Д.Ганхуяг: Гэрээний төслийг Монголын тал боловсруулаагүй болов уу

Д.Тулга / Эдийн засаг

ganhuyag

УИX - ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Таван толгойн асуудлаар улстөрчид хүчтэй талцаж эхэлсэн ч чимээгүй болцгоолоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахгүй юу. Танай ажлын хэсэг хуралдсан гэсэн. Ямар чиглэл гаргав?

-УИХ-д суудалтай, бүлэгтэй намууд Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслүүд дээр ажиллаж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт хуралдлаа. Тэгээд дэд ажлын хэсэгт гэрээний болон гэрээний хавсралтын төслүүдийг хууль, тогтоомж болон энэ ордыг эргэлтэнд оруулахтай холбогдуулж өмнө нь УИХ-аас гарсан шийдвэртэй нийцэж байгаа эсэхийг яаралтай судлах үүргийг өгсөн. Таван толгойн гэрээтэй холбоотой хамгийн сүүлд гарсан шийдвэр гэвэл энэ.

-Гэрээтэй танилцав уу. Юу олж харав?

-Таван толгой Оюутолгойгоосоо ялгаатай нь улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ утгаараа хуульд зааснаар Эрдэнэс Таван толгой хувьцаат компанийн зуун хувийн эзэн нь өнөөгийн байдлаар Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгж, Засгийн газар нийлээд "Монголын тал гэх" юм. Иргэд, аж ахуйн нэгж нийлээд нийт хувьцааны 15 орчим хувийг эзэмшиж байгаа бололтой. Төр хувьцаа эзэмшиж байгаа ордоос хоёр төрлийн орлого авдаг. Эхлээд хуульд заасны дагуу татвар, төлбөр хураамжаа авдаг. Дараа нь татвар төлсний дараахь ашгаас уг компанид эзэмшиж байгаа хувьдаа оногдох ноогдол ашгаа авдаг. Гэтэл гэрээний төслөөр бол 60 жилийн хугацаанд ноогдол ашиг гэж авахгүй, энэ ашгийн оронд жил бүр борлуулалтын орлогын 2.5 хувьтай тэнцэх түрээсийн төлбөр авах бололтой. Монголын Засгийн газар Эрдэнэс Таван толгой компанийн 51 хувийг авч үлдье гэсэн шийдвэрийг АН-ын гүйцэтгэх зөвлөл гаргасан юм. Энэ нь УИХ-аар батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт. Ер нь өнөөгийн УИХ-д суудалтай бүх намуудын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ зорилт орсон байгаа. Тиймээс гишүүд одоо тэр хөтөлбөрөө сөхөөд харчихад илүүдэхгүй байх. Энэ ордын 34 хувийг л хөрөнгийн биржээр худалдахад, өшөө илүү хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл 49 хүртэлх хувийг нь худалдахад, уг ордыг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгож чадна гэж бодож байна. Ер нь манай хувийн хэвшлийн компаниуд Засгийн газар, хувьцаа эзэмшигч иргэдэд үлдсэн энэ ганц орд руу нь дайраад байх нь ихэд зохисгүй юм. Өөр асар олон боломж байгаа шүү дээ. Эрдэнэс Тавантолгой компанид хувь эзэмшье гэж байвал мөнгөө гаргаад худалдаж авах хэрэггэй.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ, жилийн орлого, зарлага анхаарал татаж байгаа?

-Хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглах хугацааны тухайд нарийн судалж амжаагүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь нэг их зузаан юм байна. Ер нь хуулиас давсан, санхүүгийн луйврын шинжтэй ойлгомжгүй заалтыг гэрээнд оруулаад тэрийгээ найдвартай батлахын тулд маш урт гэрээний төсөл хийдэг гэж мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. Ийм гашуун туршлага байгаа учраас л Монгол Улс Хөрөнгө оруулалтын хуульдаа хөрөнгө оруулалтыг нь баталгаажуулж, улмаар уг төслийг хэрэгжих хугацаанд хөрөнгө оруулалт, татварын орчныг тогтвортой байлгахыг батламжилсан гэрчилгээ олгоно гэсэн заалт оруулсан. Ийм эрх зүйн орчин байсаар байтал ойлгомжгүй баахан заалт оруулсан нэг их урт гэрээ байгуулах нь тийм ч сайн биш байхаа.

-“Шинхуа”-гийн төлөөллүүд УИХ-ын гишүүдтэй уулзсан гэсэн. Тэд ямар асуудал дэвшүүлж, юу ярьж байх юм?

-Миний хувьд ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Шинхуа компанийн төлөөлөлтэй уулзаагүй байна.

-Улс төржиж буй хамгийн гол асуудал нь иргэдийн 1072 хувьцаа. Өмнөх гэрээгээр ирэх онд Эрдэнэс Тавантолгой IPО хийх ёстой. Тэгвэл шинэ гэрээнд юу гэж заасан байна?

-Тийм. Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани нь шинээр хувьцаа гаргах талаар энэ гэрээний төслөөс заалт эрээд олохгүй байна. Энэ засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэхдээ хэрэгжээд явж байгаа энэ ордыг эргэлтэд оруулахтай холбогдсон УИХ-ын 40, 39-р тогтоолын дагуу ажиллаагүй байж магадгүй байна. 39-р дүгээр тогтоолд бол IРО хийх талаар тодорхой заасан байгаа. Шинэчлэлийн Засгийн газар Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн үнэлгээг нэмэгдүүлэхэд хэд хэдэн чухал ажлыг хийсэн. Тавантолгойн орд дээр цахилгаан станц барих, ордоос Гашуун сухайт хүртэл баригдах төмөр замын эхний санхүүжилтийг бондын хөрөнгөөс хийсэн. Мөн дээр ярьсан БНХАУ-тай төмөр замын тээврийн тарифийн урт хугацааны хэлэлцээрийг хийсэн. Ингээд эхний шатны шалгаруулалт нь дууссан байсан. Хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ноогдол ашиг авах нь тодорхой болсноор иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааны үнэ ханш өснө.

-Таван толгойн гэрээг хэлэлцэх асуудал УИХ дээр хэр удах бол. Хуульд заасан хугацаа байдаг юм болов уу. Уг нь Засгийн газраас яаралтай хэлэлцүүлж, чиглэл авахаар өргөн барьсан биз дээ.

-Ажлын хэсэг аль болох хугацаа алдахгүйд анхаарч ажиллах учиртай. УИХ өмнө гаргасан 39, 40 дүгээр тогтоолын дагуу хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хийгдсэн байна уу үгүй юу гэдгийг хянах учиртай юм. Иймээс гэрээний төсөлд УИХ гэхээсээ илүүтэйгээр Засгийн газрын өргөн барьсан төсөл учраас улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцэж байгаагаас ихэд хамаарна.

-Ер нь Засгийн газарт хамтрагч бүү хэл нэг эвсэл болж орж ирсэн МАХН нь М.Энхсайхан сайдынхаа боловсруулсан төслийг дэмжихгүй гэж байна. Тэгэхээр энэ гэрээг УИХ хэлэлцээд санал нэгтэйгээр явуулж, Засгийн газарт үүрэг өгч чадах юм уу?

-Гэрээний төслийг Монголын тал боловсруулаагүй болов уу даа. Гэрээний төсөл дээр ямар сайд ажилласнаас нь бус УИХ-аас энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулж гаргасан шийдвэрт гэрээний төслийн зорилго нийцсэн байх нь чухал юм.

-Эцэст нь асуухад АН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр МАН-ынхныг засгаас гарвал гараарай гэх болж. Бүлгийн дарга чинь ийм үг хэлсэн. Засагт хамтрагч намууд сонгууль хүртэл хамт ажиллаж чадахгүй байна уу?

-УИХ дээр янз янзын маргаан болдог. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь хамтарсан бол бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажиллах нь олон түмэн, улсын эрх ашигт илүү нийцтэй.

-УИХ-д байгаа бүх намууд хамтраад бүтээнэ, хямралаас гаргана гээд таны ажиллаж байсан Засгийн газрыг унагасан. Гэтэл үл ойлголцол, хэрүүл, тэмцэл нь улам ихэссэн юм биш үү?

-Эвслийн Засгийн газар байгуулагдсанаас хойш УИХ-ын ажлын үр дүн илт сайжирсан. Энэ засгийн газар шинэчлэлийн Засгийн газрын үргэлжлэл. Шалтгаан нь үйл ажиллагааны хөтөлбөр хийх ажил нь адилхан байгаа. Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш боломжоороо л зүтгэж байх шиг байна. Цаашид цаг хугацаа бүхнийг харуулаад өгнө.

Л.МӨНХӨӨ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.