МОНГОЛ ТЕХНОЛОГИ: Хонины сүүлээр саван үйлдвэрлэж байна

Д.Тулга / Орон нутаг

Tos

Өнгөрсөн жил Засгийн газраас “Монголдоо бүтээцгээе” уриан дор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын үйлдвэрлэлд зарцуулсан. Ардчилал гарснаас хойш үйлдвэрүүд хаалгаа барьж үндэсний үйлдвэрлэл устаж байснаа эргэн сэргэж эхэлсэн нь энэ билээ.

Манай улсын хувьд нөхөн сэргээгдэж байдаг баялаг болох хөдөө аж ахуйн салбараас бий болдог ноос ноолуур, арьс шир, цагаан идээ зэргээс гадна бас нэгэн шинэ технологи нэвтэрсэн нь хонины сүүлийг ашиглан саван үйлдвэрлэх технологи юм.


-“СҮҮЛЭНХҮҮ”-Г ХОНИНЫ СҮҮЛЭЭС ГАРГАН АВЧ, ГАР АРГААР ҮЙЛДВЭРЛЭДЭГ-

100 хувь хонины сүүлээс гаргаж авсан энэ саванг "Дэгжих Оюу" ХХК үйлдвэрлэн гаргасаар таван жил болжээ. Орчин үеийн хэрэглэгчдэд зориулан хонины сүүлний эвгүй үнэрийг цэцэгсийн үнэрээр дарж хатуу болон шингэн саван болгон зах зээлд нийлүүлдэг байна. Монголчууд сүүлний тосны ашиг тусыг эртнээс мэддэг байсан хэдий ч хурц үнэрээс нь болж төдийлөн ашигладаггүй байсан бол өнөөдөр энэ асуудал шийдэгдэж байна.

Хонины сүүл 2011 онд 3000 төгрөг байснаа өссөөр өнөөдөр дунджаар 7000-8000 төгрөг болсон байна. Ингэж худалдаж авсан хонины сүүлнээсээ тосоо гарган авч ашиглана. Үүн дээр үйлдвэрлэлийн явцад гарах бусад зардал, ажилчдын цалин хөлс, татварыг нэмснээр 100 гр энгийн саванг 15.000 төгрөгөөр, бусад хольцтой саванг 17.000 төгрөгөөр борлуулдаг юм байна.

Сүүлэнхүү саванг ямар нэгэн нүсэр үйлдвэрлэлийн шат дамжлагаар үйлдвэрлэдэггүй, "Дэгжих Оюу" ХХК-ийнхан гар аргаар үйлдвэрлэдэг учраас монгол хүний сэтгэл шингэсэн дотоодын үйлдвэрлэл юм. Саванг сүүлний өөхөөр хийж байгаа учраас хүүхдийн биед илүү ач тустайг бодож сонирхолтой хэлбэр дүрс гарган урлаж байна. Тухайлбал, китти муур, сарнай цэцэг, бамбарууш зэрэг хэлбэр дүрсүүдийг сонгон авсан байх юм.


Tos

-ХОНИНЫ СҮҮЛ ЭСИЙН ТӨВШИНД ХҮРЧ ҮЙЛЧИЛДЭГ-

Сүүлэнхүү саванг үйлдвэрлэгч "Дэгжих Оюу" ХХК-ийн захирал Ц.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хонины сүүлийг ашиглан саван бүтээх санааг анх хэрхэн олж байв аа?

-2008 онд сүүлний тосны эмчилгээний үнэт чанарыг би маш сайн мэдэж авсан. Тийм болохоор хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд энэ сүүлний тосыг хэрхэн оруулж, энэ үнэт чанар дээр хэрхэн тоглож болох вэ гэдгийг бодож байгаад үйлдвэрлэлд оруулахаар шийдсэн юм. 2014 он хүртэл шинжлэх ухааны судалгаа, туршилт хийж, уламжлалт хэрэглээн дээр аль болох суурилж 100% натурал байлгахыг их хичээсэн. Сүүлдээ натурал биш цэвэр органик бүтээгдэхүүн гаргаж чадсан. Одоо бид бүтээгдэхүүнээ байнгын захиалгаар нийлүүлдэг болсон байна. Манай саванг ихэвчлэн уламжлалт эмнэлгүүд, жирэмсэн эхчүүд, гадаадад байгаа монголчууд захиалан авч байгаа.

-Технологийнхоо нууцаас бага зэрэг хуваалцаж болох уу?

-Бид хонины сүүлээр хийж байгаа энэ савандаа аль болох химийн элемент бага оруулахыг хичээдэг. Химийн элементүүдийг байгалийн бүтээгдэхүүнээр орлуулж байгаа. Технологоо цэвэр өөрсдөө гаргаж авсан. Органик бүтээгдэхүүн учраас тодорхой сигментэд зориулж бүтээж байгаа гэж ойлгож болно. Учир нь масст зориулж хийх гэсэн боловч бүтээгдэхүүний маань өртөг өндөр тусдаг, үнэ нь ч дагаад өндөр болохоор хүмүүс төдийлөн худалдан авах нь бага.

-Ойролцоогоо 100 гр саван ямар өртөгөөр бүтдэг юм бэ?

-Өнөөдөр захуудад хонины сүүл 7000-8000 төгрөгийн үнэтэй байна. Бид сүүлээ худалдаж авсныхаа дараа сүүлний тосоо шахан гаргаж авдаг. Бас цэвэр гар аргаар үйлдвэрлэж байгаа учраас хөдөлмөр их ордог. Гэртээ энэ технологиор сүүлний тос гаргаж авч байгаа хүмүүсийнхийг бодвол үнэр нь анхилам байх жишээтэй. Тэгэхээр энэ анхилам үнэрийг гаргахын тулд бас л ажил болно доо.

-Нэг удаа саван хийхдээ ойролцоогоор хэр хугацаа шаарддаг вэ?

-Гаргах хугацааны хувьд 14-21 хоног болж байж бүрэн хатдаг. Энэ дээрээ нэмээд бид нэмэлтээр шилмүүс, жасмин зэрэг ургамлын үнэр оруулахын тулд хугацаа шаарддаг.

-Сүүлний тосны ашиг тус юундаа байна вэ?

-Сүүлний тосны үнэт чанар бол хүний биед эд эсийнх нь түвшинд хүрч үйлчилдэгт л байгаа юм. Ялангуяа жирэмсэн эх, нярайд маш сайн. Тийм учраас би хүмүүст өдөр тутмынхаа амьдралд сүүлний тосыг сайтар хэрэглэж байгаасай гэж уриалж байна. Заавал манай бүтээгдэхүүнийг худалдан аваач ээ гэлгүйгээр өөрсдөө гэрийн нөхцөлд сүүлний тосыг өдөр тутамдаа хэрэглэж байвал хүний биед маш сайн шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.


Tos

-СҮҮЛНИЙ ТОС ЮУНД САЙН БЭ?

Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг уламжлалтай. Энэ нь хоол тэжээл төдий биш, хүний оюуны чадавхид нөлөөлж, хурдан сэтгэдэг болгож, хүүхдийг эрүүл чийрэг өсч торних суурь болдог байж. Тиймээс ч хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог.

Цаашилбал хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их, тэжээллэг чанар өндөртэй, кальци уургийн агууламж ихтэй тул хүний бие организмд хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг. Д, С, А, К амин дэмүүд нь хүний арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх, арьсанд гүн шингэж арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээлийн хүчлүүдээр хангаж гар нүүрийн арьсны уян хатан чанарыг дээшлүүлж, арьсны судас ялангуяа хялгасан судасны ханыг биежүүлж цусанд холестрин хуримтлагдах судас хатуурахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Сүүл нь доорх амин дэмүүдийг өөртөө агуулсан байдаг. Үүнд:

1. Уураг

2. Эрдэс

3. Витамин

4. Кальци

5. Магни

6. Иод

7. Фтор

Tos

Сүүлний тосыг биедээ түрхэснээр үхэжсэн эд эсийг сэргээн, нөхөн төлжүүлнэ, зөөлрүүлэнэ, уян хатан бөх чанартай болгодоно, биед шаардлагатай эрдсийг нөхдөг. биеийн халууныг тэнцвэржүүлэнэ, дархлаа сэргээж, уураг нөхнө. Эд эсийн сийрэгжилт шохойжилтоос хамгаалан, эвэршсэн газарт түрхэж зөөлрүүлэнэ. Цахлай, эвэр, мөөгөнцөр, толбот үрэвслийн үед хэрэглэж болох бөгөөд бодисын солилцоог сайжруулан, зарим үед саармагжуулдаг. Хуурайшиж хатуурсанд арьсанд түрхвэл зөөлөрч сэргээн, хөгшрөлтийг зогсооно. Ургамлын хандтай хольж хэрэглэж болно. Арьсанд байгаа бактерийг устгах чадвартайн дээр нөсөө толбыг арилгана.

Арьсын гуужуулах үйлчилгээтэй, дотор эрхтэний хэвийн үйл ажллагааг хамгаалана. Хөлс ялгаралтыг сайжруулж чийг бам өвчнөөс сэргийлэнэ. Түүнчлэн биен дахь хордлогыг тайлах, гадагшлуулах зэрэг олон эерэг үйлчилгээтэй юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.