ШӨХТГ, АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна

Д.Тулга / Нийгэм

naadam

Монгол наадам айсуй. Монгол терийн их наадам, улс хувьсгалын ойн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж хүлээдэг монголчуудын хувьд наадам шиг сайхан баяр үгуй. Дэлгэр цаг, дээр нь монгол гэдгээ мэдэрсэн омогшил, бахархал монгол наадмыг чимдэг. Жил ирэх бүр өөр хоорондын ялгаа ньарилж, нэгдэхзүгрүүгээявж буй дэлхийн улс гүрнүүдээс Монголыг монголоор нь таниулдаг хоёрхон зүйлийн нэг нь наадам. Нөгөө нь цагаан сар. Түүнээс биш бид бусдаас ялгараад байх юмгүй үндэстэн. Бусдын адил “адидас”-ын малгай, поло загварын цамц өмсөж, кола ууж, бургер иддэг дэлхийн хаана ч байдаг хүмүүс. Наадам, цагаан сар хоёргүй бол биднийг хэн монгол гэх юм. “Бидчиньдэлхийд ганцхан дээлтэй монгол” гэж сөргөх хүн гарч ирж мэдэх л юм. Монгол дээл, малгай биднийг бусдаас ялгаруулаад байхаар эд биш гэдгийг нотлохын тулд ухаантай царайлж элдэв тайлбар хэлэх шаардлагагүй. Дээл, хантааз гээд яривал аль ч улсын иргэд өөрийн гэсэн үндэсний хувцастай.

Харин наадам, цагаан сар бол өөр. Төдийгөөс өдмй хүрсэн монгол соёл, уламжлалыг тээсэн гэдгээрээ ач холбогдол өгөхөөс аргагүй баярууд. Тийм ч учраас Монгол төрийн их наадам гэж хүндэтгэн нэрлэдэг. Цагаан сараар төрийн түшээд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа золгож, нөгөөдүүл нь хамгийн ахмад настай иргэддээ хүндэтгэл үзүүлэн хадаг барьж очдог. Ийм утга учиртай баяруудыг, тодруулж хэлбэл наадмыг шударга бус, будлиан, бульхайтай харагдуулдаг хоёр юм байна. Нэг нь бөх. Нөгөө нь морь. Наад захын жишээ гэхэд начин цолны найраа 250 сая төгрөг ч гэх шиг барим тавим мөнгөний тоо дуулддаг. Начин цол 250 сая төгрөг хүрлээ гэдэг сураг яриа 2011 онд анх гарсан санагддаг. Тэр жил Өмнөговийн хоёр ч бөх начин цол авсныг наадамчин олон санаж байгаа байх. Б.Сумъяа, Ц.Одбаяр хоёр. Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын харцага Л.Пүрэвжав хоёрт “Ажнай” корпораци 250 сая төгрөг амлаж, аймгийнхаа бөхчүүдийг улсын цолонд хүргэж, начин цолны ханшийг өсгөлөө гэж ард түмэн өөр зуураа шуугиад өнгөрч байв. Үнэн эсэхийг мэдэхгүй, ямартай ч амнаас ам дамжиж явсаар, өнөедөр ч наадам тойрсон сонин хачны нэг хэвээрээ байгаа нь лав маргах аргагүй үнэн. Ийм алдуул яриа гарахаас өмнө буюу 2011 оноос өмнө начны найраа 70-80 сая төгрөг хүрсэн гэдэг. Батлагдаагүй яриа гэдгийг дахиад онцолъё. Гэхдээ л олны дунд түймэр шиг дэгдсэн яриануудын нэг. Сураг яриа үнэн байгаад начин цолны ханш үнэхээр 250 сая төгрөг хүрсэн юм бол харцага 300 сая, заан цол 400 сая гээд явах нь л дээ.

Морин дээр гэхэд хүүхэд нь унасан морь нэг байраар ухардаг учраас айрагдахаар чансаатай морьдын эзэд унаач хүүхдээ унагаж сургадаг гэсэн итгэмээргүй яриа дуулддаг. Ухаандаа дараагийн мориндоо боломж олгож байгаа юм даг уу даа. Мэдээж хэн л өчнөөн шөнийн нойроо хасч сойсон морио байр ухраахыг бодохов, хэрвээ энэ яриа ортой бол ард нь их мөнгө байж таарна. За тэгээд морио жийптэй дагадаг энэ тэр гээд яривал жинхэнэ монгол наадмын утга морин дээр алдагдчихаад байгаа жишээ өчнөөнийг дурдаж болно. Ямартай ч итгэхэд бэрх ярианууд төдийгөөс өдий хүртэл тасрахгүй энэ цаг хүрснийг бодоход ямар нэг “но” байгаа нь гарцаагүй. Аль нь үнэн, аль нь худал гэдгийг тогтоох л учиртай.

Тэгэхээр монгол төрийн их баяраа шударга тэмдэглэе гэвэл, бөх нь бөх шиг жудагтай, хүлэг нь хурдаа сорьсон шиг сорьдог сайхан наадам байлгая гэвэл, глобальчлагдсан дэлхийд монгол монголоороо оршъё гэвэл АТГ, ШӨХТГ хоёр сайн ажилламаар байна. Наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ, Хүй долоо худагийн морь уралдааны талбайгаас салахгүй ажилламаар байна. Учир нь наадам бол монгол төрийн баяр. АТГ, ШӨХТГ бол монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг байгууллагууд. Төрийн наадмынх нь бөх, морь булхайтай байгаад, газар авбал монгол төрийн нэр хүнд унана. Тийм учраас АТГ, ШӨХТГ-ыг наадмаар ажиллах үүрэгтэй газрууд гээд байгаа хэрэг. Тэгээд хэн ямар найраа хийгээд байна, өвөр зуураа цолны наймаа хийсэн нь үнэн үү, худлаа юу гэдгийг тогтоож, хэвлэл мэдээллээр зарламаар байна. Ёс зүйгээ зөрчсөн бөхчүүдийн нэрсийгнэгжилийн наадмаар зарлахад л дараа жилээс нь цэгцрээд ирнэ.

Японы сумо ямар билээ. Сумогийн дэвжээг монгол бөхчүүд эзэгнэж байна. Тэглээ гээд япончууд бухимдаад байгаа юм алга. Харин ч тэнд очсон монголчуудтай “Танай сумочид мундаг, Асашёорюү ийм" гэж хэлээд эрхий хуруугаа гарган талархах япон хүн олон таардаг. Сумогийн бооцооны мөнгө дүрэм гээд бүх зүйл нь шударга учраас тэнд аль улсын байхаас үл хамааран хэн хүчтэй нь аварга болж байна. Ийм найраа, тийм тохироо хийлээ гэсэн хар алга. Гэтэл манайд эсрэгээрээ. Компанийнхаа энэ бөхийг, аймгийнхаа тэр бөхийг гэж ирээд ханцуй дотроо наймаа хийж эхэлдэг гэж наадамчин олон ярьцгаадаг. Сүүлдээ бүр сумын наадам ч утгаа алдсан гэдэг юм билээ. Ямар сайндаа энэ жилийн наадмаар гэхэд аймаг, сумд наадмаараа өөр аймгийн бөх барилдуулахгүй гэхэв. Цолтой бөхчүүд нь очоод бужигнуулчихдаг гэсэн яриа бий. Аймаг, сумынхаа хүнийг түрүүлүүлэхийн тулд өнөө нөхдөд мөнгө амлаж, унаад өгөөч гэж гуйдаг гэсэн дэл сул яриа сонсогддог. Наадамлахдаа өөр аймаг, сумдын бөхчүүдээ хажиглаад эхэлснийг бодоход лав л оргүй үг биш.

Монгол бөх сумо шиг цэвэрхэн ил тод байдаггүйг ганцхан жишээгээр нотолчихож болно. Допинг гэж дампуу зүйл бий. Нэг хүн хэд хэдэн бөхийн өмнөөс шээсээ өгсөн гэсэн яриа наадам бүрээр дуулддаг. Эм хэрэглээгүй, арай эрүүл гэсэн нь Дорж, Бат, Дондогийн өмнөөс шээсээ өгдөг, тэгснийхээ төлөө мөнгө авдаг, нэг удаа шээсээ өгөөд хоёр сая төгрөг халаасалдаг ч гэх шиг алдуул яриа байсгээд чих дэлсдэг. Тэгэхээр одоо үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриаг цэгцлэх ганц арга нь ШӨХТГ, АТГ хоёр л байна даа. Тэд чиглэл, чиглэлээрээ сайн ажиллаж байгаа, хийсэн ажлаа олон нийтэд байсгээд танилцуулдаг газрууд. Ингэж гялалзтал ажиллаж чадаж байгаа юм чинь наадмын дэвжээ, морины талбай юухан байхав. Очвол үр дүн гарч таарна. Тэр хэрээр монгол наадам тойрсон дэл сул яриа цэгцрээд ирэх нь маргаангүй. Үнэхээр “но” байгаа бол илрүүлнэ гэдэпг эргэлзэх юм алга.

Наадам бол хуультай баяр. Төр хуулийг нь батлаад өгчихсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” гэсэн заалт бий. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэлгэдсэн наадамд бульхайтай хандвал шийтгэл хүлээхээс аргагүй. Хуульдаа наадам гэж юу вэ гэдгийг заагаад өгчихсөн учраас.

Баяр наадмын хуулийн бас нэг заалтыг онцолъё. “Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд “Хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ” гэсэн өгүүлбэр бий. Манай тэрийг амлаж аваад унаад өгөөч, тэдэн төгрөг өгье гэдэг нэгталаар гуйлт ч нөгөө талаас шахаас гэж үзэхэд болохгүй юмгүй. Хуулиндаа тэр дүрмийг барь гэсэн заалт байгаа учраас бөхийн дүрэм бол хууль. Энэ мэтээр хариуцлага тооцож ажиллах боломж АТГ, ШӨХТГ-т байна даа. Бид төрийнхөө хуулийг сахиулж байна гээд л ажиллах хэрэгтэй байна шүү.

Д.БААСАНСҮРЭН

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.