Ч.Сайханбилэг: Улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй

Д.Тулга / Эдийн засаг

saihanbileg

-ЕРӨНХИЙ САЙД ЯМАР Ч НУУЦ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГЭВ-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайдыг айлчлал хийх үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой,” “Туркойз Хилл Резорсез,” “Рио Тинто,” “Оюутолгой” ХХК-иуд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Тэрээр “Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Дубайд зурсан нь их утга учиртай. Яагаад гэхээр Дубай хот нь дэлхийд АНУ, Сингапурын дараа ордог санхүү эдийн засгийн том төв. Дубайд Оюутолгойн энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь өөрөө дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчлагдаж эерэг мэдээлэл түгэхэд дөхөм байлаа. Хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэсэн үйл явдлууд үргэлжилж байна” гэлээ.

“Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурчихлаа гэдэг зүйл бичиж, ярьж байна. Эхний ээлжинд хариу өгөхөд, ямарваа нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, Ерөнхий сайд гарын үсэг зураагүй. Холбогдох аж ахуйн нэгж компаниуд, байгууллагын дарга нар зурсан байгаа шүү” гэв.


-ОДОО ОЮУТОЛГОЙГ ЗҮГЭЭР Л ОРХИХ ХЭРЭГТЭЙ-

“Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрын ч, улс төрийн ч асуудал биш болно. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал боллоо. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол улстөрчид энэ Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье.

Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаас тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан.

Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Энийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан.


-МОНГОЛЫН ТАЛ БҮХ ЗАРДЛЫГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ-

Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад, цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон.

Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн 53 хувь, “Рио Тинто”-гийн тал 43 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн.

Бидний хувьд гадны том зөвлөх компаниудыг авч ажиллуулахгүй гэдэг шүүмжлэл гарч байсан. Үүний дагуу хуулийн зөвлөхөөр “Shearman and Sterling”, “Black stone” гэдэг компаниудыг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллуулсан байгаа. Хоёр тал хуучин өөрсдийнхөө тоог янз бүрээр ярьдаг байсан. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоо нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай байх боломж байхгүйг хэлэхийг хүсч байна.


-ТАТВАРЫН АСУУДЛЫГ НЭГ МӨР ШИЙДСЭН-

Татварын асуудал үүссэн байсан. Татварыг нэмж 30 сая доллар төлөөд, айлын талаас Олон Улсын Арбитр руу хандах гэж байсан тэр бүх процессыг зогсоосон. 30 сая ам.долларын татвараа аваад, цаашид татвар дээр ямар нэгэн маргаангүйгээр хоёр тал бүх асуудлыг ойлгож явахаар тохирсон байгаа. Татварын асуудлыг гэрээнийхээ дагуу 2009 онд тогтворжих ёстой байсан тэр хүрээгээр нь, мөн Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудынхаа хүрээнд татварынхаа асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо дахиж энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв, маргаан гарах шаардлагагүй болсон.

Энэ байгуулсан төлөвлөгөөнд ямар ч нууц зүйл байхгүй. Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш энэ компанийн вэб сайт дээр гарсан байгаа. Бид монгол орчуулгыг нь маргааш /өнөөдөр/ Засгийн газрын вэб хуудастаа албан ёсоор тавина. Нуусан зүйл огт байхгүй.


-ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ДАРАА ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ҮЗҮҮЛЭЛТ ӨСЧ БАЙГАА-

Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ хүү, өөрийнх нь үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү, Оюутолгой, Туркз хилл, ММС гээд энэ бүх бондын үзүүлэлтүүд өсч байгаа.

Бид сүүлийн хоёр, гурван жил үүнийг л хүсч ирсэн. Сүүлийн хоёр, гурван жил энэ асуудал гацсан, сүүлийн 20 сар царцсан. Одоо хөдөллөө. Үр дүн нь ийм байна. Бид ийм үр дүнгийн төлөө явсан учраас энэ бол далд уурхай ажиллуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн ажил болж байна гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямарваа нэг хувь улстөрчдийн өөрсдийнхөө оноо цуглуулах энэ ажлыг хүмүүсийнхээ хувь заяа шийдэхээс, Монгол орны хувь заяа шийдэхээс дээр тавьдгаа больцгооё. Одоо ажлаа хийх цаг болсон. Оюутолгойгоо шийдлээ. Дараагийн ээлжинд Засгийн газар, Их хуралтайгаа хамтраад Тавантолгойгоо шийдэхийн төлөө ажиллах болно” гэлээ.


-АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА-

Тэрээр Арабын нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж, хоёр орны харилцааны талаар ярилцсан байна. Тус уулзалтад АНЭУ-ын бүх сайд оролцжээ. “Нэгдүгээрт давхар татварын асуудал, хоёрдугаарт гадаадаас орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлыг, гуравдугаарт хоёр улсын хооронд шууд нислэг үүсгэх” талаар ярилцсан гэлээ. Энэ гэрээ, хэлэлцээрийг амжилттай хийж чадвал том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байна гэдгээ нөгөө тал илэрхийлсэн байна.

Мөн Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг шинээр томилох асуудлыг шийдэхээр талууд тохиролцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай уулзаж, Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сургах асуудлыг ярьж тохиролцжээ. “Хааны хүүтэй мөн уулзсан. Дубай хот, Абу дабу хотын худалдааны танхимын бизнес эрхлэгчтэй уулзсан. Монгол Улс руу Абу дабу Дубайгийн бизнес эрхлэгчийн хоёр том худалдааны танхим хамтарсан төлөөллөө явуулъя гэж тохирсон” гэв.


-БИД НАЙМАН ТЭРБУМЫГ ШИЙДЭЖ ЧАДЛАА-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аяны богц хоосон байгаагүй гэдгийг хэлээд “Өнгөрсөн бүтэн сайн өдөр Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Түүний айлчлал сүүлийн 60 жилд анхны Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлал болсон. Нэг тэрбум ам.долларын хөрөнгийн зээлийн шугам нээж, Монголын хөрөнгө оруулалтуудын төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд бас Оюутолгойн зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтуудын асуудлуудыг шийдлээ. Дээрээс нь бид айлчлалынхаа үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар шийдвэрлэж, Сангийн яам, CIB санхүүгийн группийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ням гаригаас хойш найман тэрбум ам.доллар шийдэж чадлаа. Манай улсын эдийн засаг 10 тэрбум ам.долларынх. Тиймээс бид нэгдэж урагшилж чадвал боломж байгааг харуулж байна. Одоо хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд Засгийн газар шинэ хөрөнгө оруулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно” гэлээ.


saihanbileg-МОНГОЛ УЛС ХОЖНО-

Мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Удаан хүлээлт үүсгэсэн Оюутолгойн асуудлыг шийдсэнийг хөрөнгө оруулагчид эерэгээр харж байна. Монголын Засгийн газар болон “Рио Тинто” хоёр ямар ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Сая харилцан тохиролцсон бүх асуудлуудаа хэллээ. Харилцан тохиролцож чадсан учраас далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөгөө өгсөн баримт бичгүүдэд гарын үсэг зураад, одоо бид дараагийнхаа процессын ажлуудыг явуулна. 14 банкнаас хөрөнгө оруулалт босгох ёстой. Энэ бүх ажил цаг хугацаагаар үргэлжлэх хэрэгтэй. Одоо Засгийн газрын ажил дууссан. Компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас “Эрдэнэс Монгол-Оюутолгой” компани, нөгөө талаас “Туркойз Хиллс Рио тинто-Оюу толгой” компаниуд нийлж энэ ажлуудынхаа ард гарахын төлөө нар, сартай уралдан ажиллах шаардлагатай цаг үе ирж байна.

-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойн хөрөнгийг барьцаална гэсэн асуудал байгаа. Оюутолгойн үндсэн хөрөнгө ард түмний өмч. Хоёрдугаарт, энэ асуудлыг яагаад гадаадад шийдэв гэсэн асуудал байна?

-Саяын асуудлууд бол 2009 оны хөрөнгө оруулалтынхаа гэрээгээр зохицуулагдсан. Энэ асуудлууд руу ороогүй. Хоёрдугаар асуудал бол ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар өөр газар хийсэн зүйл байхгүй. Улаанбаатар хотод, Өмнөговь аймагт, Лондон хотод, Сингапурт, Дубайд гэсэн сүүлийн гурван сарын туршид шат дараатай маш эрчимтэй хэлэлцээрүүд явагдлаа. Дубай хотод асуудлаа шийдэж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байсан. Гэхдээ Дубайд хийсэн хамгийн сүүлчийн шатны хэлэлцээрийнхээ үеэр бүх асуудлаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд, “Оюутолгой” компанийн захирлууд гарын үсгээ зурж, энэ асуудлууд шийдэгдсэн байгаа.

-Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголоор бус гадны банкаар дамжих нь. Саяын хэлэлцээрээр энэ тухай ярилцсан уу?

-Хэлэлцээрийн хувьд байнга л энэ тухай хөндөж ярьсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудлууд нээлттэй байгаа. Болно гэдэг үгтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ гэхээр Монголын тал нөгөө талтайгаа хийх төсвийнхөө хууль дээр шууд шинэ орлого тавьдаг. Мөн татварын байцаагч нар орж ирээд шууд хоёр, гурван удаа тэр чигээр нь хааж байсан учраас бидний хооронд итгэлцэл алга болсон байна. Бидний хооронд хүндрэлтэй асуудлууд харилцаан дээр гарсан байна. Одоо бид нэг завин дээр сууснаа хаа, хаанаа ойлгох ёстой. Бизнесийн жирийн үйл явцын дунд бие биедээ итгэлцэл ойлголцол нэмэгдэж байгаа үед Монгол Улсын санхүү, эдийн засгийн судсаар Оюутолгойн цус гүйх энэ асуудлуудад цаг хугацаа харуулна гэж харж байгаа. Нэг завин дээр суулаа. Цаашдаа бид нэг зорилгын төлөө хамтдаа явах хамтрагчид гэдэг ойлголтоо өнөөдөр бий болгох нь хамгийн чухал байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өссөн юм бэ. Анх 4.2 тэрбум ам.доллар гэж бид төсөөлж байсан. Одоо зургаан тэрбум ам.доллар боллоо?

-Оюутолгой болон ямар ч уул уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Тиймээс далд уурхай дээр Оюутолгойн нийт баялгийн 80 хувь бий. Бид далд уурхайгаа эхлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Тухай бүрт нь ТЭЗҮ-ээ баталж, ил тод явахад энэ асуудлуудыг зохицуулах боломжтой.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сангийн сайд баталгаажуулж гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр болж чадахгүй гэсэн?

-Одоо бүгдээрээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч юм уу, улстөрчдөд хамаатай асуудал биш. Энэ бол эдийн засгийн, бизнесийн, компани хоорондын цэвэр харилцаа. Бид энэ том бүтээн байгуулалтуудынхаа төслүүдийг нэг нэгээрээ улстөржүүлээд байх юм бол хэзээ ч тамын тогооноосоо гарахгүй. С.Ганбаатар гишүүн ээ, өнөөдөр Сангийн сайд гарын үсэг зурснаар батлагдана гэдэг процесс байхгүй. Бид сая гарын үсэг зурснаар энэ далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх бүрэн бололцоо гарч ирж, цаашаа явж байгаа юм. Би үүнийг хүссэн. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа энэ үзүүлэлт дээр ирлээ. Энэ үзүүлэлтүүд цаашаа явна. Үүнийг С.Ганбаатар гишүүн ч хүсч байгаа, жирийн иргэн ч хүсч байгаа байх гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол Улсын үзүүлэлтүүд, энэ хувь хэмжээ бидний маргаанд хариулт өгнө. Монгол Улс эндээс хожно. Тэгэхээр Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь хожих вэ гэдэг асуудал байхгүй. Тиймээс энэ асуудал явдгаараа явна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газар асуудлуудаа шийдээд явна гэдгийг албан ёсоор хэлж байна. Энэ нь зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бид эх орныхоо төлөө гаргах ёстой шийдвэрүүдээ гаргана.

-Өнөөдрийн байдлаар хичнээн тэрбумын хөрөнгө оруулалт ороод байна вэ?

-Одоогоор нийтдээ долоо орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод явж байна. Энэ нь үргэлжлээд цаашдаа явна. Нийтдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт үргэлжлэх хугацаа нь долоон жил. Ийм төлөвлөгөөтэйгээр бид ажлаа хийгээд явж байна. Энэ жил бол ажлууд нь явагдана. Эхний хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Оюутолгой хөдөлнө гэдэг бол Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө. Бид дандаа үндсэн ашгийн талаар ярьж маргалддаг. Цаана нь хаялга ашиг, үр өгөөжийн тухай ярьдаггүй. 2001 оны тэр сайхан эдийн засгийн үзүүлэлтүүд, эерэг үр дүнгүүд эдийн засгийн идэвхтэй амьдрал энэ далд уурхайн олборлолтын үед эргэж сэргэнэ. Үүний төлөө бас Засгийн газар ажиллах болно.

Ж.ГАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.