Гурван цогцоороо нийлж эрүүл саруул байна

Д.Тулга / Эрүүл мэнд

healthЗасгийн газрын 224 дүгээр тогтоолоор Олон улсын “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр” өдрийг 5 сарын эхний 10 хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тус өдрийн хүрээнд 05 сарын 11-нд сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, ажлын байрны эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйл, эрүүл мэндийг дэмжигч ажлын байр байхын ач холбогдол, ажлын байран дахь хооллолтын талаар мэдээлэл өглөө.

Тус уулзалтыг нээж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар үг хэлэхдээ, “Эрүүл, аюулгүй орчин, эрүүл мэндийн зохих боловсрол бас хариуцлагатай иргэд, эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ 3 цогцоороо нийлж байж олноороо эрүүл саруул байх, “Нийтийн эрүүл мэнд”-ийг сахин хамгаалах нөхцөл бүрдэх учиртай юм. Аль нэг нь доголдсон тохиолдолд нөгөө 2-ынх нь ачаалал нэмэгдэн, үр дүнд нь сөргөөр нөлөөлдөг.

Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь эхний 2 зорилт буюу Эрүүл, аюулгүй орчинг бий болгох, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгддэг. Ажлын байр болон амьдралын орчин нь биет ба сэтгэлзүйн орчноос бүрдэх бөгөөд хоёулаа эрүүл, аюулгүй, дэмжлэгт байж гэмээнэ эрүүл орчин гэж нэрлэгдэх учиртай. Эрүүл мэндийн боловсрол олгох гэдэг энэ урт үйл явц иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн бөгөөд энгийн зөвлөмж, мэдээлэл өгөхөөс эхэлнэ. НЭМ-ийн энэ амаргүй, хүч хугацаа шаардсан, үндсэн 2 том зорилтыг биелүүлэх хамгийн боломжит арга зам бол “Эрүүл мэндийг дэмжигч” бүхий л талуудын хүчин чармайлт, тогтвортой дэмжлэгийг өдөөх, бий болгох явдал бөгөөд тэр дундаа нийгэмдээ санаа зовниж явдаг сэтгүүлчид, нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудын гүйцэтгэх үүрэг өндөр учраас өнөөдөр бид та бүхэнд хандаж байна” гэсэн юм.

Хүн бүр эрүүл мэндийг дэмжсэн аюулгүй, амгалан тайван орчинд бусдад үнэлэгдэн хүндлэгдэж ажиллахыг хүсэх нь гарцаагүй. Нөгөө талаас ажил олгогчид бүтээмж өндөртэй, ажилдаа махруу, бие сэтгэлээ зориулдаг ажилтнуудыг хүсэмжилдэг. Ажилтан, ажил олгогч хоёрын хүсэх энэхүү хүсэл зөвхөн эрүүл мэндийг дэмждэг ажлын байранд л биелэлээ олох боломжтой.

Цаашид Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй тэмдэглэлт өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ард иргэд, олон нийтэд хандсан мэдээ мэдээлэл, урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэх ажээ.

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган байгууллагуудын нэг бөгөөд хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, орчин, биологи, удамшлын эерэг, сөрөг хүчин зүйлсийг судлан нотолгоо бий болгох, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих дэмжлэгт орчинг бүрдүүлэх зэргээр нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг эрүүл мэндийн байгууллага юм.

Тус хүрээлэнд Эрүүл мэндийг дэмжих, зан үйл судлалын сектор, Орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын сектор, Хоол судлалын сектор, Хүний генетик, экологийн эрүүл мэнд судлалын сектор, Хор, хордлого судлалын сектор, Биотехнологи, молекул биологи судлалын сектор, Биобэлдмэлийн үйлдвэр, Шим тэжээлийн ба Хор судлалын лабораториудыг нэгтгэсэн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв зэрэг нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд академич, эрдэмтэн, судлаач нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аж.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.