Д.Баярцэнгэл: Монголын ард түмэн охинд минь амьдрал бэлэглэлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Хэдхэн сарын өмнө Монголд байтугай дэлхийд ховор өвчнөөр өвдсөн Б.Хулан охинд туслах хандивын аяныг “Залуусын давалгаа” ТББ санаачлан, олон нийтэд уриалж байсан билээ. Харин охин 100 хувь эрүүл болоод ирсэн байна.

Хулан охины ээж Д.Баярцэнгэл хоёр настай хүүхдээ нуруундаа үүрээд, есөн сартай хүүхдээ урдаа тэврээд, найман настай том охиноо нэг гартаа хөтлөөд, Бэлхийн тоосгоны үйлдвэрээс Сансарын 97-р сургууль хүртэл хүргэж өгдөг байжээ.

Нялх биетэй учраас ажил хийх боломжгүй тул ОХУ-д очиж эмчлүүлэх 30 сая төгрөгийг тус ТББ-ын залуус дөрвөн сарын хугацаанд Монголын ард түмний хандиваар босгон, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Хулан охиныг эмчилгээнд явуулсан юм. Охины ээж Д.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-Охиныг чинь 100 хувь эрүүл болсон гэсэн мэдээлэл аваад ирлээ?

-Охин маань одоо 100 хувь эрүүл болсон. Саяхан хагалгаанд ороод, дархлаа муу байгаа болохоор Монголд ирээд жаахан ханиад хүрчихсэн халуураад байгаа. Бусдаар бол охины минь бие маш сайн байна. Сэрүүн орноос сэрүүн оронд ирсэн болохоор реакц өгөөгүй их сайн байгаа.

-Хоёулаа энэ бүхэн хэзээ хэрхэн эхэлсэн, эдгээр залуустай яаж танилцсан талаар ярилцъя?

-Түүн шиг сайхан гайхамшиг гэж юу байхав. Эгч нь энэ бүх түүх, туслалцаа, бүх хүний сэтгэлийн талаар хэзээд ярина, бахархаад барахгүй нь. Өнгөрсөн хугацаа адал явдлаар дүүрэн байлаа. Он гарахын өмнө би Монголын үндэсний телевизийн “Дөрвөн урилга” нэртэй нэвтрүүлгийг үзээд сууж байхдаа “Залуусын давалгаа” ТББ-ын санаачлагч Нямдоржийг хүүхдэд тусласан тухайгаа ярьж суухад нь анх харсан юм. Ингээд л бүх зүйл эхэлсэн. Би Нямдоржийн утасны дугаарыг олж авах гэж маш их хичээсэн. Тэр өдөр би яг 100 төгрөгтэй байж билээ. Хүмүүс рүү дохиод л, 200, 300 төгрөг ч хамаагүй хүмүүсээс гуйгаад л, нилээд хөөцөлдөж байж Нямдоржийн дугаарыг олж авсан.

-Өмнө нь та өөр хүмүүст хандаж байв уу?

-Олон хүнд “Миний охинд туслаач” гэж хандаж байсан ч тэд надад маш сайхан юм ярьдаг ч эргэж залгадаггүй, утсыг минь авалгүй алга болчихдог байсан. Энэ удаа яаж ийгээд энэ хүнтэй “зууралдаж” байгаад уулзана гэж өөртөө амласан. Нямдорж над руу эргэж залгана гэсэн боловч оны дараа бас л залгалгүй удаад, би өдөр болгон хариу өгөөч гэж гуйгаад л, одоо бодоход ажлыг нь хийлгэхгүй хэцүү байсан болов уу? Ашгүй нэг өдөр миний утас дуугарч “Бид танд туслахаар боллоо” гэдэг хариу өгсөн. Тэр үед баярлаж байснаа үгээр илэрхийлэх аргагүй юм. Энэ залуус миний болон охины минь амьдралыг аварсан.

-Их ховор өвчин гэж сонссон? Яагаад Монголд эмчлэх боломжгүй байсан юм бол?

-Миний охин ховдол хоорондын гурван цоорхой, хавхлаг нь бараг хөгжөөгүй, илүү судас хөгжчихсөн, хоёрдугаар зэргийн цус багадалттай гэсэн оноштой. Дусал хийхээр л судас нь хагарчихдаг. Болормаа эмч надад хэлэхдээ Бид та нарт туслаж болох байсан юм аа. Гэхдээ танай хүүхэд дэлхийд хамгийн ховор өвчний нэгээр өвчилсөн болохоор үнэхээр шууд тэр гээд тохоод өгөх эмч алга байна аа гэсэн. Ийм л хүнд хэлбэрийн өвчин. ОХУ-ын Москвагийн Бакаловь гээд нилээд эртний эмнэлэгт хагалгаанд орсон. Эмнэлгийн захирал Шаталов манай охиныг харчихаад ер нь их хүнд хэлбэрийн хагалгаа болно, би өөрөө хагалгаа хийнэ гэсэн.

-Охиноо хагалгаанаас гарч ирэхэд танд юу бодогдож, мэдрэгдэж байв?

-Харуутаа л өөрийн мэдэлгүй баахан уйлсан. Эх хүн эхлээд харанхуй юм боддог юм билээ. Охины маань хагалгаанд орсон өдөр яг төрсөн өдөр нь байж таарсныг ч хэлэх үү. Гэхдээ оюутнууд надад маш их гэгээлэг зүйлс ярьж, тайвшруулж байсан болохоор дотор байгаа “аймаар” бодлуудаа сэтгэлээсээ хөөдөг байсан. Эмч надад эх үр хоёр хоорондоо хүйн холбоотой болохоор муу юм бодож болохгүй, сайн сайхныг бод гэсэн. Гэсэн ч би охиноо хараад л тэвчилгүй уйлчихсан.

-Хагалгааны үеэр хүндрэл гараагүй юу?

-Хагалгаа өглөөний 05.00 цагаас эхлээд өдөр 01.30 хүртэл үргэлжилсэн. Цаг хугацаа маш удаан өнгөрөх шиг санагдсан. Миний сэтгэл үймрээд, догдлоод, үр дүнг нь төсөөлөөд л. Тэгсэн харин эмч охин бие сайтай учраас хагалгаа маш амжилттай боллоо гэсээр гарч ирсэн. Хагалгааны туршид охины минь бие их хөхрөлттэй, хумсны үзүүр нь хүртэл хөхөрчихсөн байсан болохоор хагалгааны дараа дөрвөн өдөр сэхээнд байсан. Хичнээн хагалгаа амжилттай болсон ч сэхээнээс гарахгүй болохоор нь ахиад л сэтгэл үймрээд хэцүү байж билээ. Сэхээнд орсон шалтгаан нь эхний хоёр өдөр биеийн байдал гайгүй байснаа дараагийн хоёр өдөр нь халуураад эхэлсэн. Миний хажууд Москвад суралцаж байгаа охид надад туслаад, орчуулж өгөөд, хажууд минь монгол хүмүүс байна гэсэн сайхан мэдрэмж төрүүлж байсан ч эх хүн болохоор цаг үргэлж түгшинэ. Охин минь сэхээнээс гарч ирэхдээ хагалгааны дараа учраас хоёр гар нь хөлтэйгөө уяатай, уйлахдаа ч чанга уйлж чадахгүй, жаахан даралттай байсан. Хагалгааны талд нь өөрөөрөө амьсгалж, талд нь аппаратаар амьсгалж байсан гэсэн.

-Энэ өвчний үүдэл юу байдаг юм бол?

-Нэг эмч хэлэхдээ, эх нь бие давхар байхдаа ханиад томуу тусахдаа элдэв төрлийн эм бэлдмэл уусан байж магадгүй, бас хоолойны ангинаар өвддөг байсантай холбоотой гэсэн. Өөр нэг эмч, сэтгэл санааны стресс, бухимдал нөлөөлсөн, зарим нь агаарын бохирдол, зарим нь идэж уух юмтай холбоотой гээд өөр өөрөөр тайлбарлаж байсан.

-Одоо охин эдгэж бүх зүйл ард үлджээ. Цаашид хүмүүсийн итгэлийг алдалгүй хэрхэн амьдрах төлөвлөгөөтэй байна?

-Юуны өмнө Монголынхоо ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлж байна. Учир нь надад охиныхоо зулайг үнэрлэх хувь тавилан бэлэглэлээ. Хоёрдугаарт, Залуусын давалгаа ТББ-даа маш их баярлаж байна. Охины шинжилгээний хариу маш чухал хэрэгтэй болоод эмнэлгээс авахаар очтол эмч өгөхгүй ээ гэж хэлсэн. Тэгэхэд НямдоржБи энэ хүүхдийн амийг авармаар байна” гээд эмчтэй маргалдаж, биднийг өмөөрч байхад Ямар ч хүн ХҮНИЙ ХҮНИЙГ өмөөрөөд ингэж чадахгүй дээ” гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Би гурван охин, нэг хүүтэй. Хүүхдүүд намайг байхгүй хооронд Өнөр бүл 58 дугаар цэцэрлэгт байсан, одоо ч байгаа. ТББ-ынхан охиныхоо биеийг тэнхрэх хүртэл түр цэцэрлэгт нь байлгачихаа гэсэн. Бас бид хоёрыг ирэхэд “Залуусын давалгаа”-гийнхан шинэ гэр барьчихаад угтсан. Үнэхээр гайхалтай. Огт төсөөлөөгүй байсан болохоор би ч бүр алмайраад, манайхыг айл болгочихсонд их баярласан. Одоо охин минь эдгэсэн болохоор би охиныхоо төлөө итгэл төгс, бүрэн дүүрэн байж бүхнийг хийх болно. Үнэ цэнэ гэдэг зүйл, ирээдүйг өөрчилж болдог тухай мэдэж авсан.

-Та нялх биетэй, бас охиноо өдөр шөнөгүй асарч байсан болохоор их ядарсан байх. Бие тань сайн байна уу?

-Эх хүн хүүхдээ л бодно уу гэхээс өөрийгөө ер нь хайхардаг юм уу? Тэнд байхад өрөөнд агаар салхи оруулж болохгүй гээд халуунд хавагнаад гутал, углааш багтахгүй хэцүү байсан ч хүүхдээ л бодож байсан. Одоо хүүхэд маань эрүүл саруул болчихсон болохоор би цаашдаа ажил төрөл хийгээд, амьдралын минь босгыг нээлттэй болгож өгсөн ард түмнийхээ итгэлийг алдалгүй сайхан амьдарна. Гутарч байсан үед минь гэрэл гэгээ өгсөн байхад одоо гутраад яах юм бэ? Бүх зүйл ард үлдчихлээ.

-Энэ бүх хугацаанд Хулан охины аав хаана байсан бэ?

-Аав нь Увс аймаг руу ажил хийхээр явчихсан байсан юм. Тухайн үед ажилтай байсан болохоор наашаагаа ирж чадаагүй. Ямар ч гэр бүлд өч төчнөөн асуудал байдаг шүү дээ, бид хоёр бас жаахан маргалдсан үл ойлголцолтой байсан. Бас манай хүний дээрээс тоосго нураад хавирга нь хугарчихсан, бие нь жаахан тааруухан учраас ирж чадаагүй. Би хүрээд ирээч ээ гэж хэлсэн боловч Охиноо яая гэж байхад чинь би чамд бас л нэрмээс болно, би эдгээд чамд тус нэмэр болж чадахаар болчихоод очъё гэж хэлсэн. Үнэхээр би тэр үед бүх юм давхацчихсан хэцүү байсан болохоор, тэр нь ч дээр болсон. Намайг гээд наашаа гэх ээж аав, ах дүү гэж байхгүй болохоор нөхрөө ирээсэй гэж бодсон ч, өвдөж зовсон нөхөр, охин хоёрынхоо хэнийг гэх вэ? гээд бүр хэцүү болох байсан болов уу? Нөхрөө тэр үед тийм шийдвэр гаргасныг би зөв гэж боддог. Харин намайг Оросоос хүрээд ирсэн чинь гэртээ ирчихсэн байсан. Ингээд би гэнэт бүх юмаа эргүүлээд авчихсан, маш их баяртай жаргалтай байна. Хорвоо авах юмаа авчихаад, эргүүлээд өгөхдөө илүү гэгээлгээр харамгүй өгдөг юм байна гэдгийг мэдэж авсан.

-Баярлалаа. Мэдээж та тусласан бүх хүмүүстээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүсч байгаа байх. Бид танд ярилцлагынхаа сүүлийн хормыг үлдээе.

-Маш их хүсч байна. Хамгийн гол тулгуур маань “Залуусын давалгаа” байсан. Бас “25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг, Монголын минь ард түмэн надад охиныг минь эргүүлж өгсөн. Энэ их ач тусыг би хэзээ ч мартахгүй. Хүний нутагт энэ хүмүүсийнхээ ач тусыг би ганцыг нь ч гээгээгүй үргэлж бодож байсан. Би өнөөдөр эх хүн байж чадах болов уу? Үгүй болов уу? Монголынхоо ард түмний итгээд явуулсан итгэлийг алдалгүй хүүхдээ эдгээгээд буцахсан гэсэн бодол толгойд байнга эргэлдэж, зовж байсан. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг бодитоор харуулж, миний охин бид хоёрыг ивээсэн. Мөн танай байгууллага, ОХУ-ын Москва дахь бүх оюутан, намайг үнэ төлбөргүй байлгасан Амараа ах, Төрөө ах нартаа Та бүхний ар гэр амьдрал ахуйд бүхий л сайн сайхан хурах болтугай. Гишгэсэн мөр нь цагаан, сэтгэл нь ариун байх болтугай” гэж ерөөе. Монголынхоо ард түмэнд дахин баярлалаа. Үрийг минь зовж яваа үед халуун гараа сунгаж, эх үр хоёрыг хамтад нь байлгах тэр сайхан жаргалыг өгсөн болохоор чин зүрхнээсээ сайн сайхныг ерөөе. Ажил үйлс нь дэлгэрч, амьдрал нь тэгширч явах болтугай. Харин над шиг зовж яваа ээжүүдэд “Сэтгэлээр унах хэрэггүй ээ, ээжүүд ээ. Аливаа юм дандаа гарцтай, нээлттэй байдаг юм шүү, шантрах хэрэггүй. Хүүхдийнхээ төлөө зүтгээд л бай, зүтгээд л бай гэж хэлмээр байна.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.