсэлтэй байна. Түүнийг л хамгийн гол нь бид эсэргүүцэж байгаа юм. Уурхай дээр ч тодорхой тооны хүмүүс суулт хийсэн. Монголын ард түмэн, тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдад ашиггүй гэрээ хийх гээд улайраад байгаа нь ажиглагдаж байгаа учраас М.Энхсайхан гэдэг хүнийг эргүүлэн татах шаардлагатай байна.

-Уурхай дээрээ хэдийнээс суулт хийж эхэлсэн юм бэ?

-Түрүүчийн долоо хоногоос суултаа эхлүүлсэн. Гэвч манай МҮЭ-ээс уурхай, кемп гээд ажлын байран дээр суулт хийх нь зохимжгүй юм байна гэж үзээд, Улаанбаатарт төвлөрч, хууль эрх зүйн дагуу жагслаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байгаа юу?

-Манай үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Шинэ оны эхний улирлын байдлаар нүүрс борлуулалтын хувьд уул уурхайн компаниудын тэргүүн эгнээд яваа. Гэтэл “Энержи ресурс” компани аль зургаан сараас хойш сул зогсолт хийсэн.

-Саяхан Шадар сайд У.Хүрэлсүхийг Цогтцэций суманд ажиллах үеэр “Энержи ресурс” ажил ид өрнөж байна гээд сурталчлаад байсан шүү дээ?

-Нэг их сүрхий, уурхай нь ажиллаад байгаа юм шиг худал сэтгэгдэл төрүүлж байна. Биднийг хуурч байж болно. Шадар сайдаа хуурч байгаа компани ямаршуу болох нь харагдаж байгаа байхгүй юу. Өнөөдөр Шадар сайдаа хуурч, ажиллаж байгаа мэт дүр эсгэж байгаа газар маргааш Монголын ард түмнийг 1072 ширхэг хувьцааг чинь олгоно гэж хуурахад амархан биз. Тэр хувьцааг олгогдохооргүй байдалд хүргэчихээд байгаа юм.

-Тавантолгойн гэрээний төсөлтэй та бүхэн танилцсан байх. Ямар зүйл заалт нь бодит байдалтай нийцэхгүй, Монгол улсад хохиролтой байхаар байна вэ?

-Яг Тавантолгойн гэрээний төслийг бидэнд харуулахгүй байгаа. Тэр ч бүү хэл УИХ-ын зарим гишүүдэд ч нууц байгаа юм билээ. УИХ-ын даргын хэлсэнтэй бид санал нэг байгаа. Өнөөдрийн байдлаар, манай “Эрдэнэс Тавантолгой” компаний өмчийг “Энержи ресурс”-ийнхэн ирж бүртгээд явж байгааг бид нүдээрээ харсан. Тийм учраас ажилчид бүгд 100 хувь эсэргүүцэж байгаа юм. Манайх төрийн өмчит компани. Удирдлагууд засаг төрөөс томилогдсон хүмүүс учраас энэ үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа.

-Орон нутгийн иргэд та бүхэнтэй санал нэг байгаа юу?

-Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа.

-Төрийн гурван өндөрлөг Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьд хүрсэн мэдээлэл бий. Хэрвээ одоо байгаа төслөөрөө батлагдчихвал яах вэ?

-Бид М.Энхсайхан сайдыг огцортол тэмцэнэ. Хэрвээ төсөл энэ байдлаар батлагдвал М.Энхсайхан сайдыг эргүүлэн татаж авч чадаагүй Засгийн газрыг огцруулах, жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зарлах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авах болно.

-“Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа зогсож, дампуурах дээрээ тулаад байна гэсэн мэдээлэл цацагддаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-“Энержи ресурс” манай компанийг сүүлийн үед баахан өртэй ширтэй гэж хар мэдээлэл цацаад байгаа юм. Манайх өртэй нь үнэн, зээлтэй нь үнэн. Нууж хаах юм байхгүй. Өр гэвэл “Чалко”-д төлөх, түрүү засгийн газрын үед зээлж авсан 380 сая ам.долларын өрийн үлдэгдэл 130 гаруй сая доллар бий. Графикийн дагуу төлөгдөөд явж байгаа. “Чалко” нүүрсээ үргэлжлүүлээд өрөндөө аваад байна гэвэл манай уурхай дээр одоо бэлэн 2 сая тонн нүүрс байна. Хөрс хуулалтын ажлыг манайх хангалттай хийгээд дууссан. Бид дахиад нүүрсээ ухаад гаргахад бэлэн. Бидэнд итгэл хүлээлгэж, боломж олговол Монголын ард түмэнд хувьцааг нь олгох, бусад өр зээлийг барагдуулах бүрэн боломжтой. “Чалко”-гийн өрийг дарахад нэг их хугацаа орохгүй байх. Хамгийн гол нь төр засгаас дэмжээд, манайд техник тоног төхөөрөмжөөр туслаад өгвөл бүр л хурдан төлөгдөнө.

-“Тавантолгой” урагшлахад хэн саад болоод байна гэж бодож байна вэ?

-Урд нь Хятадын “Шиньхуа”, Австралийн “Пибоди” компаниуд төслөө танилцуулаад, гэрээ хийх гээд бэлэн болчихсон гэж яригдаад байсан юм. Яг гарын үсэг зурах гэж байхад нь санаатайгаар тасалдуулсан байдаг. Тэгээд одоо Хятадын “Шиньхуа”, Японы “Сумитомо” компаниуд консерциум болж орж ирэх гэж байна. Түрүүчийнх нь хувилбар манайд ашигтай байсан болов уу. Энэ удаад дандаа улс төрчдийн олигархи бүлэглэлүүдийн эрх ашиг явж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Батсуурийн талаар юу хэлэх вэ?

-Батсуурь захирлын хувьд манай компаний сайн, муу бүх зүйлийг мэддэг. Шударга ажилласан учраас золиос болж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.