“Хавдрын эсрэг үндэсний аян-2015” үргэлжилж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Хавдар өвчнийг эрт шатанд нь оношилж, эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний аян 2015 оны 5-р сарын 5-ны өдөр Орхон аймгаас эхэлсэн бөгөөд аяны эмч нарын баг өнөөдрийг хүртэл Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймаг болон Замын-Үүд суманд хуваарийн дагуу үзлэг оношилгоог амжилттай явуулаад байна. Энэ жил тус аян 12 аймаг, 2 суманд хүрч ажиллана. ХСҮТ-ийн эмч нарын 4 баг 6-р сарын 27-ны өдөр гэхэд үлдсэн аймгууд болох Төв, Өвөрхангай, Архангай, Архангай аймгийн Хангай сум, Сүхбаатар, Ховд, Увс зэрэг 6 аймаг, 1 суманд ажиллах юм.

Орон нутагт аян хэрэгжүүлэх эмч нарын баг бүрэлдэхүүн нэг аймагт 5 хоногийн хугацаанд ажиллаж байгаа юм. Эдгээр өдрүүдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг үндсэн зорилтынхоо хүрээнд ажиллаж байна.

Аян хэрэгжээд байгаа 5 аймаг 1 сумын үр дүнгээс толилуулбал одоогийн байдлаар нийт 9123 иргэнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулснаас хавдрын урьтал-566, хоргүй болон хортой хавдар-655, бусад өвчлөл-1838 илрүүлж, 608 эд эсийн шинжилгээ авсан байна. Мөн түүнчлэн ХААН Банкны ажилтнууд болон сум, баг хорооны сайн дурын идэвхтнүүд, аймгийн насан туршийн боловсролын ажилтнууд зэрэг 182 хүнийг сургалтанд хамруулаад байна.

Аймгуудад ажиллах хугацаандаа эмч нар мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт хийж үзүүлсэнээр аймгийн мэс заслын эмч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургаж цаашид бие даан дурангийн болон зарим төрлийн хавдрын мэс заслыг хийх чадвар олгодог төдийгүй эдийн засгийн хувьд өвчтөний ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Өмнөговь аймагт ажилласан багийн ахлагч, АУ доктор, ЭМЗТасгийн эрхлэгч Э. Амарсанаа болон тус тасгийн их эмч Г. Лхагвадорж нар аяны 2,3,4 дэхь өдрүүдэд хоргүй хавдартай умай авах хагалгааг дурангийн аргаар, өндгөвчний хоргүй хавдрыг умайн дайврын хамт авах хагалгааг нээлттэй аргаар, ургацагтай 3 хүнд умайн хүзүү өөлөх зэрэг мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна.

ХСҮТ-ийн Толгой хүзүүний мэс заслын тасгийн их эмч М.Энхтуул арьсны хортой хавдар авах төгс мэс засал, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Сарантулга хөхний хоргүй хавдар авах хагалгааг тус тус хийлээ.

Мөн түүнчлэн бусад аймаг суманд хөнгөн хэлбэрийн хагалгаануудыг газар дээр нь гүйцэтгэж, хүндэрсэн шатны зарим хагалгааг Хавдар Судлалын Үндэсний төв дээр хийлгэхийг зөвлөж, холбогдох мэдээллийг өгч байлаа.

Эмч нарын баг яг одоо Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс Өвөрхангай, Архангай аймгуудад 6-р сарын 1-13 өдрийг хүртэл ажиллах юм. Монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө эрхэм үйлсийг бүтээж буй ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, аяныг дэмжигч орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад баярлалаа.

Аян үргэлжилж байна....

Бид хамтдаа эрүүл амьдралын төлөө – “Хавдрын эсрэг үндэсний аян”


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.