Цагдаа ШАЛТАГ гаргаж, нөгөөх нь АЧИЖ, АШИГАА хуваадаг болсон уу!

Д.Тулга / Нийгэм

tsagdaa

Замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамлах ажил жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Үнэхээр энэ журам хэрэгжиж эхэлснээр замын түгжрэл ч тодорхой хэмжээгээр багасч, үр дүн өгч байгаа гэдэгтэй санал нэгдэнэ. Нэгэнт л эрхэм жолооч дүрэм, журам зөрчсөн нь үнэн бол дарга, цэрэг, жирийн иргэн хэн ч байсан хариуцлага хүлээх нь зөв. Гэвч энэ асуудыг тойрсон хэл ам, гомдол тэмцэл улам бүр л нэмэгдэж байна. Автомашиныг өнгө үзэмж, хэлбэр загвар, улсын дугаараар нь ялгаварлан ачиж байна гэх иргэдийн гомдол сүүлийн үед сонсогдох болсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэн М.Наранбат зайлшгүй шалтгаанаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан байна. Харин гарч ирэхэд нь урд талд нь байсан Lexus 570, хойно нь байсан BMW маркийн автомашин байгаа байрандаа байсан атал дунд нь байсан өөрийнх нь Рrius 11 маркийн автомашиныг ачаад явчихсан байж. Үнэхээр ийм явдал сэтгүүлч надад ч тохиолдсон юм. Хоёр талд нь байх том жипнүүдийг нь орхиод, “энэ машины жолооч хэл ам хийгээд хаа шалив” гэж гэж бодсон бололтой хөөрхий муу жижиг тэргийг маань аваад явчихсан байж билээ.


-СУУЖ ЯВСАН ХҮҮХЭДТЭЙ НЬ АЧУУЛНА ХЭМЭЭЖЭЭ-

За энэ энгийн үзэгдэл болжээ гэж бодтол саяхан Замын цагдаагийн алба хаагч хүртэл машин ачилтын бизнест хуруу дүрсэн байж болзошгүй мэдээлэл ирэв. Юу вэ гэвэл жолооны үнэмлэх, машины бичиг баримтаа гэртээ мартаад явж байсан иргэнийг зогсоосон Хан-Уул дүүргийн замын цагдаа бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар машиныг нь ачина хэмээгээд ачилтын компанийнханыг дуудсан талаараа жолоочид хэлсэн байх юм. Үнэмлэхээ аваад ирье, хүнээр авахуулчихъя, хүүхдүүдтэйгээ зуслан гарчаад явж байна хэмээн учирлахад ч тоогоогүй гэх бөгөөд ердөөсөө л шууд машин доторх хүүхэд шуухад, юутай хээтэйг нь ачуулна хэмээсэн аж. Машин ачилтын журманд “Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг ачина” хэмээх заалт бий.

Харин дээрх тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх нь байсан хэдий ч гэртээ мартсан тохиолдол юм. Ийм байдалд орж үзээгүй, бичиг баримтаа энд тэнд орхиж мартаж үзээгүй жолооч гэж байдаггүй биз. Техник тоног төхөөрөмж хөгжсөн өнөө үед цахим системээр дамжуулан тухайн машин жолоодож явсан хүнийг жолоодох эрхийн үнэмлэхтэй, тэр нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгачихаж болдог болсон байлтай. Гэтэл юу юугүй ачуулна, бичиг баримтаа авчраад 80 мянган төгрөгөө төлчихөөд машинаа аваарай хэмээн гүрийгээд байсан нь сэжиг бүхий санагдсан гэх.

Машин ачилтын үйл ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 12 ачигч машин болон ЗЦГ-аас зөвшөөрөлтэй “ОЧУТ”, “Хас транс”, “Авто гранд” мастер, “Тэнүүн огоо”, “ВММL-2”, “Ачит Сэлэнгэ” гэх компаниуд гүйцэтгэдэг билээ. Гэхдээ хувийн компаниудтай гэрээ байгуулж ажиллаж байгаа учир тэдний үйл ажиллагаанд Замын цагдаагийн газраас огт оролцдоггүй, оролцох эрх байхгүй хэмээн албаны эх сурвалжууд мэдээлдэг. Ийм байтал машины гэрчилгээгээ гэртээ орхисны төлөө автомашиныг нь хүүхэдтэй нь цуг ачуулна хэмээж байгаа замын цагдааг юу гэж ойлгох вэ. Ачилтын компанийн ажилчид болон замын цагдаа нарын хооронд бизнесийн ашиг сонирхол дээр суурилсан гэрээ үүсчихсэн юм биш байгаа гэх хар төрөх. Нэг нь шалтаг гаргадаг, нөгөөх нь хүчээр ачдаг. Эцэс нь ашгаа хуваадаг гэх мэт. Энэ мэт замын цагдаа нь ачигч машинуудыг дуудан, машин ачуулдаг байдал ганц нэгээр тогтохгүй, мэр сэр гарах болсныг мэдээлэх иргэд ч байгаа юм.


-НАЙМАН ТОХИОЛДОЛД ТАНЫ МАШИНЫГ АЧИНА-

НЗДТГ-аас боловсруулсан “Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-д жолооч таныг машиныг дараах найман тохиолдолд ачиж явах үндэслэлтэй юм байна.

1. Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг

2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг

3. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг

4. Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг

5. Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг

6. Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг

7. Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг

8. Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачих юм байна.

Ямар нэг хууль дүрэм хэн хэндээ тэгш, шударга үйлчилж байх ёстой. Ингэхгүй байж гэмээнэ л хэрүүл маргаан, гомдол санал, баян хоосны ялгаа, барьцалт талцалт гарч ирдэг нь нийгмийн бичигдээгүй хууль. Гэтэл ийнхүү машин ачих энэ ажиллагаа дүрэм журам мөрдүүлэх биш мөнгө олох, шунахайн сэдэлтэй болж байгааг олон эх сурвалжууд хэлсээр байна.

Б. ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.