А.Сүхбат: Эрэмбийг булааж авдаггүй, барилдаж авдаг юм

Д.Тулга / Спорт

suhbat

Монгол ард түмний хайртай аварга А.Сүхбат өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар зүүн жигүүрийн манлайд гаргасангүй гэж нилээд шуугиан тариад байсан. Энэ жил ч мөн Дархан аварга А.Сүхбатыг биш Г.Өсөхбаярыг зүүний манлайд гаргахаар төлөвлөөд байгаа. Монголын үндэсний бөхийн холбооноос үүнийг тайлбарлахдаа Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв. Ингэж эрэмбэлэх эрх, үүрэг нь хуулиараа Монголын үндэсний бөхийн холбоонд байдаг аж.

Харин түрүүлж дархан аварга цол хүртэх гэдгийн тухайд Монгол улсын Ерөнхийлөгч 2014 оны долдугаар сарын 7-ны өдөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6.1 болон 7.1.9, мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн гаргасан 79 дүгээр зарлигтаа хоёр даян аваргад “Улсын дархан аварга” олгохоор шийдвэрлэхдээ ямар нэг эрэмбэ дурьдаагүй байдаг юм. Гэхдээ Дархан аварга Б.Бат-Эрдэний №6 “Дархан аварга” үнэмлэхний дараа, дэс №7 “Дархан аварга” үнэмлэх А.Сүхбат-д байдаг юм байна. Хэдийгээр Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар нэг өдөр Дархан аварга цолоо хүлээн авсан ч дэс дугаарын хувьд ч би түрүүнд байна гэж хэвлэлийн бага хурлын үеэр дурьдаж байлаа.

suhbat

-ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ ДАХИАД Л АРД ТҮМЭНДЭЭ ЭРХЛЭВ-

Бөхөд хайртай Монгол түмний хувьд Дархан аварга А.Сүхбат торгон ногоон дэвжээнээ зодоглож, уран хурц барилдан тэр жилийнхээ улсын баяр наадамд өнгө, жавхаа нэмдэг нь үнэн. Наадамчин олон хэн нь унаж, хэн нь түрүүлэв гэхээсээ илүүтэй А.Сүхбатынх шиг “урлагтай” барилдаан үзэхээр яардаг. Тиймдээ ч өнгөрсөн жил Дархан аваргаа зодоглох сургаар цэнгэлдэх дүүрэн хүн цуглаж түүнийг хүлээсэн ч гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж, барилдалгүй шууд тахимаа өгч байлаа.

Өнөө жил дахиад л “жижиг” аварга шуугиан тарьж, зүүнийг манлайлна хэмээн “хошуугаа унжуулав”. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр ард түмнээсээ санал асуулга авна, Монголын бөхийн холбоо биднийг эрэмбэлчихдэг юм биш гэж ард түмнээсээ тусламж хүсэв.

Дархан аварга А.Сүхбат:

-ЭРЭМБИЙГ БУЛААЖ АВДАГГҮЙ ЮМ, БАРИЛДАЖ АВДАГ ЮМ-

suhbat-Г.Өсөхбаяр аваргыг зүүний манлайд гаргана гэсэн шийдвэрийг та ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа юм бэ?

- Энэ бол шийдэгдчихсэн асуудал. Монгол улсын Ерөнхийлөгч аль эрт бидэнд цол өгөхдөө эрэмбээр нь тогтоогоод өгчихсөн. Тийм л гомдолтой байгаа юм бол Монгол улсын Ерөнхийлөгч буруу зарлиг гаргажээ гээд шийддэг газруудаар нь шийдэхгүй яасан юм бэ? Битгий наадам дөхөхөөр ингэж яваачээ. Монголын үндэсний бөхийн холбоо нэг хоёр хүний төлөө биш нийт бөхчүүдийнхээ төлөө яваачээ гэж хэлмээр байна. Би баяр наадмыг хэл амгүй сайхан болоосой гэж хүсч байна. Би барилдахыг хүсч байна. Маргааш очиж бүртгүүлэхэд бэлэн байна. Бэлтгэл сайн базаасан байгаа. Миний хэлэх гэсэн гол зүйл бол амжилтыг минь сүүлийн үед үнэгүйдүүлэх боллоо. Тухайлбал, намайг улсад гурав түрүүлсэн. Г.Өсөхбаярыг дөрөв түрүүлсэн учраас зүүнийг манлайлах нь зүйтэй гэсэн мэдээлэл байнга явж байгаа. Би 2000 оны үед Г.Өсөхбаяр аваргын дор эрэмбэлэгдэж байсан. Харин 2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн барилдаанаар арслан цол хүртсэн. Түүний дараа жил аварга цолын болзолыг хангасан. Тэр үед 10-ын даваа үнэлгээгүй байсан. Түүний дараа Д.Сумъяабазар аварга 2006 онд аварга цол хүртсэн. Дараа нь бөхийн холбоо, комисс хуралдаж байгаа надад далай, даян аварга цолыг нь өгөхгүй бол Д.Сумъяабазар аваргын цолд асуудал үүсэх нээ гэж шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын амжилтыг эрэмбэлэхэд миний нэр дээр нь гарсан байсан. Түүнээс хойш би долоон жилийн хугацаанд барилдаангүй. Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмблэнэ гэвэл 2006 оноос өмнөхийг нь эрэмбэлэх нь зүйтэй. Тэгж мэргэжил тал руу нь оруулая гэж хүсч байгаа бол Монголын Үндэсний бөхийг төрийн алба болгох хэрэгтэй. Монголын ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй. Монголын бөхчүүд хуралдах хэрэгтэй.

-Г.Өсөхбаяр аваргын хувьд яадаг ч байсан зүүний манлайд барилдана гээд хэвлэлд ярилцлага өгсөн байсан?

-Би энэ цолыг өөртэй өгчихсөн юм биш. Нэг сайхан өдөр Төрийн ордонд дуудаад л гардуулсан. Төр түмний минь өгсөн Дархан аварга цолыг би хайрлаж яваа. Тиймээс аль эрт эрэмбийг нь тогтоогоод өгчихсөн цолыг 30 орчим жил барилдаж байж олж авсан юм. Энэ цол миний хувьд үгээр хэлэхийн аргагүй, хосгүй үнэтэй зүйл. Харин би төр түмнийхээ өгсөн энэ цолыг үнэ хүндгүй болгох эрх байхгүй. Энэ цолны эрэмбийг хэн, хэзээ, яаж, өөрчилж чадах вэ? гэвэл Монгол улсын Ерөнхийлөгч л өөрчилж, шүүхийн тогтоол шийдвэр гараад 08 тоот үнэмлэх андуурагдаад очсон байна лээ, Г.Өсөхбаяр нь 07, А.Сүхбат нь 08 тоот юм байна гэвэл би хүлээн зөвшөөрнө. Би 2004 онд Дархан аваргын болзлыг биелүүлчихсэн байсан юм байна лээ шүү. Харин Г.Өсөхбаяр аварга 2009 онд Дархан аваргын болзлыг биелүүлсэн. Эцэст нь энэ Г.Өсөхбаяр, А.Сүхбат гэдэг хувь хүний асуудал биш шүү дээ. Бид хоёрын асуудал бол тийм том зүйл биш. Яагаад гэвэл бид хоёр чинь найзууд. Өнгөц харахад, улсын баяр наадмын зүүний магнайд Г.Өсөхбаяр бид хоёрын аль нэгийг нь гаргах асуудал яригдаж байгаа ч, үнэндээ цаана нь монгол бөхийн жудаг, уламжлалын талаарх асуудал яригдаж байна. Дархан аварга Бат-Эрдэнэтэй хуйвалдаж, Бөхийн холбоотой хуйвалдаж, ингэж эрэмбийг булааж авдаггүй юм. Энийг чинь барилдаж авдаг юм. Энэ цолын үнэлэмжийг Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос бууруулдаг зүйл биш. Хэрэв бууруулах бол Ерөнхийлөгч бууруулна. Ер нь эрэмбийг ингэж булааж авч болохгүй шүү дээ. Би зүүний манлайд гарах гээд байгаа даа ч биш. Ингэж цолыг үнэгүйдүүлж болохгүй гэж л тэмцэж байна.

-Хэрвээ баяр наадмын өглөө таныг зүүн жигүүрийг манлайлуулахгүй бол та барилдах уу?

-Би 07 тоот үнэмлэхээ аваад очих болно, төр түмнийхээ өгсөн цолыг хүндлэх болно. Үнэ цэнийг нь бууруулахгүй.

Бөх судлаач Н.Зоригтбаатар:

-Г.ӨСӨХБАЯР БОЛ 10 ДАВЖ ҮЗЭЭГҮЙ АВАРГА-

Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аварга нарын улсын их баяр наадамд шөвгөрсөн амжилтыг 2006 он дуустал буюу А.Сүхбат аварга зодог тайлахаас өмнөхөөр үзвэл: А.Сүхбат аварга 1 удаа 5 давсан, 4 удаа 6 давсан, 3 удаа 7 давсан, 3 удаа 9 давсан, 1 удаа 10 давсан тоогоор нийт 12 удаа шөвгөрсөн. Харин Г.Өсөхбаяр аварга бол 1 удаа 5 давсан, 3 удаа 7 давсан, 2 удаа 8 давсан, 3 удаа 9 давсан нэг ч удаа 10 давж үзээгүй аварга шүү. Мөн эдгээр амжилтууд нь 2004 оноос хойш А.Сүхбат аваргы зодог тайлсан хойно олон даваанууд авсан байдаг. Ингээд олон жил барилдаагүй аваргыг одоо Г.Өсөхбаяр аваргатай дүйцүүлнэ гэдэг байж болшгүй зүйл юм. Нодлин аварга яагаад тахимаа өгсөн гэвэл эрэмбээ харуулсан нь тэр юм.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.