Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн зохион байгуулна

Д.Тулга / Спорт

choloot boh

Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын бөхийн сонгон шалгаруулах цуврал тэмцээний хуваарь гарчээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос /UWW/ Бразил улсад болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн сонгон шалгаруулах цуврал тэмцээнийг явуулах хугацаа, зохиох улс, олгох эрхийн тоог мэдээлснийг толилуулж байна.

Олимпийн наадамд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид тус бүр зургаан жинд хүч үзнэ. Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 19 бөх, тус бүр нийт 114 бөх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл жин тус бүрт 18 бөх, нийт 108 бөх барилдана.

Эрэгтэй чөлөөт бөхчүүд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, эмэгтэй бөхчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ын жингүүдэд хүч үзнэ. Нийт 336 бөх олимпийн наадмын 18 алт, 18 мөнгө, 36 хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Олимпийн наадамд зодоглох эрхийг дараах дөрвөн шатлалтай сонгон шалгаруулах тэмцээнээс олгоно. Үүнд:

1. 2015 оны есдүгээр сарын 7-12-ны АНУ-ын Лас-Вегас хотод болох 2015 оны ДАШТ-ээс сонгомол барилдаан, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрийн шилдэг 6 бөхөд эрх олгоно.

2. Ази, Европ, Америк, Африк, Далайн орнуудын тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Африк, Далайн орнууд бөхчүүдийн сонгон шалгаруулах тэмцээн хамтдаа болно. ДАШТ-нээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй.

- Пан-Америкийн сонгон шалгаруулах тэмцээн АНУ-ын Даллас хотод 2016 оны гуравдугаар сарын 4-6-ний өдрүүдэд болно.

- Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотод 2016 оны гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд болно.

- Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн Алжир улсын Алжир хотод дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд болно.

- Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээн Серби улсын Сержанин хотод дөрөвдүгээр сарын 15-17-ний өдрүүдэд болно

3. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд Монгол улсын Улаанбаатар хотод 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд болох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх олгоно. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй

4. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд 2016 оны тавдугаар сарын 6-8-ний өдрүүдэд Турк улсын Стамбул хотод болох “Хоёр дахь сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт олимпийн наадамд оролцох 2 эрх олгоно. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй.

Ийнхүү нийт 336 бөх Зуны олимпийн “Рио-Де-Жанейро-2016” наадмын дэвжээнд сонгомол барилдаан, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр өрсөлдөнө. Үүнд:

- ДАШТ-ээс 108 эрх,

- Тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144 эрх,

- Монгол улсад болох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс 48 эрх,

- Турк улсад болох “Хоёр дахь сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс 36 эрх,

Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөлөөс Олимпийн наадмыг зохион явуулах Бразил улсад 4 эрх, цагаан хуудсаар 4 эрх мөн олгоно.

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 2016 оны наймдугаар сарын 14-21-ний өдрүүдэд болно.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.