Эдийн засгийн ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ гэж юу вэ

Д.Тулга / Эдийн засаг

tatwarУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нар “Хууль зүйн байнгын хороогоор давхар хэлэлцэх шаардлагатай” гэсэн саналыг гаргасныг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хойшлуулсан.

-ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО-

Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл бүртгэлд ороогүй орлогыг бүртгэснээр эдийн засгийн ил тод байдлын тогтолцоог бий болгоход чиглэсэн хууль гэж үзэж болно.


-АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ӨРШӨӨГДӨХГҮЙ-

Нөгөөтэйгүүр уг хуулийн зорилго нь бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог доголдолгүй болгох, эдийн засгийг бүрэн тодорхойлж чадах тоон мэдээлэл бий болгоно гэж албаныхан үзэж байгаа. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд татвар, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ял шийтгэлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох тухай аж.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд энэ хуульд хамааруулахгүй байхаар зохицуулсан байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн төслийн талаар өгсөн ярилцлагадаа “Гол нь баялаг бүтээгчдэд зориулж энэ хуулийг гаргаж байгаа. Иргэд, олон нийт Эрүүгийн өршөөл үзүүлж байгаа хууль дотор авлига, албан тушаалын хэрэг явж байна уу гэдгийг сайн харж, хянах ёстой.

Өмнөх Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль дээр нэмж "том" Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Сая шинэ Засгийн газар зөвхөн тодорхой хэдэн заалтаар өршөөнө гээд Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хоёр төсөл дээр аль алинд нь авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхөөр орж ирээгүй” гэсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.