ВИДЕО: Цагдаа хувцастайгаа хүн зодох байтугай тануулж өмсөх хориотой

Д.Тулга / Хууль

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй, төрийн хувцас өмссөн, хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа загатнааг гаргаж байгаа бичлэг өчигдөр сошиал ертөнцөөр тарав. Тэрбээр бүсгүйг зам хөндлөн чирж, зодож, машиндаа хүчээр шахам түлхэж суулгаад явчихаж байгаа харагдана. Зодуулсан эмэгтэй гэмт хэрэгт холбогдсон хэн нэгэн байв уу, эсвэл цагдаагийн эхнэр байсан уу гэдэг асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг ч өрнөв бололтой. Ямартаа ч бичлэг дээр буй залуу өөрийгөө гэмт хэрэгтэн баривчилж байгаа цагдаа хэмээн онгиров уу, хувийн амьдралынхаа уур хилэндээ хэт автаж, юу хийж байгаагаа ч ухаарах сөхөөгүй болсон байв уу, замын голд машинаасаа бууж, бөөн түгжрэл үүсгэчихээд хөөрхий бүсгүйг хүч хэрэглэн зодоод, юу ч болоогүй юм шиг машинаа асаагаад яваад өгч байгаа юм.

-НИЙГМИЙН ХЭВ ЖУРМЫГ ЦАГДАА ӨӨРӨӨ НОЦТОЙГООР ЗӨРЧИВ-

Төрийн цагдаа хүн тангараг өргөхдөө “Монгол Улсын ИРГЭН БИ цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гээд тугандаа мөргөдөг биш бил үү. Гэтэл энэ бичлэгт төрийн хувцастай цагдаа олон нийтийн өмнө эмэгтэй хүнд гар хүрлээ.

Эхнэр нь үү, эсвэл өөр хэн нэгэн эмэгтэй юу гэдгийг бид мэдэхгүй ч энэ үйлдлийг нь тайлбарлах ямар ч шалтгаан хэрэггүй. Эмэгтэй хүн эр бяраа гаргаж байгаа цагдаа хүн энэ нийгмийг эрүүлжүүлэхэд хүчин зүтгэнэ гэдэгт эргэлзэж байна гэдгийг л хэлье. Нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэнэ гэж андгайлсан цагдаа шүү. Гэтэл нийгмийн хэв журмыг өөрөө ноцтойгоор зөрчиж танхайрлаа. Тэгэхдээ бүр төрийн халдашгүй дархан эрх бүхий цагдаагийн хувцастайгаа. Цагдаагийн хувцастайгаа хүн зодох байтугай хасуулж, танаж өмсөх ч хориотой байдаг талаар эх сурвалж бидэнд мэдээллэсэн.

-ТУХАЙН АЛБАН ХААГЧИЙГ ХЭН БОЛОХЫГ ТОДРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ-

Хэрвээ цагдаагийн албан хаагч дүрэмт хувцастайгаа гудамж талбайд ямар нэг байдлаар танхайрсан бол тухайн албан байгууллагаас нь захиргааны хариуцлага тооцдог журамтай. Тодруулбал, цалингийн тодорхой хувийг хасах, цол бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг байна. Харин хийсэн үйлдэл нь эрүүгийн шинж чанартай бол ямар хэрэг хийснээс нь шалтгаалж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай аж.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн талаар тордуулахад “Энэ бичлэг шаардлага хангахгүй байгаа болохоор хаанахын, хэн гэдэг албан хаагч болох нь тодорхойгүй байна. Тодруулахаар ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасан байдаг. Тиймээс уг цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авна” гэх хариулт өгсөн юм.

-ТӨРИЙН ХУВЦАСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ АЛДАГДУУЛАХ ЁС ТЭДЭНД ҮГҮЙ-

Төрийн хувцас өмсөнө гэдэг маш өндөр хариуцлага, үлгэр дуурайлал. Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн цагдаа хүн зодох эрхтэй гэж ойлгодог байсан гэхэд болно. Харин одоо цаг үе өөрчлөгдөж, хүмүүсийн ухамсар, үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдөж байна. Цагдаа ч бай, хэн ч бай, хэн нэгэн этгээд хууль бус, хүний эрх зөрчсөн үйлдэл гаргавал тэр дор нь нийгмийн сүлжээгээр тараадаг, эргээд хариуцлага тооцуулдаг жишиг тогтож эхэлж байна. Сайшаалтай хэрэг. Гэвч цагдаа нарын арга барил төдийлөн өөрчлөгдөхгүй, дургүй хүргэсэн хүнээ учир шалтгаангүй зоддог, хүн ёсны үүднээс хүндлэхгүй, адгуус мэт харьцдаг хуучин бурангуй харьцаа хандлага нэг л хаягдаж орхигдохгүй байгаа талаар олон нийт ярьж, бичсээр байна. Иргэний сэтгүүлзүй хөгжиж эхэлж байгаа энэ үед цагдаа таны гаргасан хууль бус, дээрэнгүй үйлдэл хуулиас гадуур өнгөрнө гэж үгүй.

Мэдээж цагдаа ч хүн, иргэн ч хүн. Гэхдээ төрийн хувцас өмссөн цагдаагийн алба хаагч би ч гэсэн хүн, би л гэмт хэрэгтнүүдтэй ажиллаад ийм хэрцгий зан байдалтай болсон гэх ойлголтоор, хувийн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах эрх байхгүй. Аливаа асуудлыг уурын мунхаг, гарын бяраар шийдэхгүй байх ухаан цагдаа хүнд, төрийн хувцас өмссөн албан хаагчид байх ёстой. Хууль бол хууль, тангараг бол тангараг. Төрийн хувцасны үнэ цэнийг алдагдуулж, эрх үүргээ давуулан биелүүлэх ёс тэдэнд үгүй билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.