ФОТО: “ICT EXPO 2015: Харилцаа холбоо, технологийн хөгжлийг харуулж байна

Д.Тулга / Орон нутаг

-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХУРДАСГУУР, ШИЙДЛЭЭР МАЗААЛАЙГ ХАМГААЛЖ БОЛОХ УЧИР БЭЛГЭ ТЭМДГЭЭ БОЛГОЖЭЭ-

Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO 2015 нээлтээ хийлээ. “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриатай зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нээлтийн видеогоор эхэлж, олон улсын цахилгаан холбооны мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочдод үзүүллээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага 150 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд тус компанийн ерөнхий нарийн бичгийн дарга Хуа Лин Жао интернэт мэндчилгээ илгээжээ.

Нийгэм эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамруулсан үзэсгэлэн яармагийн ёслолын тууз хайчлах ажиллагаанд Засгийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, “Мобиком корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар оролцов.

“Мобиком Корпораци”-ийн захирал Дэвид Холлидэй "Энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ивээн тэтгэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Таван өдрийн турш энэ салбарын тэргүүлэгчид нэгдэж, бидний амьдралыг хялбар болгодог бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах гэж байна. Дэлхийд 22 байгаа мазаалайг хамгаалах тал дээр мэдээллийн технологийг ашиглахад энэ үзэсгэлэн чухал ач холбогдолтой" гэж хэллээ.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа "Мэдээллийн технологийн хурдасгуур, шийдлээр мазаалайг хамгаалж, хайрлаж чадах учраас энэ амьтныг бэлгэ тэмдгээ болгон сонгож авсан" гэв. Мөн тэрээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар цаашид яам болтлоо өргөжнө гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Засгийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц "Өнгөрсөн хугацаанд шилэн дансны нэгдсэн системийг нэвтрүүлж, 7000 гаруй төрийн байгууллага ашиглаж байна. Хувийн үйлчилгээг онлайн хэлбэрээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхний үр дүнд хүрээд байна. Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаар дамжуулан хүргэж байна" хэмээн хэлэв. Тэрээр “Малчид цаг агаарын мэдээллийг 3G сүлжээгээр хардаг болсон, дэлхийн тэргүүлэх сувгуудыг HD-ээр үздэг болсон” гээд мэдээллийн технологийн компаниудын хувь нэмэр их байгааг онцоллоо.

Ес дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа энэ удаагийн үзэсгэлэнд нийт 41 компани оролцож, өөрсдийн шинэ, сонин бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээндНикитон” хамтлагийн Бачка, дуучин Rokit Bay болон “Хөсөгтөн” хамтлаг оролцож, ая дуугаа өргөн барилаа.

“ICT EXPO 2015” үзэсгэлэн энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд харилцаа холбоо, технологийн салбарын шинэлэг бүхнийг нээн харуулж, хөгжлийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэхүү үзэсгэлэнгээс эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэн мэдээллийн технологийн салбарт монголчууд юу хийж бүтээн, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа талаар тодорхой мэдээлэл авч болох юм. Өнөөдөр үзэсгэлэнгийн хөтөлбөр дагуу ДДЭШ ТВ ХХК, “Юнител” ХХК, Скайтел ХХК, “Вертексмон” ХХК “Монде” ХХК, “Софтлайн Азия” ХХК-иуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгаа хийж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.