Тавантолгойг барьцаалах, шилжүүлэх эрхтэй гэж ГЭРЭЭНД заасан байжээ

Д.Тулга / Хууль

УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газраас дөрөвдүгээр сарын 23 ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж 90 хуудас бүхий дүгнэлт гаргасан.

Ажлын хэсгийн тус дүгнэлтэд Хөрөнгө оруулагчид буюу Энержи Ресурс Корпораци, БНХАУ-ын Чайна Шенхуа Энержи компани хөрөнгө босгох зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй гэж заасан нь гэрээний хамгийн ноцтой бөгөөд Засгийн газар болон Эрдэнэс тавантолгой хүлээн зөвшөөрч болохгүй заалт байна гэдгийг онцолсон байна. Ингээд Ажлын хэсгийн дүгнэлтийн “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ” хэсгийг хүргэж байна.

1.1 Хамтын ажиллагааны гэрээний тухай

Энэхүү “Хамтын ажиллагааны гэрээ”-г (цаашид Гэрээ гэнэ)Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК (цаашид ЭТТ гэнэ) болон Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани болох “Энержи Ресурс Корпораци” болон “Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК (цаашид ЭР гэнэ) болон Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани лимитед” (цаашид Шенхуа гэнэ) компаниуд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Хамтын ажиллагааны гэрээний Талууд гэсний 4 дэх хэсэгт зааснаар “Энержи Ресурс Корпораци” болон “Чайна Шенхуа Энержи компани лимитед” нь ЭР-ийн хөрөнгө оруулагчид болж байна.

1.1.1 Гэрээний Угтвар нөхцлийн D хэсэг, гэрээний 1.1 (а), (b), 1.2 (а) заалт болон 6.1 (d) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (Хамтын ажиллагааны гэрээний болон Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

ЭТТ-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл ЭР-д шилжихгүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эрх, үүргээ хадгалах ёстой.

Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж авах дээр дурдьсан заалтууд нь Ашигт малтмалын тухай хуулинд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна.

1.1.2 Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалтаар гэрээний хугацаанд ЭТТ нь Тавантолгойн газар эзэмших эрхээ ЭР-д үнэ төлбөргүй шилжүүлж байна. Мөн Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (j) заалт, Хөрөнгө оруулалтын Гэрээний 5.7 (а)заалтаар “төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг ЭР олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг ЭР болон түүний Хамааралтай этгээдэд олгоно” гэжээ.

ЭР нь Тавантолгойн газрыг эзэмших эрхийг авч байгаа нь Газрын тухай хуулийн 6.3 дахь хэсэг “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь Хөрөнгө оруулалтын Гэрээний “Угтвар нөхцөл” (H)-д зааснаар “Чайна Шенхуа Оверсийс Девелопмент энд Инвестмент лимитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулж одоо Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” ХХК-ийг (ЭР) шууд ба шууд бусаар өмчлөхөөр заажээ.

Иймд ЭР нь Люксембургийн хөрөнгө оруулалттай ЭРК болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шенхуа” компанийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж зохион байгуулагдах учир Газрын тухай хуулийн 6.3 дахь заалтын дагуу газар эзэмших эрхгүй.

Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а)-д заасан үйл ажиллагаа эрхлэх ЭР-н хамааралтай этгээдүүд нь гадаадын хөрөнгө оруулалттай этгээдүүд байвал мөн газар эзэмших эрхгүй.

1.1.3 Хамтын ажиллагааны Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн (E) болон 5.1 (q)-д зааснаар ЭТТ нь өөрийн Цанхийн уурхайд ажиллаж байгаа ажилчид, Цанхийн талбайтай холбоотой нүүрс борлуулах гэрээ, уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээг хамааруулсан ЭТТ-н тодорхой үүрэг, эд хөрөнгийг ЭР-д шилжүүлж, “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тусад нь байгуулахаар тохирчээ.

Төрийн өмчит ЭТТ-ийн эд хөрөнгийг ЭР-т шилжүүлэх асуудал нь хувьчлалын асуудал үүсгэх болно. Иймд энэ заалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэснийг зөрчиж байна.

Мөн ЭТТ компанийн эд хөрөнгө, тодорхой үүрэг, ажилчдыг өөр компанид шилжүүлэх тухай асуудал Компанийн тухай хуулийн “Их хэмжээний хэлцэл” гэсэн 87 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдэх ёстой.

Компанийн хуулийн энэ заалтын дагуу ЭТТ компанийн шийдвэр гараагүй байхад Хамтын ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг хийсэн байна. Энэ шийдвэр гараагүй байхад “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ” байгуулах нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчинө.

1.1.4 Гэрээний 6.1 (i) заалтаар ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтанд “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг илүү тодруулан заасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтаар төр өмчлөгчийн хувьд энэ хуулинд заасан нөхцөл, шаардлага журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасны дагуу Тавантолгойн Цанхийн ордын нүүрсийг ашиглах эрх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит ЭТТ компанид хадгалагдана. Ашигт малтмалын тухай хуулийн заалтаас харахад төр байгалийн баялагыг өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхийг тусгай зөвшөөрлөөр дамжуулан олгож байна.

Иймд Цанхийн талбайгаасолборлосон нүүрсийг ЭР өмчлөх эрхгүй. Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээний 29.6-д зааснаар “ЭР нь энэхүү Гэрээний дагуу бие даасан гэрээт гүйцэтгэгч байх”.. гэж заасан байна.

1.1.5 Гэрээний 5.1 (к) ЭР нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасан бүх бичиг баримтыг ЭТТ-с өөртөө авахаар заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дахь заалттай зөрчилдөж байна. Тус заалтаар энэ бүх бичиг баримт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу ЭТТ-д өөрт нь хадгалагдах ёстой.

1.1.6 Гэрээний 5.1 (o)-д зааснаар Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ЭР нь ЭТТ-с олгосон итгэмжлэлгүйгээр аливаа санал, гомдол, нэхэмжлэлийг холбогдох төрийн болон эрх бүхий байгууллага, шүүх, албан тушаалтанд гаргах эрхтэй гэжээ.

Энэ нь Иргэний хуулийн “Төлөөлөл” гэсэн 7 дугаар бүлэгт заасан хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх харилцааг бүхэлд нь зөрчиж байна.

Мөн ЭР нь ЭТТ-ээс олгосон итгэмжлэлгүйгээр шүүхэд санал гомдол гаргах эрхтэй гэсэн нь заалт болон ИХШХШТХ-ийн “Хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх” гэсэн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 заалт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэснийг тус тус зөрчиж байна.

1.1.7 Гэрээний 13 дугаар зүйлд зааснаар ЭТТ-ийн нэрийн өмнөөс, түүний орлож болон бусад байдлаар бичиг үйлдэх, зохих байгуулагад хүргүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээ авах эрхийг ЭР итгэмжлэн өөртөө авч байна.

Энэ заалт ЭТТ компанийн бусад байгууллагатай харилцах хууль ёсны эрхийг хязгаарлаж байна. ЭТТ нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө ЭР-д шилжүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ.

ЭР энэ эрхийг өөртөө шилжүүлж авч байгаа нь шууд бусаар ЭТТ-н ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсантай адил юм.

Энэ Гэрээг байгуулснаар ЭТТ нь татан буугдахгүй бөгөөд хууль ёсны эрх зүйн чадамжаа хадгална.Тиймээс өөрийн нэрийн өмнөөс түүнийг орлож, түүний нэрийн өмнөөс шаардлагатай бүх арга хэмжээ авах эрх олгох шаардлагагүй.

1.1.8 Гэрээний 6.1 (j)-д зааснаар ЭТТ нь аливаа зөвшөөрөл, гарын үсэг, тамга тэмдэг, эрх хэмжээ, итгэмжлэл, баримт бичиг, мэдээлэл өгөх, бусад байдлаар хамтран ажиллах зэргээр шаардлагатай бүхий л захиргааны болон техникийн дэмжлэг хамтын ажиллагааг нэн даруй аливаа болзол, нөхцөлгүйгээр ЭР-т үзүүлэх үүрэг хүлээжээ.

Энэ заалтаар ЭР нь ЭТТ компанийг удирдлага, менежментийн хувьд чадамжгүй болгож байна. Мөн энэ заалт нь Компанийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар ЭТТ-д олгогдсон хууль ёсны эрх хэмжээнд халдсан хүлээн зөвшөөрч болохгүй заалтууд байна. Тэр тусмаа аливаа болзол, нөхцөлгүй гэсэн шаардлагыг нь хэт нэг талын хүсэл зоргийг тулгасан бизнесийн эрх тэгш хамтын ажиллагааны зарчимд харшилж байна.

1.1.9 Гэрээний 8.1 (b)-д “ЭР болон Хөрөнгө оруулагчид нь хөрөнгө босгох зорилгоор энэ гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй” гэсэн байна.

Энэ Гэрээний хамгийн ноцтой бөгөөд Засгийн газар болон ЭТТ хүлээн зөвшөөрч болохгүй заалт болно.

Гэрээний Угтвар нөхцлийн D хэсэг, гэрээний 1.1 (а) , (b), 1.2 (а) заалт болон 6.1 (d) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (Хамтын ажиллагааны гэрээний болон Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

Мөн Гэрээний 5.1 (е) болон 6.1 (i) заалтуудад ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан (угаасан нүүрс) нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Энэ бүх эрх, ашиг сонирхлоо Нэгд, Хөрөнгө оруулагч нар, Хоёрт, Санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

Энэ гэрээгээр бол Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи лимитед” компаниуд юм.

Хөрөнгө оруулалтын Гэрээний 30.1 (g)-д зааснаар Санхүүжүүлэгч гэдэг нь ЭР-т зээл олгож байгаа БНХАУ болон Япон улсын эскпортын зээлийн агентлагууд, хөгжлийн банкууд, арилжааны банкууд болон олон талт санхүүгийн байгууллага зэрэг олон улсын хөрөнгө оруулагч эсвэл банк, санхүүгийн байгууллагыг ойлгоно гэж тодорхойлсон байна.

Эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой, ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр урьдчилан төлөвлөсөн байна гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл, ЭР нь өрийн барьцаанд гэрээний дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхол, үр ашгаа бусдад шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү шилжүүлэн авахаар төлөвлөсөн байна гэж дүгнэж байна. Учир нь ЭР нь Хонконг, Люксембург, Монгол зэрэг улсад байдаг охин компаниар нь дамжуулаад Кайманы аралд бүртгэлтэй ММС компанийн өмчлөлд байдаг бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар ММС нь олон улсынбанк, санхүүгийн байгууллагад 570 сая ам.долларын өртэй, бонд гаргасан 600 сая ам.долларын өртэй байна. Энэ компанийн нийт өр 1 тэрбум 170 сая ам.доллар байна. Энэ өрөндөө Монгол улсад байгаа ЭР-ийн нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, эд хөрөнгө, бэлэн мөнгө болон ЭР-ийг өмчилдөг Хонгконг дахь охин компани “Мongolian Coal Corporation”, Люксембург дахь “Mongolina Coal Corporation”S.A.R.L компанийн хувьцааг барьцаалсан байна. (Энэ тухай дүгнэлтийн Барьцаалах эрхийн тухай гэсэн 14.7 дахь хэсэгт тодорхой тайлбарласан болно)

Гэтэл Гэрээний 8.2 (b) заалтаар Тавантолгойн ордыг хууль ёсны эзэмшигч болох төрийн өмчит ЭТТ компанид аливаа барьцааны эрх үүсгэхийг хориглосон нь заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 51.1 дэх заалттай зөрчилдөж байна. Хуулийн энэ заалтын дагуу ЭТТ нь тусгай зөвшөөрлөө энэ хуульд заасан шаардлагын дагуу буюу байгууллагад тухайн ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй.

1.1.10 Гэрээний 8.2 (с) заалтаар хэрэв ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлэх, аливаа байдлаар захиран зарцуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд ЭР нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй байна.

Гэрээний энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 болон 49.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна. Хуулийн эдгээр заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЭТТ нь зөвхөн нэгдэж, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх, үүрэг хүлээн авагчид, түүний хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсвэл уурхайгаа худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх эрхтэй байна.

Тэгээд ч “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн а/-д“Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшилд байгаа Таван толгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах” гэж заасантай зөрчилдөх болно.

Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байх нь Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гол нөхцөл юм. Тиймээс Гэрээнд ийм заалт тусгах шаардлагагүй бөгөөд тусгай зөвшөөрөл ЭР-д ямар нэгэн байдлаар шилжсэн тохиролдолд уралдаант шалгаруулалтын гол нөхцөл зөрчигдөх болно.

1.1.11 Гэрээний 8.2 (d)-ийн (v)-д ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн бүхэлд нь шилжүүлэх бөгөөд хэсэглэн шилжүүлэхгүй гэсэн заалтаар ЭТТ-н хууль ёсны эрхийг хязгаарласан байна.

Цанхи нь баруун, зүүн хоёр хэсэгтэй бөгөөд ЭТТ нь зах, зээлийн нөхцөлтэй уялдуулан өөрийн эрх хэмжээнд зохицуулалт хийх эрхийг хориглосон байна. Энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэсэн 49 дүгээр зүйлийн 49.1 болон Тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын тодорхой хэсгийг шилжүүлэх гэсэн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг зөрчиж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.