Л.Эрдэнэчимэг гишүүний өрөөгөөр зочилъё

Д.Тулга / Улстөр

“Гишүүдийн өрөөгөө зочилъё” буландаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг урьж оролцууллаа. Төрийн ордны дөрөвдүгээр давхарын 405 тоот өрөөнд бид товлосон цагтаа уулзав. Учир нь УИХ-ын чуулганы хуралдаантай өдөр таарсан учраас дундуур нь зав гаргасан нь тэр байлаа. Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм. Тиймдээ ч ойрын үед ачаалал ихтэй байгаагаа дуулгав.

Төрийн ордны өрөө хүрэлцээ муу учраас бие төлөөлөгчтэйгээ хамт нэг өрөөнд, хоёр туслах нь хажуу өрөөнд нь суудаг аж. Тиймдээ ч өрөөндөө олон зүйл байлгах дургүй гэв. Ажлын ширээнийхээ ард Монгол Улсын төрийн далбаагаа байрлуулж, арын хананд нь хэд, хэдэн зураг өлгөжээ.


-ХИЛЛАРИ КЛИНТОН БИДЭНД БАЯР ХҮРГЭСЭН-

Нобелийн энхтайвны шагналт, улс төрийн зүтгэлтэн Ан Сан Су Чи-г Монголд айлчлах үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд дурсгалын зураг татуулжээ. 2013 онд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал манай улсад зохион байгуулагдаж, Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн Ан Сан Су Чи Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан юм. Тэр үеийн зургуудыг ханандаа өлгөсөн байлаа.

2012 оны долдугаар сарын 7-ноос 9-ны хооронд Олон Улсын эмэгтэйчүүдийн форумд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ирсэн. Тухайн үед тэрээр УИХ-ын гишүүн болоод хэдхэн хонож байснаа дурслаа. “Бид гишүүнийхээ үнэмлэхийг ч аваагүй байсан. Хиллари Клинтон “Энэ удаагийн Их хуралд хамгийн олон эмэгтэй төлөөлөл сонгогдсон байна” гээд бидэнд баяр хүргэж байсан гэлээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа тангараг өргөх үеийн зураг болон УИХ дахь АН-ын бүлгээс Л.Эрдэнэчимэг хэмээн галлиграфаар бичсэн дурсгалын үгийг ханандаа өлгөжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой авахуулсан зургаа ширээн дээрээ тавьсан байв. Нөгөө хананд нь Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч нарын тангараг өргөж байсан үеийн зургийг байршуулжээ.


-БОЛГАР МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГААР АЖИЛДАГ-

Долоо болон 14 хоногт хийх ажлын төлөвлөгөөгөө самбарт бичжээ. Болгарын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Болгар, Монголын парламентын даргаар ажилладаг. Тэрээр “Би Болгарт сургууль төгссөн. Тийм учраас Болгарын Ерөнхийлөгчийн айлчлалд их үүрэгтэй оролцох ёстой” гэлээ.

Мөн мод тарих өдрөөр УИХ-ын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарьсан. Үүнийгээ өдрийн төлөвлөгөөн дээрээ бичсэн байв.


-ХАТДЫН УРАН ЗУРАГ ЦУГЛУУЛАХ ДУРТАЙ-

Түүний өрөөнд өлгөсөн уран зургийн талаар сонирхоход “Мөнхбаясгалан зураачийн Хатдын зураг байгаа юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс эмэгтэй уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг хичээдэг. Гуравдугаар сарын 8-нд эмэгтэй уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байсан. Үзэсгэлэнгийн хамгийн гол зургуудийн нэг” гэлээ. Тэрээр хатдын уран зураг цуглуулах дуртайгаа хэлэв.

Мөн Н.Батбаяр гишүүний бэлэглэсэн “Монгол төрийн их хаадын өргөө” зургийг ханандаа өлгөжээ.


-ЗАМЫН ТҮГЖРЭЛ, МАШИНЫ ЗОГСООЛООС БОЛООД АЖИЛДАА ЭРТ ИРДЭГ-

Түүний үндсэн хоббины нэг нь цэцэг тарих. Өрөөндөө хэд, хэдэн цэцэг тарьж ургуулжээ. Харин гэрээр нь дүүрэн цэцэг байгаа тухай хэлж байлаа. “Цэцэг бол хүчилтөрөгч ялгаруулдаг, ялангуяа жижигхэн өрөөнд суудаг учраас ургамал, цэцэг их байх нь сайн” гэв.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ажлын нэг өглөө хэрхэн эхэлдэгийг сонирхоход “Өглөө 7:30 цагийн үед ажилдаа ирдэг. Хурлаар хэлэлцэх асуудлуудаа уншиж, танилцдаг. 7:30-аас өмнө гарахаар 10 минут яваад ажилдаа ирдэг. Хэрвээ энэ цагаас хоцроод гарчихвал 30 минутыг замын түгжрэлд өнгөрүүлдэг. Тиймээс эрт гарчихсан нь дээр байдаг. Нөгөө талаараа эрт ирэх нь ашигтай. Яагаад гэвэл Төрийн ордны машины зогсоол ачаалал ихтэй байдаг учраас эрт ирээд машинаа тавьчихдаг. Өөрөө машинаа барьдаг учраас машины зогсоол, замын түгжрэлээс болоод эрт ирдэг” гэлээ.


-ВИТАМИН, ЭМ УУХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ-

Л.Эрдэнэчимэг гишүүн “Долоо хоногт хоёр удаа жимд явдаг. Хагас сайн өдөр “Нийслэл” фитнесс, аэробект явдаг. Бүтэн сайн өдөр хүүхдүүдтэйгээ хамт бассейнд ордог. Заримдаа уул руу алхдаг. Бүтэн сайн өдөр аль болох хүүхдүүдтэйгээ хамт спортоор хичээллэдэг” гэлээ. Хавар, намартаа чуулганы хугацаанд Сонгинохайрхан дүүрэг дээр сарын хугацаанд иргэдтэй уулзалт хийхээр ачаалал ихтэй байдаг. Тэр үед спортоор хичээллэх зав гардаггүй гэж байлаа.

Тэрээр намайг эмийн салбарт байдаг болохоор эм уу, витамин уу гэж зөвлөдөг байх гэж боддог. Ямар витамин сайн бэ гэж хүмүүс их асуудаг. Тэр талаас нь их хардаг. Би хүмүүст нэг л зөвлөгөө өгдөг. Хүн гэдэг өөрөө бүхэл бүтэн үйлдвэр. Тэр үйлдвэрийг өөрөө сайн ажиллуулдаг байх хэрэгтэй. Гаднаас нь ямар нэгэн витамин өгөөд байхаар биед үүсэхээ больчихдог. Тийм учраас аль болохоор витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, аминдэм хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй” гэлээ. “Би аль болохоор химийн гаралтай эм хэрэглэхгүй байхыг хичээдэг. Хүнс хоолыг балансжуулж идэх нь чухал. Эрүүл хооллолтоос бие организм өөрийгөө бүтээж чаддаг. Дээрээс нь хөдөлгөөн чухал. Хүний урт наслахын үндэс бол зөв хооллолт, хөдөлгөөн хоёр. Мөн сэтгэл санааны байдал. Энэ гурав дээрээ анхаарал тавих ёстой. Түүнээс биш биеэ чагнаад тийм юм нь өвдөж байна гээд байвал өвдөөд л байна гэсэн үг. Би эрүүл хооллолт, хөдөлгөөн хоёртоо их анхаардаг” хэмээв.


-ХҮН ЧУЛУУДЫН ТАЛААР НОМ ГАРГАНА-

Тэрээр Монголын нутаг дэвсгэр дээрх хүн чулуудыг судлах сонирхолтой аж. Хүн чулуудын байршлыг тогтоогоод тухайн газарт нь очиж, түүхийг нь судлаад ном гаргахаар сүүлийн дөрөв, таван жил бэлдэж байгаа гэлээ. Одоогоор 300 гаруй хүн чулууны цуглуулга хийжээ. Энэ зун Баян-Өлгий аймагт 10 гаруй хоног хүн чулууны судалгаагаар явахаар төлөвлөсөн байна. Тус аймагт Хүннүгийн үеийн 200 гаруй хүн чулуу байгааг тогтоожээ.

Мөн Зүүн аймгуудаар нэлээд хүн чулуу байдаг аж. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн чулуу хаа сайгүй байдаг учраас маш хол зам туулж очдог. Нэг чулуунаас, нөгөө чулуу руу очиход 200, 300 км. Зүүн захаас баруун хязгаар ороход 3000 км зам туулж байж чулуунууд дээрээ очдог учраас ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зардаг хобби юм даа” хэмээн ярилаа.

Номоо хэзээ уншигчдын гар дээр тавих вэ гэхэд “Зав гарахгүй л байна. Ерөнхийдөө материалаа цуглуулж байна. Бүхий л хүн чулууг багтаасан хэлбэрээр хийх гэж оролдож байгаа учраас 2016 оны сонгууль дууссаны дараа номоо гаргах санаатай байна. Хойд, өмнө зүг хилийн дагуух, Өвөрмонголын нутагт хүн чулууд байдаг. Тэгээд номынхоо хоёрдугаар хэсэгт дэлхийн хүн чулуудыг оруулъя гэж бодоод байгаа. Хойд Америкт нэлээд хүн чулуу байдаг. Чежү арал, Истор аралд маш эртний хүн чулуудтай том арал байдаг. Хэзээ ч дуусашгүй том түүхийн судалгаа хийж байгаа” гэлээ. Тэрээр долоо, найман жилийн өмнөөс эхэлж судалжээ.

Сүүлийн үед хүн чулууд хулгайд их алдагддаг болсон аж. Гадаадын археологичид хулгайлах, манайхан доод талын хиргэсүүрийг нь их ухдаг болжээ. Тиймээс нутгийн иргэдтэй холбогдож хүн чулуудын байршлыг хайж олох, хамгаалах гээд их ажил байгааг хэлж байлаа.

Ж.ГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.