Л.Пүрэвсүрэн: Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаад бодлогоо нэг цонхоор явуулах ёстой

Д.Тулга / Улстөр

purevsuren

Сайдын цаг уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.

Мэдээллийн эхэнд тэрээр “Мьянмарын гадаад харилцааны сайд өнөөдөр айлчилж байна. Нөгөөдөр Энэтхэгийг Ерөнхий сайд Монголд анх удаа айлчлах гэж байна. Ерөнхий сайд маань Эмират руу албан ёсны айлчлал хийхээр явж байна. Ерөнхийлөгч Япон руу ажлын айлчлал хийхээр явах гэж байна. Гадаад харилцаа идэвхитэй явж байна. Манай орон газарзүйн байрлын хувьд далайд гарцгүй түгжигдмэл. Тиймээс өөрсдөө идэвхитэй байж гадаад харилцаагаа явуулах ёстой” гэлээ.

“Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын зөвлөхөөр 10 жил ажилласан. Тэр хугацаанд олон хүн “Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ” гэж асуудаг байсан. Хүмүүс голдуу буруутнаа гаднаас хайдаг. Орос уу, Хятад уу аль нь илүү аюул учруулдаг вэ гэж асуудаг. Би нэг л зүйлийг хэлдэг. Энэ хоёроос хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн нөлөөлөх зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаадад нэг цонхоор, нэг амаар ярьж байж гадаад бодлого маань амжилттай болно. Өмнөх засгийн газар биш, тэрний өмнөх, өмнөх засгийн газрууд ч гэсэн гадаад бодлогыг нэг цонхоор явуулах асуудалд алдаа гаргаж байсан. Ялангуяа хоёр хөрштэй харьцдаг асуудал дээр ихээхэн хэмжээний алдаа, дутагдал гарч байсан. Гадныхны олз болно гэсэн үг шүү дээ. Сайд нар нь өөр юм ярина, УИХ-ын гишүүд нь өөр, өөр байр суурь илэрхийлнэ. Иймэрхүү алдаа гарч байсан учраас нэг цонхны бодлогыг баримтална гэсэн зорилтыг эхний өдрөөсөө тависан” гэв.

-БИДЭНД ГАШУУН ТУРШЛАГА БАЙНА-

Бидэнд гашуун туршлага байна гээд “Хятадын талаас 300 саяын зээл өгсөн. Тэрнийг Монголын тал юунд авах вэ гэдгээ таван удаа өөрчилж байсан гэж байгаа. Нэг шинэ сайд, шинэ засгийн газар гараад өмнөхөө үгүйсгээд манайх энийг өөрчилнө, энэ төсөлд авья гэдэг. Хятадын тал сүүлдээ ойлгохоо больсон. Иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Гэхдээ энэ тал дээр ахиц дэвшил гарсан гэж хэлж болно. Хамгийн их алдаа гарч байсан Орос, Хятад хоёр дээр онцгой анхаарья гэсэн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нь хуучин шадар сайд байдаг байсан. Тэрнийг өөрчилж Гадаад хэргийн сайдад өгсөн. Хятадыг ч мөн гадаад хэргийн сайдад хариуцуулсан байгаа” гэв.

Мөн орон нутгийн асуудлыг хөндлөө. Аймаг, сумын дарга нар өөрсдөө гаднаас санхүүжилт аваад бие даагаад айлчлал хийгээд явдаг. Үүнийг хумих чиглэлийг барьж байгаа гэв. Аймгийн дарга нарт бүгдэд нь чиглэл хүргүүлдэг болсон байна. Мөн Гадаад бодлого, гадаад харилцаанд хийгдэж байгаа гол, гол мэдээллээр төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг хангадаг болжээ. Энэ оны эхээр гадаад яамны шийдвэр гаргаад гадаад харилцааны гол, гол ажлууд дэлхий дахины гол, гол чиг хандлагуудыг тогтмол мэдээллэдэг мэдээллийн сүлжээг бий болгосонгэж байлаа.

-ГАДААД БОДЛОГЫГ ЦОГЦООР НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ-

Гадаад бодлогыг цогцоор нь явуулах нь чухал гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцолсон юм. Гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого гэсэн гурван зүйлээс бүрддэг байна. Анхдагч нь соёлын гадаад бодлого. Дипломат харилцаа тогтоогүй байхад аливаа ард түмэн соёлоороо дамжуулж бие биенээ танин мэддэг байсан. Дипломат харилцаа тогтоод улс төрийн харилцаанд орсноороо цаашаа эдийн засгийн бодлого яригддаг. Тийм учраас энэ гурвыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн үндсэн дээр Гадаад харилцааны яамны бүтцэд өөрчлөлт хийсэн гэж байлаа. Үүний хүрээнд Эдийн засгийн гадаад харилцааны газрыг байгуулсан байна. Эдийн засгийн талаар нэг цонхны бодлогоо хэрэгжүүлж, зохицуулалт хийж байгаа аж. “Өмнө нь Соёлын маш том газартай байсан. 1990 оноос хойш байхгүй болсон байсан. Тэрийг Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар гэж шинэчлэн байгуулсан. Дэлхий дээр Монгол Улсын нэр хүндийг өргөх, зөв имиж бүрдүүлэх, зөөлөн хүчний бодлогод анхаарч байна” гэлээ.

Ардын урлаг, хөөмийгөөрөө дэлхийд олон түмний анхаарлыг татаад байж болно. Гэхдээ тэр бол энгийн арга. Тэр уламжлалт урлаг, түүхээсээ гадна орчин үеийн Монгол гэдгээ харуулж, сурталчлах ёстой. Тийм учраас Довасын чуулга уулзалт дээр “Монголын үдэш” гээд арга хэмжээг зохион явуулсан. ITB үзэсгэлэн дээр ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан үзүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад хүрдэг гол мессэж гэв.

-ГХЯ-НЫ АЖИЛЧДЫН ОРОН ТООГ НЭМЭХ ЁСТОЙ-

Гадаадад 46 дипломат төлөөлөгчийн газар, консулын газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. 32 нь элчин сайдын яам байдаг. Бусад нь ерөнхий консулын газар, байнгын төлөөлөгчийн газар хоёр байгаа аж. Гадаад хэргийн яам 142 хүний орон тоотой. Тэрээр “намайг 26 жилийн өмнө Москвагийн олон улсын харилцааны сургууль төгсөөд гадаад яаманд шинэ ажилтнаар орж байхад 130-140 хүний орон тоотой л байсан. 1990 оны гадаад харилцаатай харьцуулахад одоо бидний гадаад харилцаа бол хэд дахин томорсон. Гэтэл хүн хүчний тоо хэвээрээ байна. Төр засаг энэ дээр анхаарах ёстой. Гадаадад элчин сайдуудын яаманд 340-өөд хүн ажилдаг. Дэлхийн жишгээр бол нийт дипломатуудын 3/2 нь гадаадад 3/1 нь дотоодод ажилдаг. Бид яаманд 170 хүний орон тоотой байж ажлаа хэвийн явуулах болов уу гэж үзэж байгаа. ЗХУ-ыг хуучин дагаж байж боловсон хүчний бодлого дээр алдаа гаргасан байдаг. Том гүрнүүд бол орон дамнасан мэргэжилтэн бэлтгэдэг. Хүн хүч багатай манай орны хувьд дипломатууд нь аль ч орон ажиллах боломжтой чиглэл рүү барьж байгаа” гэлээ.

-40 ГАРУЙ ХҮН АЖЛААС ХАЛСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ-

Гадаадад байгаа элчин сайдын яамдын ажилтнууд шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэр бол үнэн гэлээ. Боловсон хүчний бодлого дээр ихээхэн хэмжээний алдаа, завхрал гарч байсан. “Гадаад хэргийн яам, дипломат алба бол төрийн тусгай алба байдаг. Төрийн тусгай албаны шалгалт өгч байж ордог. Гэтэл 142 орны орон тоон дээр 157 хүн ажиллаж байсан. Яаж санхүүжүүлж, яаж цалинг нь өгч байсан юм мэдэхгүй. Засгийн газраас 15 хувийн цомхотгол хий гэсэн чиглэлийг өгсөн. Тэрний дагуу боловсон хүчний бодлогод сайд оролцохгүй. Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хоёртоо хэлсэн “Тэтгэвэрт гарах боломжтой хүмүүсийг гарга гээд 7-8 хүн тэтгэвэрт гарсан. Дээрээс нь илүү орон тоог нь хуулинд нь бариулах ямар арга байна вэ гэсэн. Төрийн үйлчилгээний ажилтны статустай өөрөөр хэлбэл төрийн тусгай албаны шалгалтаа өгөөгүй юмуу эсвэл өгөөд уначихсан, зарим нь 3-4 удаа шалгалтад тэнцээгүй. Тэгсэн мөртлөө төрийн тусгай албаны дипломат ажлын орон тоон дээр ажиллаж байгаа 20-иод хүн байна. Эдгээрийг чөлөөлж, дахин шалгалт авч, тэнцснийг нь авах боломж байна гэсэн. Энэ дагуу би зарчмыг батлаад, боловсон хүчний асуудлаа шийдье гэсэн чиглэлийг өгсөн” гэлээ. Харин 40 гаруй хүн халсан гэх мэдээлэл гарсан. Энэ бол ор үндэсгүй зүйл гэв.

-ГАДААД ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН АЖИЛЧДААС ЗУРГАДУГААР САРД ШАЛГАЛТ АВНА-

“Элчин сайдын яаманд ажиллаж байгаа ажилчид мөн адил. 70 гаруй хүн байна. Төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж байгаагүй. Нэг ч төрийн байгууллага санал болгож томилоогүй. Тухайн үеийн хүмүүс нь томилчихсон. Зарим нь наад захын зүйлүүд мэдэхгүй. Энийг засах цаг нь болсон. Тиймээс дипломат ажилтны шалгалт өгөөгүй гадаадад явчихсан хүмүүсийг шалгалтад оруулах үүрэг өгсөн. Үнэхээр шалгалт өгөөд тэнцэж байгаа бол үргэлжлүүлээд ажилла. Тэнцэхгүй бол зайгаа тавьж өгөх ёстой. Нэгэнтээ хоёр жил болчихсон хүнийг нүдээ аниад нэг жилийг нь өнгөрөөгөөд гурван жилээ дуусгаад ирнэ биз гэж байгаа. Дөнгөж томилогдсон хүмүүсийг дуудаж авчраад зургадугаар сард шагалтад оруулна. Аль нэгдүгээр сард чиглэл өгсөн. Амралтаа зохицуулаад ирж шалгалтаа өг, сайн бэлдээрэй гэж хэлсэн. Элчин сайдуудад нь чиглэл өгсөн” гэлээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудал манай яамны гол үүргийн нэг. Нөгөө талаас иргэдээс нь өөрсдөөс нь шалтгаалах зүйлүүд их бий. Өнгөрсөн жил гэхэд 297 гэмт хэрэгт холбогдсоноос 89 хүн амиа алдсан. Он гарсаар 38 иргэн хилийн чанадад амиа алдсан тоо байна. Мэдээж үүн дотор золгүй байдлаар юмуу өвчний улмаас нас барж байгаа тохиолдлууд бий. Өнгөрөгч хоёрдугаар сард Францад дөрвөн Монгол залуу авто ослоор амиа алдсан. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр шөнөжин ажиллаад хол замд нойргүй машин жолоодсоноос зүүрмэглэж, том оврын ачааны тэрэгтэй мөргөлдсөн. Малайзад дөрвөн Монгол эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг нь цонхоор үсэрч амиа алдсан гээд олон тохиолдол байна. Хилийн чанадад Монголчууд нэг нэгнийхээ эрхэд халдах, хоорондоо маргалдаж асуудал үүсгэх тохиолдлууд гарч байна. Монголчууд хоорондоо зодолдоод нэгнийхээ аминд хүрсэн бол гадны хуулийн байгууллага төдийлөн авч хэлэлцэхгүй байх нь бий. Гадаад хэргийн яам өөр улсад асуудалд орсон иргэндээ туслалцаа үзүүлэх сантай. Өнгөрсөн жил энэ сангаас 230-аад сая төгрөгийн тусламж үзүүлсэн бол он гарсаар 40-өөд сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Дээрээс нь хилийн чанадад зорчихдоо асуудалд орохоос сэргийлэх асуудал их чухал. Гэтэл манайхан ямар ч бэлтгэлгүй явчихдаг. Энэ нь эргээд бичиг баримтын болон бусад асуудлыг үүсгэдэг. Гадаад улсад очсон иргэн болгон ЭСЯ-даа бүртгүүлдэггүй. Ингээд асуудалд орохоор ЭСЯ-ных нь утасны дугаар ч байдаггүй. Арга буюу ар гэрийнхэндээ хэл дуулгаж, албаны хүмүүст мэдээлэл хугацаа алдаж ирдэг.

-БНСУ-д жуулчны визээр гараад харлах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн гэх мэдээлэл байна?

-Өмнө нь манайхан Солонгост жуулчны визээр очоод хууль бусаар хөдөлмөр эрхлэх тохиолдол их байсан. Одоо байдал харьцангуй дээрдсэн. Хууль ёсны дагуу ажиллаж байгаа хүмүүсээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Солонгост төлсөн даатгалын мөнгийг нь нөхөн олгох зэрэг ажлыг хийж эхэлж байна. Нөгөө талаас визний асуудлаа хөнгөвчлөх асуудлаар олон жилийн турш ярилцаж байгаагийн үр дүнд Монголын топ аж ахуй нэгжид тогтвортой ажиллаж байгаа хүмүүсийн визэнд хөнгөлөлт үзүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг барьцаа шаардахгүйгээр виз гаргаж өгч байна.

-Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд ямар тодорхой ажил хийгдэж байна вэ?

-Саяхан Хятадаас нэг, Казакстанаас хоёр иргэнийг шилжүүлэн эх оронд нь ял эдлүүлэхээр болоод байна. Өнөөдрийн байдлаар 19 оронд Монгол Улсын 165 иргэн хорих ял эдэлж байна. Боломжтой хэмжээнд иргэнээ шилжүүлэх асуудал яригдаж байна. Одоо бид цаазын ял сонссон хүнийг ч эх оронд нь авчирах эрхзүйн боломж бүрдсэн. Хэдэн жилийн өмнө Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонсоход Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын Ерөнхийлөгчид захидал бичиж байж цаазын ялыг нь бүх насаар хорих болгон өөрчлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд Ганц модны гарцаар Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад дөрвөн иргэн саатуулагдлаа. Одоогоор нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байна. Гадуур шалгагдаж байгаа гурван иргэнээ шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж байна.

-Гадаад хэргийн яамны ажил Төрийн нарийн бичгийн даргын асуудлаас болоод гацаж байна гэх мэдээлэл гарсан. Та Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож чадахгүй ийм асуудал үүсээд байгаа юмуу?

-Төрийн нарийн бичгийн дарга бид хоёр таарахгүй байгаа асуудал биш л дээ. Би Болдбаатартай олон жилийн өмнөөс танил. Төрийн албан зөвлөлөөс манай яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчин томилсон учраас эрхзүйн чадамжгүй гэдэг албан бичгийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ утгаараа зарим тушаал шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудал үүсч байгаа зүйл бий. Боломжоороо зохицуулаад явж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.

-Монгол Улс дэлхийн хэдэн улстай дипломат харилцаа тогтоосон байдаг вэ. Цаашдаа хэдэн улстай дипломат харилцаа тогтоохоор ярилцаж байна?

-НҮБ 198 гишүүнтэй. Монгол Улс 1990 онд 98 оронтой дипломат харилцаатай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох уриалга гаргасны дагуу Гадаад хэргийн яам Л.Болд сайд маш идэвхитэй ажилласан. Одоо дипломат харилцаа тогтоогоогүй 10-аад орон үлдсэн байна. Аливаа тусгаар улс өөрийн төлөөлөгчийн газартай байх ёстой. Манай улс 46 оронд дипломат төлөөлөгчийн газартай. Хэдийгээр интернэт хөгжсөн ч тухайн улсад төлөөлөгчийн газартай байх нь дипломат шугамаар хийгддэг ажлыг амжуулах, нарийн мэдээлэл авах ажлыг технологийн хөгжил сольж чадахгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцлээ, хасах руу орлоо. Гадаад хэргийн яам энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажил байна уу?

-Гадаад хэргийн яам дангаараа хөрөнгө оруулалт оруулаач гэж болохгүй. Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудал дэлхийн олон улсад яригдаж байна. Үүнийг бид хийсвэр ойлгож, эдийн засгийн зөвлөх нэртэй хэдэн хүн томилоод явж байсан үе бий. Гадаад хэргийн сайдын хувьд би Засгийн газарт “Дотооддоо нэгдсэн нэг амтай” байх асуудлыг тавьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт хасах руу орсон. Яагаад бүгд гараад явчихав гэхээр “Танай хууль эрхзүйн орчин тогтворгүй байна” гэдэг. Норвеги улс газрын тосондоо 78 хувийн татвартай. Гэтэл тэнд хөрөнгө оруулалт байсаар л байна. Гадны хөрөнгө оруулагчид татвар өндөр байна гэж ерөөсөө хэлэхгүй байгаа шүү дээ. Бидний хамгийн том алдаа бол улстөрийн тогтворгүй байдал. Нэг Засгийн газар нь нэг зүйл эхлүүлэхээр нөгөө Засгийн газар нь үгүйсгэдэг. Би Гадаад хэргийн сайдын ажлаа аваад ганцхан Хятад улс руу айлчлал хийсэн. Өөр айлчлал хийхгүй гэсэн. Төр засгийнхаа бодлогыг тодорхой болгож байж л Гадаад хэргийн сайдын хувьд ажил ярина уу гэхээс шийдэгдээгүй асуудлын талаар юм яриад яахав дээ. Энэ үүднээс олон талт арга хэмжээнүүдэд л оролцож байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.