Хөлийн хугарал нь уушгинд нөлөөлснөөр үхэлд хүргэсэн гэх дүгнэлт гаргажээ

Д.Тулга / Эрүүл мэнд

gemtel

Цоо эрүүл байсан үр хүүхэд нь нэг л өдөр тэнгэрийн орон руу одно гэдэг эцэг эх болж төрсөн хэн бүхэнд тохиох хамгийн том уй гашуу. Үерийн далан дээрээс унаж хөлөө хугалсан хүү нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлж байгаад сувилагчийн буруугаас болж амь насаа алдсан талаар манай сайтад хандсан эцэг эхийн гомдлыг та бүхэнд хүргэж байна.Бид хэн нэгний буруу зөвийг тунгаах гэсэнгүй. Гагцхүү энэхүү хэргийн үнэн мөн нь юу болох, талийгаач хүүгийн эцэг эх юуны учир хэвлэлд хандах болсон шалтгааныг дор сийрүүлье.

2014 оны аравдугаар сарын 13-ний өдөр Т гэх залуу үерийн далан дээрээс унаж хөлөө хугалсан бөгөөд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж эмчлүүлж байгаад 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр нас барсан байна. Харин нас барахын өмнөх өдөр буюу 21-нд 13:30 минутын орчимд хагалгаанд орж цаг орчим болоод гарч иржээ. Хагалгаанаас гарч ирсний дараа биеийн байдал нь хэвийн байсан бөгөөд хоол цай идэнгээ сахиж байсан аавтайгаа юм яриад, инээж хөхрөөд сууж байсан залууд сувилагч М орж ирж хорин граммын шифризтэй хоёр тариа хийсэн байна. Ингэхдээ “Цай хоолоо дараа бол” хэмээн уурлаад эхний тариагаа баруун гарын бугалганы судас руу хийсэн байна.

Харин тариа дуусах үед талийгаач Т-ийн бие нь эвгүйрхэж, толгой нь эргэж эхэлсэн тул энэ тухайгаа сувилагчид хэлж. Гэтэл сувилагч “Чи битгий худлаа яриад бай. Тоглоод байгаа юм уу хаашаа юм” гэж хэлэн хоёр дахь тариаг өмнөх тарианы зүүг сугалалгүй үргэлжлүүлэн хийсэн гэх бөгөөд хоёр дахь тариа нь хагастаа ч ороогүй байхад Т таталт өгч ухаан алдсан байна. Улмаар ухаан оролгүй сэхээнд орж, маргааш орой нь буюу 22-ны орой нас баржээ.

Ийнхүү хөл нь хугарснаас өөр ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл саруул 23-хан настай хүүгээ харамсалтайгаар алдсан эцэг эх энэ болсон явдалд сувилагч М-ийг буруутган Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байна. Гэтэл тус цагдаагийн хэлтэсийн мөрдөн байцаагч энэ хэргийг мөрдөн шалгаад, хэрэгсэхгүй болгох санал гарган 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хэргийг нь Дүүргийн хоёрдугаар прокурорын газарт шилжүүлсэн байна. Гэтэл Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас мөн л хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байгаа юм. Бид энэ хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхний өмгөөлөгч М.Хандармаагаас цөөн асуултад хариулт авсан юм.


М.ХАНДАРМАА: ХӨЛНИЙ ХУГАРАЛ УУШГИНД НӨЛӨӨЛСӨН ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

-Та бүхэн сувилагчийг буруутай гэж үзэж байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ?

-Шүүх эмнэлгийн шинжээч Н.Батзаяагийн 2014 оны 11-р сарын 21-ний өдрийн номер 1987 тоот дүгнэлтээр талийгаачийг антибиотикт мэдрэгжсэн байснаас анафилаксийн шоконд орж, шокийн улмаас тархи, уушиг хавагнаж нас барсан гэх дүгнэлт гаргасан бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, Д.Долгормаа, О.Болороо нарын 2015 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн номер 255-д “...Талийгаач нь баруун дунд чөмөгний далд хугарлын улмаас уушги өөхөн бөглөөдсөөр хүндэрч нас баржээ гэх үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Хөл хугарсан нь уушгинд нөлөөлсөн гэх энэ дүгнэлт үнэхээр эргэлзээтэй. Түүнчлэн тухайн үед талийгаачийн амийг аврах боломжтой байсан эсэх, учирч болох эрсдлийг хагалгаа хийсэн эмч, сувилагч урьдчилан тооцоолох боломжтой байсан эсэх, хөлний хугарал нь ямар байдлаар уушгинд нөлөөлсөн зэрэг зүйлүүдийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй.

-Тухайн сувилагчид Эрүүгийн хуулийн хэддүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Талийгаач Т эмнэлгийн байгууллагын ажилтны буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан байтал цагдаагийн байгууллага уг хэргийг шалгахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаныг хууль бус үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ зүйл нь бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн заалт байна. Гэтэл талийгаач амиа хорлоогүй шүү дээ. Эмч, эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж амиа алдсан. Хуулиараа бол Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Эрүүгийн хуулийн 106.2-т “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

-Сувилагч нь юу гэж мэдүүлэг өгсөн байдаг юм бэ?

-Сувилагч М хоёр ширхэг хорин граммийн шифризтэй тариа судсаар нь хийсэн мөртлөө хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “Уян зүүгээр дусал хийсэн. Мөн булчинд нь тариа хийсэн” гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаа “Ээлжийн сувилагч өвчний түүхэд эмчлэгч эмчийн бичсэн эмийн эмчилгээг ажил үүргийн хуваарийн дагуу талийгаач Т-д хийсэн байна. Ээлжийн сувилагч нь Монгол Улсын стандарт эрүүл мэндийн технологи-эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MM34621:2008 стандартын холбогдох заалтуудыг баримталж ажилласан байна” гэх хууль бус дүгнэлт гаргасан. Сувилагч хүн хүний бие эвгүйцээд байна гэж байхад хүчээр тэр тариаг хийх эрх байхгүй. Эхлээд сорил хийж үзсэний дараа таарахаар бол тариаг хийх ёстой байдаг юм билээ.

-Та бүхний гомдлыг дүүргийн прокуророос хэрэгсэхгүй болгочихсон юм байна. Одоо яах вэ?

-Бид бууж өгөхгүй. Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргана. Сувилагчийн буруугаас болж амиа алдсан 23-хан настай залууг өөрөө амиа хорлосон болгож, сувилагч М-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад аав ээж, хань, үр хүүхэд нь үнэхээр гомдолтой байгаа.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.