Кондукторууд баяртай

Д.Тулга / Нийгэм

Нийтийн тээвэрт одоо л нэг шинэчлэл хийгдэж байна. Ууртай уцаартай, харилцааны соёлгүй, үйлчлүүлэгчдээ үл хүндэтгэдэг гэх кондукторуудыг тун удахгүй “баяртай” гэх болж. Авсан цалингаа голж, ажил хаялт зарлаж, нийслэлийн 1.3 сая хүн амын эрх ашгийг уландаа гишгэж, ажил, албанаас нь хоцроосон жолооч, кондукторуудтай холбоотой таагүй мэдээллүүд их гардаг. Кондуктор хүн зодлоо, ядарсан иргэдийг дээрэлхлээ, оюутнуудын картыг хураалаа, өндөр настнуудыг “ад үзлээ”, жолооч нар хурд хэтрүүлж, осол гаргалаа, хүн дайрч хөнөөлөө зэрэг таагүй мэдээллүүд дүүрэн. Гэвч эдгээрийг засч залруулах, шинэчлэл хийхээр хотын удирдлагууд зүтгэж байна.

Хэд, хэдэн удаа нийтийн тээвэрт туршилт хийхээр оролдож байсан. Тухайлбал, өнгөрсөн намар богино эргэлтээр 500 төгрөгийн билетээр иргэд хэдэн ч автобусанд зорчих боломжтой аргыг нэвтрүүлсэн нь иргэдэд тийм ч таатай санагдаагүй. Харин ч будилж хоцорсон иргэд цөөнгүй байсан. 10 хоногийн туршилтын хугацаа дуусаад хотын дарга энэ ажлыг цуцалж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн “Railbus” явуулсан ч иргэд өндөр үнэтэй байгааг шүүмжилж байсан.

Одоо нийтийн тээвэрт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд ухаалаг системүүдийг суурилуулаад байгаа. Энэ ажил иргэдийн талархалд хэрхэн нийцэж байгааг сурвалжиллаа.

Автобусуудад ухаалаг систем суурилуулснаар энэ сарын 20-ноос бид бэлэн мөнгөөр бус, картаар үйлчлүүлдэг шинэ тогтолцоонд шилжих гэж байна. Автобусны буудал бүрт карт цэнэглэгч машинууд суурилуулж иргэд хүссэн үедээ картаа цэнэглэдэг болох нь. XXI зуунд хойд хөрш, манайх хоёр шиг нийтийн тээвэртээ кондуктортай улс байхгүй хэмээн хошигнодог. Энэ ч үнэний ортой. Харин одоо манай улс нийтийн тээврийн үйлчилгээнээсээ кондукторын ажлыг “халж” байна. Гэхдээ шинэчлэл хийлээ гээд кондукторын ажил хийдэг хүмүүсийг шууд ажилгүй болгох юм биш. Тэд карт цэнэглэх машин болон карт худалдаалах, иргэдэд мэдээлэл өгөх зэрэг ажил хийх юм байна.


Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1170 орчим автобусуудад суурилуулах тоног төхөөрөмжүүд бүгд үйлдвэрлэгдээд Монгол Улсад ирчихсэн байгаа. Сүүлд авсан мэдээллээр 198 автобусанд бүрэн төхөөрөмж суурилуулаад байгаа бөгөөд суурилуулалтын ажил энэ сарын 5-нд дуусна.

Мөн эхний ээлжинд ашиглах 700.000 ширхэг "U money" карт Солонгос улсад үйлдвэрлэгдэж ирсэн бөгөөд "U money" карт цэнэглэх худалдах цэгүүдийг байгуулах бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулах ажил одоогоор хийгдэж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 500 цэг байгуулахаас 280 цэгтэй гэрээ байгуулахад бэлэн болоод байгааг албаныхан хэлэв.

Төслийн хэрэгжүүлэгч "Улаанбаатар Смарт Карт" ХХК нь Улаанбаатар хотын оролцоотой компани бөгөөд нөгөө талаас Сөүл хотын өмчийн оролцоотой "Кореа Смарт Карт Корпораци" оролцож байгаа, Улаанбаатар хот Сөүл хотын хамтарсан компани хамтарсан төсөл гэж хэлж болох юм.

Иргэд нийтийн тээвэрт хийгдэж байгаа шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар зарим иргэдийн сэтгэгдлийг сонссон юм. Нийтийн тээвэртээ картаар үйлчлүүлэх тухай мэдээллийг ихэнхи иргэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай авсан гэж байлаа. Гэвч зарим иргэдийн хувьд жолоочийн хажууд суурилуулсан төхөөрөмжийг сонирхож, бэлэн мөнгөөр бус картаар үйлчлүүлдэг болно гэхэд нэг л итгэж өгөхгүй байгаагаа хэлж байсан юм. Учир нь манайхан нийтийн тээврээр үйлчлүүлэх наад захын соёлгүй, урд хаалгаар ороод хойд хаалгаар буудаг өндөр хөгжилтэй орнуудын үйлчилгээг сурах гэж нэг хэсэгтээ л бухимдацгаана. Аливаа нэг шинэчлэлийн ажил магтаал, шүүмжлэлийг зэрэг дагуулж байдаг учраас зориг гарган ийм шийдвэр гаргаж буй хотын удирдлагуудад талархах хэрэгтэйг хэлж байсан юм. Түүнчлэн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, автобусуудын тоог нэмэх хэрэгтэйг хэлж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт хотын удирдлагууд нийтийн тээвэрт ашиглах 20 ширхэг угсраа автобусыг Беларусь улсаас оруулж ирсэн билээ. Түүнчлэн бага оврын автобусуудыг ч хүлээж аваад байгаа бөгөөд хэд, хэдэн автобусыг шинээр нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Тэгэхээр нийтийн тээвэрт аль болох олон автобус явуулж, иргэдэд эрүүл, аюулгүй цэвэр орчинд чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх юм байна. Мөн хотын удирдлагууд дугаарын хязгаарлалтыг ирэх наймдугаар сарын 15-наас цуцлах тухай асуудлыг судалж байгаа талаар өмнө нь бид мэдээллэж байсан.

Хэрвээ дугаарын хязгаарлалт цуцлагдвал төрийн албан хаагчдаас эхлээд хотын иргэд нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг бүхий л боломжийг хангана гэж хотын дарга хэлж байсан билээ. Ямартай ч нэг үеэ бодоход нийтийн тээвэрт томоохон шинэчлэлтүүд хийгдэж байна. Автобус нэгдүгээр эгнээгээр явдаг болсон нь иргэдийн талархалыг хүлээгээд буй. Тиймдээ ч түгжрэлгүй, бухимдалгүй, цэвэр орчинд чихэлдэлгүй явбал хотын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд дургүй юу байх вэ гэдгийг иргэд хэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө "Улаанбаатар хотын Нийтийн тээврийн удирдлагын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болсон билээ. Тус төв нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг бүхэлд нь удирдаж хөдөлгөөнд оролцож буй бүх автобусыг тогтмол хянах юм. Энэ ажил ямартай ч наадмын дараагаас жинхэнэ ёсоор хэрэгжиж эхлэх нь.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.