Ч.Сайханбилэг: Манай хоёр улс “win win” зарчмаар ажиллах боломжтой

Д.Тулга / Улстөр

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол Болгарын бизнес форум” өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж байна. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм. Тэрбээр “Нэгдүгээрт, манай хоёр улсад улстөрийн хүсэл сонирхол бий. Энэ хүрээнд өндөр хэмжээний төрийн айлчлал уулзалтууд болж байна. Одоо цаг нь болсон. Манай хоёр улс “win win” зарчмаар ажиллах боломжтой. Хоёрт, хамгийн их амжилт олж болох салбарууд нь хоорондоо төстэй. Болгар улс мэдээллийн технологийн салбар, компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ амжилтаас нь монголчууд хуваалцах боломжтой. Түүнчлэн эмийн үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн салбар, болгар сарнайг нутагшуулах, метроны системийг нэвтрүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Гуравт, Монголчууд бид өөрсдийгөө далайд гарцгүй гэдгээрээ сул талтай гэж үздэг. Тэгвэл бидэнд хоёр том далай байна. Далай гэдгийг хашилтал хэлж байна. Монголчуудын далайн зам бол Орос, Хятадын томоохон зах зээл юм. Болгар улсын Хятадын зах зээл рүү гарах боломжийг Монгол Улс бий болгож өгнө. Харин Монгол Улсад европын зах зээлд гарах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын газар хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэсэн юм.

-ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА-

Мөн форумыг нээж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев үг хэлсэн. Тэрээр “Манай хоёр улс төрийн түвшин дэх 65 жилийн харилцаагаа улам бэхжүүлэх айлчлал болж байна. Хэдийгээр бид 8000 км-ийн хол ч улс төр, эдийн засгийн хувьд найз нөхөд, үнэнч түнш байх боломжтой.

Бид Монгол улстай ухаалаг тээврийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Болгар улсад уул уурхайн чиглэлээр тэр дундаа алт, зэс, цайрын олборлолтоор маш их туршлагатай. Тиймдээ ч “Болгар гео” компани уул уурхайн төслийг Монголд хэрэгжүүлж байна.

Түүнчлэн манай улсын мэдээллийн технологийн компаниуд газар доогуур байгуулж буй гарааж, метро барих туршлагаа солилцох, эмийн үйлдвэрлэлийн чадавхиа нэмэгдүүлэх замаар хамтарсан үйлдвэр байгуулах боломж бий. Хүнсний бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах замаар Орос, Хятадын зах зээлд гарах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах талаар ярьж байна. Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2020, 2030 он гэхэд нэг хүнд ногдох эрчим хүч үйлдвэрлэлтээрээ дэлхийд давамгайлах зорилт тавьсан. Монгол Улсад иргэний нийгэм буюу твитер, фейсбүүк эрчимтэй хөгжиж байна. Тиймээс цаашдаа цахим сүлжээний чиглэлд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн манай улс бага өртгөөр европын стандартыг хангасан метрог байгуулсан. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.

Өнөөдөр Софи хотод байрлах метрогоор 500 мянган хүн зорчиж, онгоцны буудлуудыг холбож чадсан. Бид олон улсын жишгээс гурав дахин бага өртгөөр метро барьсан туршлагатай, Монгол Улсад найдвартай түнш болж чадахуйц гэж бодож байна” гэсэн юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.