ИЗНН-аас эрх барьж буй намуудын удирдлагуудад ил захидал илгээв

Д.Тулга / Улстөр

iznnУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн орд ашиглах тухай хэлэлцэхтэй холбогдуулан ИЗНН-аас Ардчилсан намын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, МАХН МҮАН-ын “Шударга ёс” эсвлийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарт хандан ил захидал илгээлээ. Түүнд:

“Улсын Их хурлаар Тавантолгойн орд ашиглахтай холбоотой Засгийн газрын саналыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын төсвөөр хайгуул, судалгааг нь хийсэн стратегийн нэн чухал энэ ордыг эргэлтэд оруулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэн бүрт олгохоор амалсан МАН-ын 1.5 сая төгрөг, АН-ын 1 сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэх явцад гаргасан алдаатай шийдвэр, олон улсын гэрээ хэлцлүүд, менежментийн чадварлаг бус байдал зэргээс үүдэн ордын ашиглалт, үр өгөөж хангалтгүй байгаа билээ.

Монголын ард түмнийг олон зуун жил тэжээх арвин нөөц бүхий энэ орд нь манай эдийн засагт учирсан хүндэрлийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Манай Улсад хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөр нь нийгмийн шударга ёс тогтсон нөхцөлд илүү зөв хандлага, үр ашигтай байх нь тодорхой юм. Тэр дундаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын дийлэнх олонхийн итгэлийг өвөрлөн, хамгийн олон мандат авсан улс төрийн намууд улам хариуцлагатай байж, сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх нь шударга ёс тогтож буйн эхний шалгуур байх нь зүйн хэрэг билээ.

Иймд УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Тавантолгойн орд ашиглалттай холбоотой танай намуудын амалсан амлалтыг энэ өдөр сануулах нь зүйтэй гэж үзлээ.

“Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ” гэж Ардчилсан нам, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно” гэж Монгол Ардын нам, “Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд байлгаж, төрийн хамгаалалтад авна. Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” гэж МАХН, МҮАН-ын Шударга ёс Эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Танай намууд сонгуулийн амлалтаа биелүүлэн, хариуцлагатай байж чадна гэдэгт найдаж байна. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.