Х.Гансүх: Бидний үйлдвэрлэж байгаа гупер Японыхоос тав дахин чанартай

Д.Тулга / Орон нутаг

guuperМонгол залуус эх орондоо автомашины гупер үйлдвэрлэж эхэллээ. Энэ ажлыг “Смарт экспресс сервис” ХХК хийж гүйцэтгэж буй юм. Автомашиныхаа гуперыг солиулахад заримдаа олдохгүй, олдсон нэг нь хуучин мөртлөө үнэтэй зэрэг асуудлууд бидэнд тулгардаг. Харин одоо бид Монголдоо үйлдвэрлэсэн гуперыг зах зээлийн үнээс хямд бас чанарын баталгаатайгаар худалдан авах боломжтой боллоо. Залуус эдүгээ “Prius 20” автомашины гупер үйлдвэрлээд байгаа. Цаашид бусад бүх төрлийн машины гупер хийх боломжтой гэв. Бид энэ ажлыг эхлүүлсэн “Смарт экспресс сервис” ХХК-ийн захирал Х.Гансүхтэй ярилцлаа.

guuper

-БАЗАЛЬТ АШИГЛАН ТҮҮХИЙ ЭДЭЭ ГАРГАЖ АВДАГ-

-Гупер хийх ажлаа хэзээнээс эхлэв ээ?

-Сарын өмнө санаачлаад, ер нь гупер хийж үзье гэж шийдсэн. Тухайн үедээ болж бүтвэл сайн байна, бүтэхгүй бол яалтай билээ гээд туршиж үзсэн юм. Гэтэл маш чанартай сайн гупер гарч ирсэн. Ингээд л Монголдоо хийж бүтээж болох юм байна гэж мэдээд, үргэлжлүүлэн хийхээр болсон доо.

-Энэ гуперыг ямар материалаар хийдэг юм бэ?

-Төмрийн хүдэртэй базальт гэж чулуунаас түүхий эдийг нь гаргаж авснаар энэ пластик материалыг хийдэг. Мэдээж базальтаас гадна өөр бусад түүхий эдүүд ашигладаг л даа. Гэхдээ гол түүхий эд нь энэ, бусдыг нь хэлэлгүй өнгөрөөе. Юутай ч энэ материалаар жижиг оврын онгоцны хэсгүүдийг хийдэг учраас маш хөнгөхөн, бас Япон гуперыг бодвол зузаан. Чанар бол дээд зэрэг.

-Орцыг нь одоохондоо нууцлах хэрэгтэй байх. Материалаа гаргаж авсны дараах технологийн талаар ярилцацгаая?

-Материалаа гаргаж авсны дараа машинаасаа хэвээ авна. Машины гуперын хэвийг нэг удаа авчихвал тэр хэвэндээ цаашид цутгаад явах боломжтой. Цутгачихсан гуперээ хатаагаад л болж байгаа юм.

-Импортоор, эсвэл задаргаагаар зарагдаж байгаа гуперуудээс өртөгийн хувьд өндөр үү?

-Монголд байгаа зах зээлийн ханшаас доогуур байгаа. Гэхдээ хятад гуперыг бодвол арай үнэтэй. Бид аль болох хямдхан байлгахыг бодолцож байгаа. Монголд байгаа задаргааны гупер бол үнэтэй. Одоогоор яг үндсэн үнэ нь гараагүй байгаа.

-Гэхдээ төлөвлөж байгаа, үнийн баримжаа бий байх?

-Тэрийг манай санхүүгийн хүмүүс зарцуулагдаж байгаа материалуудын орц, норм, граммын үнийн судалгаа хийж байж нарийвчлан гаргах юм. Долдугаар сарын 5-ны үеэр үнэ нь тодорхой болно.

-Монголчууд Монголд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд үнийн хувьд өндөр байдаг учраас дэмжих боломжгүй гэлцдэг?

-Тийм ээ. Хэрэглэж байгаа материал маань жаахан үнэтэй. Гэхдээ бид аль болох зах зээлийн ханшаас доогуур, боломжийн байхаар тооцоолж байгаа.

guuper

-БИД ГУПЕРЭЭ МАШИНААР МӨРГҮҮЛЖ ТУРШИЛТ ХИЙСЭН-

-Чанарын хувьд ямар баталгаа өгөх вэ?

-Манай бүтээгдэхүүний давуу тал хямд байхаас гадна бас өөртөө сарниулагчтай. Машин мөргөлөө гэж бодоход өөр дээрээ сарниулагчтай учир хүчийг өөр дээрээ төвлөрүүлдэг гэсэн үг. Гупер мөргөхөд цаашаагаа хагараад, эсвэл хонхойгоод орчихдог. Харин манай гуперт ямар ч тийм асуудал байхгүй. Цуураад л үлдэнэ, бутарч унахгүй. Цуурлаа гэхэд бидэн дээр ирээд дахиад барьцалдуулаад янзалчихаж болно. Цаашаагаа машиныхаа эд ангид ямар нэг эвдрэл өгөхгүй. Чанарын хувьд Япон гуперээс тав дахин илүү гэж ойлгож болно.

-Одоо яг ямар ямар машины гупер хийж байгаа вэ?

-Одоо “Prius 20”, 11 автомашины гуперыг хийж эхэлсэн. Цаашдаа бүх машины гупер хийх болно. Бид өмнө нь “Хүй долоон худаг”-т яваад байгаа цахилгаан жижиг автобусны арьсыг яг энэ материалаараа хийж байсан. Бас Монголд үйлдвэрлэсэн Экобусын нүүрний хэсгийг хийж байсан.

-Машиныхаа гуперыг хийхдээ хэв авч хийдэг үү?

-Яг хэмжээгээр нь хэвийг нь аваад цутгалтад оруулдаг. Болж өгвөл бүх төрлийн машины хэвийг аваад, бүх төрлийн гуперыг хийчих байх аа. Одоо хүмүүс утасдаад гупер хийлгэе гэж байна. Бид аль болох олон төрлийн машины гуперын хэв авчих юм бол шууд захиалга аваад хийгээд явчихна. Хэв авна гэдэг их чухал асуудал болоод байна.

-Япончууд машиныхаа гуперыг яаж хийдэг юм бол?

-Материалын хувьд биднийхээс ондоо. Хуванцар материалыг хайлуулаад, даралтад оруулаад шахчихаж байгаа юм.

-Тэгвэл бидэнд ч бас өөр материалаар хийх боломж байгаа байх нь ээ?

-Өөр материалаар хийхийн тулд шахдаг, хайлуулдаг том багаж хэрэгтэй. Энэ багаж нь Монголд асар үнэтэй орж ирнэ. Хэрвээ энэ багаж орж ирвэл боломжтой. Гэхдээ энэ их өндөр үнэтэй багажийг хүлээж суувал бүтэхгүй. Тиймээс аль боломжтойгоосоо эхлээд хийж байна. Магадгүй үйлдвэрлэл маш сайн хөгжөөд эхэлвэл болох байх.

guuper

-УЛСЫН БАЯР НААДМЫН ДАРАА ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ-

-Зарж борлуулж эхэлсэн үү?

-Зарж худалдах арай болоогүй байна. Бид одоо бэлтгэл ажлаа хийж байгаа. Улсын баярын дараа наймдугаар сарын 1 гэхэд гаргаад эхлэх байх. Ганц хоёрыг борлуулж үзсэн. Борлуулахаасаа өмнө машинд зүүгээд, араас нь хөнгөн мөргөж туршилт хийж үзсэн. Тэгэхэд ямар ч байсан туршилтыг давж баталгаатай болсон. Мэдээж цаашдаа үйлдвэрлэлийн хэмжээнд ороод явна. Худалдаанд гарахдаа яг ийм өнгөтэй, эсвэл хар өнгөтэй гарна. Хэрвээ өөрийн машины өнгөтэй ижил өнгөөр будуулж авна гэвэл тодорхой хэмжээгээр үнэ нь нэмэгдэнэ.

-Одоо үйлдвэрлэл явуулахад юу тулгамдаж байна?

-Цаашдаа дэмжигдэж үйлдвэрлэлийн хэмжээнд очвол нэгдүгээрт ажлын байр бий болж, олон хүн ажилтай болох байх. Бид мэдээж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл ч юм уу аваад цаашаа ажлаа үргэлжлүүлнэ. Одоохондоо хүндрэлтэй юм байхгүй. Цаашид санхүүгийн асуудалтай тулгарч магадгүй. Гэхдээ үйлдвэрлээд явах бүрэн боломжтой.

-Зөвхөн үүгээр зогсохгүй, цаашид өөр юу хийхээр төлөвлөсөн байна?

-Эхний ээлжинд гуперээс эхлээд, цаашдаа хуванцараараа цэцэрлэгийн гадаа байдаг хүүхдийн тоглоом, толь, пластикаар хийж болох карлан зэргийг хийж болно. Энэ нь маш бөх бат болж, бас өвөл хөлдөхгүй. Яг яаж хийгдсэн түүгээрээ л хадгалагдах болно.

-Хүмүүс танайх руу шууд хандаад захиалгаа өгч болох уу?

-Нээлттэй. Хүмүүс манайхаар хийлгэнэ гэвэл хүрч ирээд хэвээ өгөөд, хугацаагаа сонсоод явж болно. Хэрвээ бид бүх машины хэвийг аваад бэлэн болчихвол ирэх шаардлагагүй, захиалгаа өгөхөд ажлын гурав хоногт гаргаад өгчихнө. Хамгийн гол нь одоо бид үнээ л хүлээж байна. Хийж болно гэсэн зорилготойгоор энэ ажлаа эхлүүлсэн болохоор цаашид бүх машины гуперын хэв авч хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Чанарын баталгаа өгөх үү?

-Өгөлгүй яах вэ. Гадны нөлөөгүй бол нэг жилийн чанарын баталгаа өгнө. Хүмүүс мөргөлдөх, хөдөө гадаа явахдаа сэнжийг нь сэт татах зэргээр эвдчихгүй л бол энэ гупер яах ч үгүй, маш бат бөх.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН

guuper

guuper


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.