“Төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр бариад 25 жилийн дотор 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой”

Д.Тулга / Улстөр

Таван толгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагатай уулзаж, тодруулга авсан байна. Тус компанийн дэд захирал н.Бат-Эрдэнэ дараахь мэдээллийг өгчээ.

Засгийн газрын 2013 оны 28-р тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг СТ” компанитай байгуулж, Чингис бондын 200 сая долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын 52 хувийг гүйцэтгээд байгаа аж.

Санхүүгийн зөвлөх “BNP Paribas” компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх 1тн.км-ийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцож, төслийн хөрөнгө оруулалтыг 12 жилийн хугацаанд нөхөхөөр тооцжээ. Энэхүү төмөр замын суурь бүтэц нь ашиглалтад орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх ба татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ногдол ашиг өгөхөөр байна. Энэ нь жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэхээр хийсэн тооцоо бөгөөд тус замаар 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм.

Дээрх 225 км замыг дотоодын санхүүжилт буюу Чингис бондоор 40 хувь буюу 400 сая, гадаадын банк санхүүгийн байгууллагын урт хугацааны зээлээр 60 хувь буюу 600 сая, нийт 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөсөн байна. Дээрх 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн. Мөн япон улсын “Nippon Koei” компани ТТ-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгчээ.

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн хэлж байгаагаар “Монголын төмөр зам” төрийн мэдлийн компани төмөр замын асуудлаа бүрэн хариуцаад ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Тавантолгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг 30 жилээр өгөх болсон нь тодорхойгүй байна.

2014 оны 9-р сарын 1-нд зарлаж урилга илгээсэн тендерт долоон шалгуур үзүүлэлтийг оруулсны 6-д “Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд ТТ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтад оруулснаас хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд өгөх” гэж заасан байна. Яагаад заавал өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг тендерийн шалгуурт оруулах болсон тайлбарыг Засгийн газраас тодруулах ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.