“Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Д.Тулга / Улстөр

shudargaesУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засагт удаашралтай, тодорхой бус байдал давамгайлсантай холбоотой ойрын жилүүдэд түүхий эдийн зах зээлийн хувьд огцом сэргэлт ажиглагдахааргүй байгаа аж. ОУВС-гаас гаргасан түүхий эдийн үнийн төсөөллөөс харахад дунд хугацаанд түүхий эдийн үнийн түвшин 2012-2014 оны дунджаас нэлээд буурах хандлагатай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ дунд хугацаанд одоогийн түвшнээс өсөхөөргүй байна.

Олон улсын байгууллагуудын зүгээс манай улсын гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх 3 жилд 2015 оны түвшнээс өсөхөөргүй байхаар төсөөлжээ. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухайд эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй. Хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт өсөлт харьцангуй хадгалагдахаар байгаа бол төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарт уналт ажиглагдахаар байна. Ирэх жилүүдийн манай улсын эдийн засгийн төлөв байдлыг ОУВС-гийн хувьд 2016 онд 4.2 хувь, 2017 онд 3.8 хувь, 2018 онд 6.2 хувь байхаар төсөөлж байгаа аж.

Монгол Улсын 2015 оны макро эдийн засгийн төлөв, нэгдсэн төсвийн 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг боловсруулахад төсвийн бодлогод өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгараад байгааг хуралдааны үеэр хаа хаанаа онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсний дараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг эвслийн бүлэг өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Сангийн сайдын танилцуулгыг сонсож, тайлбар тодруулга авахыг хүссэн ч тодорхой шалтгааны улмаас салбарын сайд ирсэнгүй.

Ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар сайдын мэдээлэлтэй танилцаж, улс орны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай холбоотой энэ чухал асуудлаар тайлбар тодруулга авах, сайн нягталж ярилцах шаардлагын үүднээс ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.