ФОТО: “Тансаг дуган” Шангри-Ла үүдээ нээлээ

Д.Тулга / Нийгэм

Бурхан амар амгалангийн орон, оюун ухааны диваажинг Төвдүүд Шангри Ла хэмээн нэрийддэг. Дэлхийн 90 гаруй оронд салбартай алдарт “Тансаг дуган” хэмээн тодотгодог Шангри Ла зочид буудлын Улаанбаатар хот дахь салбар албан ёсны нээлтээ хийжээ. 21 давхар энэ зочид буудал дөрвөн төрлийн өрөөтэй бөгөөд өрөөнүүдийн дотоод засал Монголын уламжлалт хэв загварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулснаараа модерн шинжийг илтгэнэ.

Бүх өрөөнүүдийнхээ тавилгыг сайн чанарын модоор хийсэн учир өрөөнд ороход байгалийн үнэр ханхлан, ер бусын тайван орчныг мэдрүүлнэ. Утасгүй интернэт, ажлын ширээ, гантиг чулуун угаалгын өрөө зочидоо хүлээнэ. Сонирхолтой нь энд зөвхөн Шангри Ла зочид буудлын хэрэгцээнд зориулагдсан “Siemens” брэндийн ороор бүх өрөөгөө тохижуулжээ. Мөн цагаан хэрэгсэл, гар нүүрний алчуур, хөнжил, саван, шампунь зэргийг зөвхөн өөрсдийн хэрэгцээнд тохируулах тусгай захиалгаар хийлгэдэг аж.

Шангри-Ла Хотел Улаанбаатар нь Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрладаг тул бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй зочдод таатай орчинг бүрдүүлэх үндэс нь болж чаддаг. 42м2 болон түүнээс дээш хэмжээ бүхий өндөр зэрэглэлийн нийт 290 цэлгэр саруулхан өрөөтэй бөгөөд орчин үеийн болон уламжлалт загвар, дизайны хэв шинжийг хослуулсан бүх өрөө нь урд зүгт Найрамдал парк эсвэл хойд зүгт Их Эзэн Чингис Хааны Талбай болон Улаанбаатар хотыг тольдон харсан байрлалтай. Эдгээр өрөөнүүдэд та хоноглохыг хүсвэл нэг хоногт 215 ам.доллар, люкс бол 310 ам.долларыг төлөх ёстой.

Шангри-Ла зочид буудалд ихэвчлэн гадаадын төлөөлөгчид ирж буудаллана гэсэн тооцоотой учир угтан авагчид бүгд Монгол үндэсний хувцас өмсөж, зочдын ачаа тээш оруулах, бүртгүүлэх зэрэгт туслах юм. Хэрвээ өндөр зэрэглэлийн үйлчилгээ авахыг хүссэн зочид байвал “Хорайзон” клубыг санал болгодог юм байна. Энэ клуб нь буудалд байрлах, гарах бүртгэлийг хурдан шуурхай хийж өгч, өглөөний цай, коктейль, зууш, ундаа, ус зэргийг хүссэнээрээ авч болно. Мөн зочид буудлын уулзалтын өрөөг өдөр бүр хоёр цагийн турш ашиглах эрхтэй байдаг байна

Тус буудалд “Шангри Ла Боллрүүм” гэж бий. Энэ танхим нь Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн өргөн сонголттойгоор хурал, чуулган болон өөр бусад арга хэмжээ зохион байгуулах боломжийг олгож буй тансаг зэрэглэлийн цорын ганц танхим болно. Зочид буудлын нийт талбайн хэмжээ нь 2,643 м2 бол Шангри-Ла Боллрүм (Shangri-La Ballroom) 1,300 м2 талбайтай аж.

Шангри-Ла Хотел Улаанбаатарын Кафе Паркаас олон үндэстний төрөл бүрийн гайхамшигт зоог, тогоочийн нэрийн хоолыг идэж болно. Харин хоёрдугаар давхарт байрлах “Наадам” нэртэй Европ хоолны ресторанаас Шангри Лагийн бусад орны салбаруудад тасралтгүй 13 жил ажилласан тогоочийн төрөл бүрийн стейк, салад, зуушийг идэх боломжтой. Швейцарь тогоочийн гарын хоолыг идэхийн тулд бид дунджаар 21 мянган төгрөг төлөх болно. Харин зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Лобби” нэртэй лоунжаар үйлчлүүлж хөнгөн зууш дессерт амтлахыг хүсвэл 15 мянган төгрөг төлөөд нийслэл хотын хаана ч байхгүй гурван метрийн өргөнтэй болор лааны сурины гэрлэн чимэглэлийн дэргэд өглөөний цайгаа уух боломжтой.

Зочид буудлын хамгийн ухаалаг шийдэл гэж олны хүндэтгэлийг хүлээж байгаа дэд бүтэц бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэрэгслийг давхар ашигладаг. Цаашилбал, та зочид буудлын өрөөнөөс лимузин машин хөлслөх, угаалга, хувцас цэвэрлэгээ, гутал өнгөлгөө, мэдээллийн технологийн тал дээр туслах, гадаад валют солих үйлчилгээтэй. Хэрэв хүсвэл нисэх онгоцны буудлаас тосуулж, үдүүлэх ч боломж бий.

Дэлхийн “Тансаг дуган” Шангри-Ла зочид буудал ийнхүү өнөөдөр гадаадын 20, Монголын 250 орчим ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, гайхалтай орчинд амрах, ажиллах боломжийг та бүхэнд нээлттэй олгож байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.