Шинэ эдийн засгийн бодлого

Д.Тулга / Эдийн засаг

battumur

Монгол Улс түүхэн эргэлтийн үед ирээд байна. Улс оронд нүүрлэсэн хямралыг даван туулж, цаашид эрчимтэй хөгжихөд бидэнд шинэ эдийн засгийн бодлого хэрэгтэй байна. Яагаад гэвэл:

- Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг улам эмзэг болж, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой нүүрлэсэн,

- Өөрсдийн толгойд бус бусдын толгой, уул уурхайн том төслүүд биднийг гэнэт баяжуулах мэтээр гэнэн сэтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд улс даяараа автсан,

- Уул уухайгаас бусад салбарыг гадны хөрөнгө оруулалтаар тэтгэх, өндөр технологи, инновацийг хөгжүүлэх ажлыг зөнд нь орхигдуулсан,

- Монголчуудын ирээдүйдээ, өөртөө итгэх итгэл буурч, бурууг бусдаас хайх, бусдад нялзаах, төр засгаа үл хүндлэх үзэл бодол хавтгайрсан,

- Баян ядуу, хот хөдөөгийн ялгаа улам нэмэгдэж, хөдөөнөөс хот руу шилжих нүүдлээс улбаалан хөгжлийн болон хүн амын суурьшлын тэнцвэр алдагдсан,

- Байгалийн баялаг ашигласны нөхөн сэргээлт хангалтгүй, экологийн доройтолд орж, ус, хөрс, агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн,

- Төр засгаас дотоодын бус, гадны үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулснаас бусдын хийсэн барааг зарж амьдрах явдал нийтлэг болсон,

- Улс нь гадаад орнуудад, компаниуд нь банкинд, ард иргэд нь ломбардад өр тавьсаар өрийн гинжин урвал, бэлэн мөнгөний хомсдол үүсч, бартерын худалдааны шинж илрэх боллоо.

Шинэ эдийн засгийн бодлого гэж юу вэ?

Эдийн засгийн бодлого гэдэг нь үндсэндээ эдийн засгийн байдалд нөлөөлөх буюу хянах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Харин бид шинэ эдийн засгийн бодлогыг “Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж, мэдлэгийг баялаг болгож, өндөр технологи ашиглан, түүхий эдээ боловсруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэн, дэлхийн эдийн засагтай интеграцид ороход чиглэсэн бодлого” гэж томьёолж байна.

Шинэ эдийн засгийн бодлогын хүрээнд онцгойлон анхаарч, хөгжлийн түүчээ болгох хэдэн салбар байна. Түүнийг товч тодорхойлбол:

Мэдлэгийн менежмент, мэдлэгийг баялаг болгох: Мэдлэгээс шинэ мэдлэг бий болгох чадвартай хүний нөөцтэй болох, тэднийг урамшуулах, шинжлэх ухаан технологи, судалгаа хөгжүүлэлтийг улс орны хэрэгцээнд нийцүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бий болгох нь чухал байна. 21 дүгээр зууны нэг давуу тал нь мэдлэгт суурилан шинэ санаа, хийц дизайн, бүтээгдхүүний загварыг бий болгож, ухаалаг технологи нэвтрүүлэхэд өмнөх үеийг бодоход хамаагүй хялбар болсон байна. Шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх нь хөгжлийн гарц болно гэж харж байна. Байгалийн баялгаас илүү хүний оюун ухаанд түшиж хөгжих нь манай улсын хувьд шинэ эдийн засгийн бодлогын мөн чанар. Шинэ мэдлэг бий болгох, инновацийн дэд бүтэц, технологи дамжуулах төвүүдийг байгуулах нь хөгжлийг түргэсгэх үндсэн арга болно.

Хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулалтын бодлогоор өндөр технологи, ноу-хау, шинэ технологи, бүтээмж өндөртэй технологи, инновацийг нэвтрүүлэх, мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжин, татварын урамшуулал олгох нь зүйтэй. Хөшигтийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг ашиглан Ази Европыг холбосон агаарын тээврийн төв (air hub ) болох боломжтой. Тэнд чөлөөт худалдааны бүс, тээврийн ложистикийн төв байгуулж болно. Биотехнологи, нанотехнологийг үр ашигтай хөгжүүлэх асар их бололцоо бидэнд бий. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтад тавигдах гол шаардлага нь шилдэг технологи ашиглан дэлхийн зах зээлд гарах бүтээгдхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстой.

Санхүүгийн салбар: Тухайлбал, Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв (financial hub) болох боломжтой. Үүний тулд санхүүгийн зах зээлийг сайн хөгжүүлж, хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн түвшинд хөгжүүлж яагаад болохгүй гэж. Дэлхийн томоохон банкуудын салбарыг Монголд оруулж, олон улсын хэмжээний санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Санхүүгийн зах зээлийн үндсэн элементүүд болох банк, хөрөнгийн зах зээл, даатгал гурвыг адил тэгш хөгжүүлж байж амжилтад хүрнэ. Хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн тодорхой хувийг хөрөнгийн зах зээлээс босгох шаардлагатай байна. Түүнээс бус банкны өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийгээд амжилт олохгүй гэдэг нь бидний өнгөрсөн туршлагаас харагдлаа.

Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн салбар бол экспортыг нэмэгдүүлэх асар том боломж бөгөөд уул уурхайгаас илүү тал нь нөхөн төлжих баялаг учраас тогтвортой хөгжлийн гол тулгуур. Мах, махан бүтээгдхүүн, ноос, ноолуур, арьс шир, сүү, сүүн бүтээгдхүүн, гахай, шувууны аж ахуй, өндөг, улаан буудай, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн балны үйлдвэрлэлийг шинэ мэдлэг, технологиор тордон дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортод гаргаж асар их ашиг орлого олох боломж бидэнд байна. Жилд 100-150 мянган тонн мах экспортоор гаргахдаа боловсруулалтыг Австрали, Шинэ Зеландын түвшинд хийвэл найдвартай зах зээл эргэн тойронд байна.

Аж үйлдвэр: Үйлдвэрлэгч орон болохгүйгээр хөгжих боломж хязгаарлагдмал гэж үзэж байна. Европын Холбооноос манай улсад хөнгөлөлт үзүүлж, 6000 гаруй нэр төрлийн барааг Европын зах зээлд татваргүйгээр оруулах боломжийг бүрдүүлж өгсөн ч бид үүнийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч үйлдвэрлэгч оронд ашиг тусаа өгөхөөс бус манайх шиг экспортын бараа цөөтэй улсад үүний үр ашгийг бүрэн дүүрэн хүртэх боломж бас л хязгаарлагдмал. Эдгээр дутагдлыг засч чадвал асар их ашиг олох боломж байна. Өөрсдийн олборлосон газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэвэл валют хэмнэх бололцоог олгоно. Аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах компаниудад татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Ногоон эдийн засаг: Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд юуны өмнө нүүрсхүчлийн хийг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, гео дулааны эрчим хүч, байгаль орчинд халгүй технологи, загварыг ашиглах, эрчим хүч хадгалах, түгээх ухаалаг технологийг бий болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлаас эрчим хүч гарган авах технологийг ашиглах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, ус, нар, салхины эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, эрчим хүч нийлүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бий болгох, хийн түлшийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах, био түлш ашиглах явдлыг дэмжих хэрэгтэй байгаа юм. Ингэснээр эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох боломжтой.

Аялал жуулчлал: Аялал жуулчлалыг шууд экспорт гэж үздэг бөгөөд бараа үйлдвэрлэлгүйгээр валют олж болох арга юм. Манайд эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их бөгөөд харин үүнийг бодлогоор дэмжиж, аялал жуулчлалын шинэ бүтээгдхүүн, шаардагдах дэд бүтцийг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.

Эдийн засгийн ухааны доктор Б. БАТТӨМӨР

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.