Л.Эрдэнэчимэг: М.Энхсайхан сайд хариултаа өгчихвөл дүгнэлт гарчихна
УИХ-ын дарга З.Энхболдын үүрэг болгосны дагуу УИХ-аас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг томилсон юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг томилогдсон бөгөөд түүнээс ажлын хэсгийн явцын талаар тодрууллаа.
-Өнөөдөр АН-ын бүлэгт ажын явцын талаар мэдээлэл өгсөн. Ажлын явц хэр явж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Тавантолгойн асуудлыг УИХ-аар оролцуулах эсэх дүгнэлт гаргаж өгөх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт бүх намын төлөөлөл болсон 10 гишүүн орсон. Өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийн зургаан гишүүн хуралдаж дэд хэсэгтээ даалгавар өгсөн. Бямба, ням гарагт дэд хэсэг ажиллаж ямар ч байсан энэ долоо хоногт Засгийн газар Монголын төмөр зам, зам тээврийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хэд хэдэн байгууллагуудаас лавлагаа авахаар албан бичгийг илгээж эхэлсэн байгаа.
-Тавантолгойн гэрээнд "Энержи Ресурс" компанийг оролцуулах эсэх талаар яригдаж эхэлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа?
-"Энержи Ресурс" компани нээлттэй компани учраас интернэтэд бүх мэдээлэл нь байдаг. Та бүхэн өнгөрсөн 2014 оны санхүүгийн тайланг нь интернэтээс олж харах боломжтой. Тэнд бичигдсэнээр тухайн компанийн өнөөдөр энэ төсөлд оруулах гэж байгаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа гэдэг нь бичигдсэн байгаа. Жишээ нь өнөөдөр Тавантолгойн төслийн танилцуулга дотор Өмнөговь аймагт "Энержи Ресурс" компаниас хийгдсэн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар бичсэн байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр мөн уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа. Дээрээс нь 600 сая долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэр 600 сая долларын барьцаанд MMC корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь "Энержи Ресурс" гээд бүх оролцогч компаниудын хувьцаа бүгд байгаа. Тийм учраас бид өнөөдөр Тавантолгойн төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой байгаа ийм өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай байгаа. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, Энержи Ресурс болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн байгаа.
-Энэ ажлын хэсгийг хууль зөрчсөн гэсэн шүүмжлэл бас гарсан?
-Энэ талаар гишүүдийн зүгээс ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Урьд нь ийм ажлын хэсэг гарч байгаагүй гэсэн асуудлыг тавьсан. УИХ-ын даргын өгч байгаа мэдээллээр УИХ-ын дэгийн тухай хуулиар бол бол ийм ажлын хэсэг гаргах бүрэн боломжтой. Хууль зөрчсөн асуудал байхгүй гэсэн.
-Ажлын хэсэг хэзээ санал дүгнэлтээ гаргаж өгөх вэ?
-Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газар болон "Энержи Ресурс" компани М.Энхсайхан сайдын зүгээс хариултаа өгчих юм бол дүгнэлтээ гаргачихна.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл