Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Улстөр

mashin

-Ц.ЖАДАМБАА ЖИЙПЭЭ УНАСААР Л БАЙНА-

Засгийн газраас яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сэдвээр бид “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэлээ.

Ерөнхий сайдыг үүрэг өгсний дараахан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа үүргээ биелүүлж, том машинаасаа татгалзсанаа цахим хуудсаараа дамжуулан дуулгаж байсан билээ. Тэрбээр албаны хэрэгцээнд унадаг “Ланд 200” маркийн машинаа хураалгаж, “Приус-20” унаж байгаа хэмээн зургаа нийтэлсэн байсан юм. Тухайн үедээ “Ц.Жадамбаа шиг бай л даа” хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Гэтэл Ц.Жадамбаа дарга Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр дээр байдаг 0748 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Ланд-200” маркийн автомашиныг одоо хүртэл унадаг юм байна. Тэрээр машинаа Төв шуудангийн арын зогсоолд байрлуулдаг аж.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад “Приус” машин жижигдсэн үү, эсвэл Ерөнхий сайдын даалгаврыг умартсан уу ямартай ч том машинаасаа татгалзаагүй байна. Уг нь жижиг машинтай зэрэгцээд албан тушаал буурахгүй гэдгийг дарга нар ч сайн мэдэх байлтай.


mashin-

ХУРААСАН ЖИЙПҮҮДИЙГ ХИЛИЙН ЗАСТАВУУДАД ХУВААРИЛНА-

Сүүлийн мэдээллээр яамдаас нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байгаа аж. Хураасан автомашинуудыг нэн түрүүнд машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40-ийг нь хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байгаа талаар Ерөнхий сайд мэдээлж байсан. Түүнчлэн яамд болон, харьяа газар, агентлагуудын дарга нар том оврын автомашинаасаа татгалзах дургүй байгааг ч шүүмжилж байсан билээ.

Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардалд нийт 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо байна. 2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байх, ашиглалтын зардлаа хэмнэх замаар төсвийн ачааллыг бууруулах боломжтой юм.


mashin

-НИЙТ 812 ТОМ ОВРЫН МАШИН, 159 ДУНД ОВРЫН ЖИЙП БАЙНА-

Ерөнхий сайдын өгсөн үүрэг дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийсэн байна. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жийп машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа гэсэн судалгаа гарчээ. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Дээрх автомашинуудыг хураалгаж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглавал ихээхэн хөрөнгө хэмнэх тооцоо байгаа юм.

Ж.МАРАЛ

mashin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.