Т.Мөнхтунгалаг: Н.Алтанхуяг саад учруулах гэж оролдсон

Д.Тулга / Хууль

ATG

АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар 2015 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар, төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг ээлжит мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлүүдийг тодрууллаа.

-АТГ Н.Алтанхуяг гишүүний боловсруулсан хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэн өөр илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй.

-Н.Алтанхуяг гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан юм уу?

-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл АТГ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй, хянаж шалгах эрхтэй субъект нь ч биш юм. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.

-Н.Алтанхуяг үзлэг нэгжлэг хийх үед саад учруулсан уу?

-“Алтан тэнгэр” компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Энэ асуудлыг АТГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

-Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байна гэсэн. Одоо юу болж байна?

-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүнн. Гантамир нарын гомдлын дагуу ҮХЦ-ийн гишүүн Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад өгсөн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж АТГ-т байхгүй.

-Санжийн Баярыг шалгасан асуудал юу болов?

-УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-т хандсаны дагуу Санжийн Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Г.Дэнзэнгийн хэрэг юу болж байгаа вэ?

-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

-Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Б.Пүрэвдоржийг ямар зүйл ангиар шалгаж байна?

-Эрүүгийн хуулийн 263.2, 273.2, 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг танайхаас шалгаж эхэлсэн. Энэ хэргийг шалгалт ямар шатандаа явж байна?

-Эрүүгийн хуулийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Танайхыг Прокуророос шалгасан. Яагаад шалгаж байгаа юм бол?

-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол хийж байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа, цаашид ч хийх тийм л шалгалт. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг. АТГ хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа байгууллага гэсэн ойлголт байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.

-Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ?

-Таван хүн байгаа. Хээл хахууль авах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 5 хүн байна. Тодруулбал Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар шалгуулж байна.

-АТГ-ын тайлангаас харж байхад шалгасан гомдол мэдээллийн ихэнхийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Яагаад вэ?

-Иргэд нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ-т хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой байгааг манайд ирүүлсэн гомдол, мэдээллийн бүртгэлээс харж болно. Гэтэл АТГ хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус, ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхээс хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй гэх зэрэг гомдол нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.