С.Боргил: Хөдөлмөрийн үндэсний нам хүн дээд үзлийг баримтална

Д.Тулга / Улстөр

hun

"Хөгжил-Хүн Клуб" саяхан их хурлаа хуралдуулж "Хөдөлмөрийн үндэсний нам" буюу ХҮН нэртэй намыг байгуулах шийвэрийг гаргажээ.

Тус нам нь нийт 14 клубын 20 гаруй салбарын мэргэшсэн боловсон хүчнүүдээс бүрджээ. Одоогийн байдлаар 1500 гишүүнтэй бөгөөд дахин 10.000 гаруй гишүүн элсүүлэхээр бэлтгэж байгаа гэж Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил ярив. Тэрээр “21-р зууны улс орнууд өндөр барилга барьж өрсөлдөхөөсөө илүү хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь бүх талаар хөгжсөн ард иргэдтэй улсад хөгжил, бүтээн байгуулалт аяндаа ирдэг. Тиймээс манай нам Монгол үндэстний хөгжлийн “Хүн Дээд” үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлэхээр болсон. Сүүлийн 20 жилд хүний хөгжлийг хаяж ирсэн байна” гэлээ.

Тэрбээр мөн “Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсаа хөгжүүлж чадна” гэсэн юм.

Хөдөлмөрийн үндэсний нам нь зүүний чиглэлийнх байх бөгөөд бие даасан мэргэжлийн институц байхаараа онцлогтой аж.

Тус намын дарга С.Боргилоос намынх нь үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд улс төрийн нам олон байдаг. Энэ олон намаас танай нам юугаараа ялгарах вэ?

-Энэ улс орныг өөрчилье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу улс төрийн нам байгуулж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клуб байгуулаад 9 сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Харин одоо улс төрийн нам болж байна. Улс төрийн намуудын тоо нь олшироод тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаггүйтэй холбоотой. Мөн улс төрийн нам өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлчихсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллаж байна. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Бас боловсон хүчний маш их чадавхитай.

-Намын санхүүжилтын асуудлыг яаж шийдэх вэ?

-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтыг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.

-Улс төрийн хувьд туршлага хуримтлуулсан гишүүд танай намд байгаа юу?

-Заавал улс төрийн туршлага гэхээсээ илүү салбар бүрийн мэргэжлийнхний бодлого хэрэгтэй байна. Манай гишүүд дунд улс төрд танигдсан хүн байхгүй.

- 2016 оны сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?

- Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн явж байгаа тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л явагдаж байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ.

-Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар батлагдаасай гэж хүсч байна?

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж санал, бодлоо дамжуулах хүсэлтэй байна.

-Таны хувьд хаана ажиллаж байсан бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-1998,1999 онд Төсвийн бодлогы газарт хэлтсийн дарга хийж байсан. АНУ-руу Эдийн засгийн ухааны магистрт сурахаар явсан. Одоо докторт сурч байгаа. АНУ-д мэргэжлээрээ үргэлжлүүлэн Арилжааны банкинд 10-аад жил ажилласан. 2013 онд ирээд “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Мөн Засгийн газарт Оюутолгойн асуудлаар санхүүгийн зөвлөх хийдэг.

-Намын эхний үйл ажиллагаа юу байгаа вэ?

-Гишүүдийг өргөжүүлэх, намын дүрэм болон бүтэц зохион байгуулалтыг дахин шинэчлэх, үүнтэй холбоотойгоор иргэдтэй санал солилцоно.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.