“Моннис”-ын Б.Чулуунбаатар бусдын хөрөнгөд ЭЗЭН СУУСАН УУ?!

Д.Тулга / Нийгэм

monnis

-“АНГАР”-ЫН БАРИЛГЫГ “А ЖЕТ ЛИМИТЭД”-Д ТҮРЭЭСЛЭЭЧ ГЭСЭН САНАЛ ТАВЬЖЭЭ-

“Моннис” группийн захирал ноён Б.Чулуунбаатарын нэр холбогдсон цагдаа шүүхийн асуудал дуусахгүй нь бололтой. Тэрээр “Эйр сервис нью” ХХК-ийн эд хөрөнгийг булаасан мэдээлэл байна. “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь тус компанийн захирал Д.Туул нь 300.000 ам.доллар залилж авсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Иргэн Д.Туулыг Монгол Улсын эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт хамааруулан шалгуулсан ч прокурорын байгууллага хоёр удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч Б.Чулуунбаатар хөөцөлдсөөр энэ хэргийг сэргээлгээд буй ажээ.

“Эйр сервис нью” компанийн захирал Д.Баттулга МИАТ ХК-д олон жил нисгэгчээр ажиллаж байгаад “Монмет Эйр Сервис” компани байгуулсан байна. Улмаар хоёр онгоц худалдан авч, агаараас зураг авах ажил эрхэлж, 2002 оноос “Ангар” (онгоцны гараж) хэмээх барилга барьж эхэлсэн аж. Тус барилгыг 2007 онд улсын комисс хүлээн авчээ. Захирал Д.Баттулга барилгын ажил ид өрнөж байх үед гэнэт нас барж, түүний эхнэр Д.Туул захирлын ажлыг өвлөн үлджээ. Тэрээр нөхрийнхөө эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн чадлаараа ажиллаж байсан аж. Тодруулбал, тус компани байгуулагдсан цагаасаа аэрофотогеодези, агаарын зураглалын үйлдвэрлэлд хамгийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхээр зориглон ажиллаж, стереофотограмметрийн аргаар төрөл бүрийн байр зүйн болон кадастрын зураг хийдэг аэрофотогеодези, газрын зураглалын тэргүүлэх компани байжээ.

“Монмет Эйр Сервис” үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Иргэний агаарын тээврийн агаарын хөлгүүдэд “Ангар”-ын техник үйлчилгээ үзүүлэх бизнес рүү орохоор шийдэн “Эйр сервис нью” ХХК нэртэйгээр тусдаа гарч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус компани “Ангар”-ын байгууламж барих ажлын ард олон жилийн зүтгэлээр гарчээ. Ийн олон улсын стандартын томоохон байгууламж бэлэн болж, гадаадын ба дотоодын компаниудад үйлчилж эхэлсэн байна. Яг энэ үед улсын үйлдвэрийн нэгэн том захирал “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” компанид түрээслээч гэсэн санал тавьжээ. Тэрээр “Эйр сервис нью” ХХК-ийн захирал Д.Туулын садангийн хүн бололтой.


-“МОННИС”, “А ЖЕТ ЛИМИТЕД” КОМПАНИУДЫН НЭР ОГТ ДУУЛДАЖ БАЙГААГҮЙ АЖ-

Харамсалтай нь хэрэг явдал санаанд оромгүйгээр эргэж, өнөөдрийн байдлаар сайхь эрийн санал болгож авчирсан “А жет лимитед” анхнаасаа “Ангар”-ын байгууламжийг барьсан болчихжээ.

Мөрдөн байцаагч Д.Туулыг байцаахдаа “А жет лимитед” компанийн барьсан “Ангар”-ын барилгыг та хууль бус баримт бүрдүүлж дээрэмдэн авсан гэж тулгасан байна. Гэтэл “Эйр сервис Нью” компанийн захиалгаар “Ангар”-ын барилгын ажлыг гүйцэтгэснийг нь гэрчлэх олон гэрч байдаг аж. Тэдний өгүүлж буйгаар “Ангар”-ын байгууламжийг барих ажлыг тус компани 2002-2007 оны хооронд бүрэн гүйцэтгэжээ. Д.Баттулга захирал нь барилга бараг дуусах шатандаа орсон үед нас барсан аж. Байгууламж баригдах хугацаанд “Моннис”, “А жет лимитед” зэрэг компаниудын нэр огт дуулдаж байгаагүй юм байна. Улсын архивт “Ангар”-ын барилгыг “Эйр сервис нью” компани гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн баримт байдаг ажээ.

Гэтэл “Моннис”-ын Б.Чулуунбаатар нар улсын комисст хүлээж авах үеийн актад гарын үсэг зурсан зарим хүмүүсийн гарын үсэг асуудалтай байна гэсэн шинэ хувилбар гаргаж иржээ. “Эйр сервис нью” компанид “Ангар” барих эрх олгосон газрын зөвшөөрөл, хамтран ажиллаж байсан “Стройнвест” ХХК, “Кэарол” ХХК, Хан-Уул дүүргийн засаг даргаас 15 жилийн хугацаагаар газар олгосон гэрчилгээ гээд олон баримтуудаас үзэхэд “А жет лимитед” энэ асуудалд ямар ч холбоогүй болохыг гэрчилдэг байна.


-800 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЯМАР Ч БАРИМТГҮЙ ЗЭЭЛСЭН ГЭЖЭЭ-

“Ангар”-ын барилгыг “Эйр Сервис Нью” компани өөрийн хөрөнгөөр барьжээ. Гэтэл “А жет лимитед” компанид түрээслээч гэж ирсэн этгээд Д.Туулын талийгаач нөхөрт их хэмжээний мөнгө зээлж байсан болоод явчихсан байна. Гэхдээ 800 орчим сая ам.долларыг ямар ч баримтгүйгээр зээлсэн хэмээн гүрийж эхэлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс харахад, тэрээр сонгуульд нэр дэвшихийн тулд хөрөнгө мөнгө олох зорилгоор Д.Баттулгыг нас барсныг далимдуулан холын хамаатан бүсгүйнхээ хөрөнгийг бусдад худалдах хууль бус ажиллагаа явуулсан бололтой. Цагдаагийнхан энэ хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хангалтгүй ажилласан мэдээлэл байна.

Зуучлагч этгээд “Ангар”-ын барилга босоход ойролцоогоор 1 сая орчим ам.доллар орно гэж талийгаач Д.Баттулгыг өөрт нь хэлсэн гэж мэдүүлдэг байна. Ямар ч гэрээ, бичиг баримт үйлдэхгүйгээр хүнд 1 сая орчим ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэж хэлүүт гаргаад өгчихдөг улсын үйлдвэрийн захирал байна гэдэг гайхмаар санагдах.

Тэрээр мэдүүлэхдээ “2005 оны зун Д.Баттулга зүрхний өвчнөөр нас барсан учраас “Ангар”-ын ажил зогссон” гэжээ. Гэвч Д.Баттулга захирал 2005 онд нас бараагүй байсан аж. “Ангар”-аа “А жет лимитед” ХХК-д түрээслэхийг зөвшөөрөх үед барилгын гүйцэтгэл бүрэн дууссан байжээ. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон фото зургаар нотлогддог аж. “А жет лимитед” компани нь “Ангар”-ыг түрээсэлчихээд түрээсийн мөнгөө төлөхдөө байнга луу унжиж байжээ. Энэ явцдаа дансаар увуулж цувуулан 97.500.000 төгрөг шилжүүлэн авсн Д.Туул мэдүүлжээ.

Зуучлагч этгээд “Би “А жет лимитед” ХХК-д “Ангар”-ын барилгыг 2007 оны 7 дугаар сарын орчимд зарсан санагдаж байна. Би тэр үед улсын үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ба МАХН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж гарч ирсэн. Сонгуулийн сурталчилгаанд мөнгө хэрэг болсон учраас би “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” ХХК-д зарахаар болсон. Дээр нь олон жил мөнгө түгжигдсэн байсан. Дүү нарт мөнгийг буцаан өгөх хэрэгтэй байсан учраас уг “Ангар”-ын барилгыг зарсан юм.

Мөнгийг “А жет лимитед” ХХК-иас цувуулан авч байсан. “А жет лимитед” ХХК-иас авсан 1.5 сая ам.доллароос ойролцоогоор 600-700 мянган ам.долларыг дүү нартаа буцаан өгсөн. Харин үлдсэн мөнгийг 2008 он өнгөрөөд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулсан юм гэх мэтээр мэдүүлсэн байдаг аж.


-“АНГАР”-ТАА “АЭРОМОНГОЛИЯ” ХХК-ИЙГ ОРУУЛЧИХ-

Д.Туулд “Ангар” нь “А жет лимитед” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхэд өгчээ. Түүний дараа зуучлагч этгээд Д.Туултай уулзсан байна. Би “А жет лимитед” ХХК-иас мөнгө авсан. Чамд мөнгө өгнө. Харин чи шүүхээс нэхэмжлэлээ татаад аваач гэж ятгажээ. Удалгүй зуучлагч этгээд “А жет лимитед” ХХК-ийн захирал Л.Нямбаярын хамт ирж уулзаад шүүхээс нэхэмжлэлээ татаж авахыг гуйсан. Хариуд нь Д.Туул манай “Ангар”-ыг ашигласан төлбөрөө төлөх шаардлагатай. Танайх манайд үл хөдлөх хөрөнгийн татвар болох 25 сая орчим төгрөгийг надад өгөх хэрэгтэй. Та энэ компаниас мөнгө авсан бол миний түрээсийн мөнгийг өг гэж хэлжээ. Ингээд “А жет лимитед” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн татварыг нь төлүүлэхээр болж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авсан байна.

Дараа нь “А жет лимитед” ХХК-ийг “Ангар”-аа суллаж өгөхийг шаардсанд тус компанийн захирал Л.Нямбаяр манай компани танай “Ангар”-т 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зуучлагчид өгсөн 1.5 сая ам.доллараа буцаан авмаар байна. Чи манай компанид тэр мөнгийг өгөөд “Ангар”-аа ав, үгүй бол бичиг баримтаа шилжүүлэн өг гэсэн шаардлага тавьжээ. Удтал маргалдсаны эцэст зуучлагч этгээд “Би А жет лимитед ХХК-тай учраа ололцохоор болсон. Чамд өгөх ёстой мөнгөнөөсөө өгье. Харин чи “Ангар”-таа Аэромонголия ХХК-ийг оруулаач. Би чамд 300.000 ам.доллар эхний ээлжинд өгье" гэсэн санал тавьжээ.

Ингээд “А жет лимитед” ХХК болон “Моннис” групп хоорондоо тооцоо нийлж хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээг 2012 оны 01 сарын 14 өдөр байгуулж, 300,000 ам.долларыг Д.Туулд харин 2.2 тэрбум төгрөгийг “А жет лимитед” ХХК авахаар гэрээ байгуулжээ. Дээрх 2.2 тэрбумыг авахаар “Моннис” ХХК-тай гэрээ хийсэн аж.


-ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОВ-

Яллах дүгнэлтэд “А жет лимитед” ХХК, “Моннис интернэшнл” ХХК-иудыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж “А жет лимитед” ХХК-д 3.038.073.400 төгрөгийн, “Моннис интернэшнл” ХХК-д 402.000.000 төгрөгийн, нийт 3.440.073.400 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

Хэрэгт цугларсан мэдүүлгийн баримтаар “Эйр сервис нью” ХХК-ийн захирал Д.Туул “А жет лимитед” ХХК-иас 1.4 сая ам долларыг аваагүй, зуучлагч этгээд авсан байдаг аж. Д.Туул ийнхүү онц хүнд гэмт хэрэгтэн болж хувирчээ. Д.Туул нь тэдэнд яаж их хэмжээний учруулсан талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй аж.

Энэ хэрэгт “Моннис”-ын Б.Чулуунбаатар орж ирснээр хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй болжээ. 300.000 ам.доллар залилсан гэх “Моннис"-ын Б.Чулуунбаатарын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа уг 300 000 ам.долларыг яаж залилсан талаар Б.Чулуунбаатараас тодруулан мэдүүлэг аваагүй юм байна.

Д.Туулын хувьд “Моннис” Б.Чулуунбаатараас авсан гэх 300.000 ам.доллар бол байр ашиглуулсны төлбөрт, түрээстэй холбоотой хуралдсан өр ширээс үүдэн арай гэж олж авсан мөнгө аж. Эх сурвалж хэлэхдээ, Д.Туул “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатарын “захиалга”-аар энэ хэргийн сэжигтэн болж хувирчээ. Харин Б.Чулуунбаатар эд хөрөнгөө шамшигдуулсан хохирогч болсон. Түүгээр ч зогсохгүй “Түүнийг хорь, шоронд суулга” гэж тушаагаад, мөрдөн байцаагч, прокурорынхныг дохиогоороо залаад байгаа сурагтай.

Зарим эх сурвалжийг Нийтлэлч Б.Ганчимэгийн ЛУЙВАР 2 материалаас ашиглав.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.