Ч.Төрмандах: Зөв менежментээр явбал иргэн бүр 1072 хувьцаанаасаа ашиг хүртэх боломжтой

Д.Тулга / Эдийн засаг

tawantolgoi

Өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлчдийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс Тавантолгой” компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компаний үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани өнгөрөгч онд нүүрсний салбарт бусад компаниудаасаа ашигтай ажилласныг эдийн засагчид онцолж байсан билээ.

Энэ оны эхэнд тус компани 22 сая тонн нүүрс дангаараа олборлосон байна. Ашигт малтмалын тухай хууль шинээр гарч “Тавантолгой” ХК өөрийн эзэмшилд байсан ордын нийт 11350 га талбайг улсдаа буцаан өгч зөвхөн ашиглалт явуулах 169 га талбайг авч үлдэн үйл ажиллагаагаа явуулсан. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортыг эхлүүлж, Гашуунсухайт хилийн боомтоор 256 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлж байжээ.

“Гашуунсухайтын автозам” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшигч болж хөрөнгө оруулалтыг мөн хийсэн аж. “Тавантолгой” ХК нь орон нутгийн 51%, хувьцаа эзэмшигчдийн өмч 49%-ийн өмчлөлтэй. Ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулсан байдаг.

Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани бөгөөд дотоодын зах зээлд жилдээ 500 тонн кокс үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм. Тус компанийн хувьцааг дэлхийн 23 орны иргэд эзэмшдэг байна. Хүсвэл манай улсын иргэд ч мөн хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдан авах боломжтой аж. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бусад компаниудаас хамгийн хямд буюу 1 метр куб нүүрсийг 4700 төгрөгөөр олборлодог бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд 6800 төгрөгөөр олборлодог байна. Тус компанийн эдийн засагч Ч.Төрмандахаас дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн жилүүдэд танай компанийг бусад компаниудаасаа харьцангуй ашигтай ажилласан, ашиг хүртээж чадаж байна гэж гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Үнийн хувьд ч хамгийн хямд байна гэсэн?

-Уурхайн хувьд хамгийн бага зардлаар олборлоод, уурхайн аман дээрээс үнэтэй зарах бодлого баримтлаж байгаа учраас өнгөрөгч онд 3.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, Өмнөговь аймаг болон хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж чадсан. Уурхайн бодлогын хувьд менежментийн олон арга барил ашигладаг. Гол бодлого бол уурхайн ам нөхцөлөөр бага өртөгөөр олборлоод өөр дээрээ олон төрлийн ачаалал авалгүйгээр, зардлаа өсгөлгүй борлуулж байгаа учраас тодорхой хэмжээний ногдол ашгийг тарааж, ашигтай ажилласан.

-Бусад хоёр компанийн тухайд яг энэ жишгээр ажиллаад иргэддээ хувьцааны ногдол ашгийг нь өгөх боломж байгаа болов уу?

-Иргэн хүний үүднээс үзвэл ийм боломж байгаа. Учир нь бидэнд 50 жил олборлоод ирсэн түүх бий. Үүнээс үндэслээд харвал эх орныхоо баялгийг зөв зохистой ашиглаад, зөв менежментээр явж чадах юм бол иргэн бүр 1072 хувьцаанаасаа ашиг хүртээд, эх орныхоо баялгаас хүртэх бүрэн боломжтой болох юм.

-Тавантолгойн нийт орд дээр гадны компаниуд хөрөнгө оруулагчаар орж ирээд консерциум байдлаар ажиллах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ордын хэмжээнд яг одоогоор төрийн болон хувийн, 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчийн гэсэн ийм гурван уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн уурхай дээр гадны хөрөнгө оруулагчаар компаниуд ороод зөв менежмент, зөв бодлогоор ажиллавал боломжтой гэж үзэж байгаа.

-Гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд цаашдаа ямар бодлогоор зангидах ёстой вэ. Тухайлбал, гарч байгаа үнийн хувьд хүртэл өөр өөр байна?

-Төрөөс нэг цонхны бодлого гэж яриад байгаа. Энэ бодлогоо зөв бариад явах юм бол болно. Гурван уурхай тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа учраас өрсөлдөөн зайлшгүй үүсч байгаа. Тиймээс нэг нэгнийхээ үнийг унагах зэрэг сөрөг тал ч бий. Мөн нөгөөтэйгүүр төрөөс бодлогын хувьд дэмжиж, автозамын татварыг бууруулвал бидэнд боломж нээгдэнэ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.