260 айлын орон сууцны дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэлээ

Д.Тулга / Нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажлын нэгдүгээр ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулах тухай, Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийн хөрөнгийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Согинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайд Стандарт проперти групп гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Нийт 28,2 га газарт 9842 хүн ам буюу 2590 айлын орон сууц, 960 сургууль, 540 хүүхдийн цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лабортори, жижиг дунд үйлдвэрийн барилга баригдахаар төлөвлөсөн байна. Нийт инженерийн дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын хэмжээ 23,6 тэрбум төгрөг, зураг төслийн ажилд 0,425 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 260 айлын үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажил 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар болсон байна. Тухайн хэсэгт 28 айлын эзэнтэй тохиролцож, газар чөлөөлөлт хийж, түрээсийн орон сууцанд оруулжээ. Харин уг барилгын дэд бүтцийн трасст орсон 17 айлын эзэнтэй тохиролцон түрээсийн байранд оруулсан байна. Барилгын инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нийт 8,3 тэрбум үүнээс 1 дүгээр ээлжинд 4,1 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Төслийн Удирдах Хорооны гишүүд хэлэлцээд эхний ээлжинд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. 2 дугаар ээлжийн барилгын зураг төсөл гарсан бөгөөд 7 дугаар сараас барилгын ажил эхэлж, ирэх оны хавар ашиглалтад оруулна гэж Стандарт проперти группын Гүйцэтгэх захирал С. Сод-Эрдэнэ хэллээ.

ЦӨӨН ҮГЭЭР:

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт орууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийг хийхэд шаардагдах 10,4 сая төгрөгийг шийдвэрлэхээр баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.