ФОТО: Болгар улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэв

Д.Тулга / Улстөр

Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүнийг албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Хоёр тал 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1961 онд ЭСЯ-даа Софи, Улаанбаатарт харилцан нээж байжээ. Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа 1960-1990 онд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад 1990 оны эхнээс саарсан ч 1994 оноос уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэхээр талууд санал, санаачилга гаргаж эхэлсэн байна.

Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ. Ганцаарчилсан уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм.

Албан ёсны өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Болгарын талаас Болгар Улсын Батлан хамгаалахын сайд Н.Ненчев, Парламентын гишүүн, Байгаль орчин, усны хорооны дарга, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн С.Иванов, Үндэсний Ассамблейн дэд ерөнхийлөгч Д.Главчев нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, энэ ойн жил Болгарын Төрийн тэргүүн Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Дараа нь Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.

Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Гроудев нар гарын үсэг зурлаа.

Мөн БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.

Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, БНБУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, сурвалжлагч гишүүн Стефан Хажитодоров нар гарын үсэг зурсан юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.