3D принтер, роботууд, хиймэл оюун ухаан технологийн тренд болно

Д.Тулга / Орон нутаг

robot 3d

-ХЭН ХАМГИЙН БҮТЭЭЛЧ, ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАЙНА ТЭР ТЭСЭЖ ҮЛДЭНЭ-

Одоогоос долоон жилийн тэртээгээс хүн төрөлхтөн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар эрчимтэй ярьж эхэлжээ. Бидний амьдралд энэхүү хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололт хэдийнэ хүч түрэн орж ирсэн билээ.

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл аж үйлдвэрийн гурван хувьсгал үзсэний эхний хоёр хувьсгалаар эрчим хүч гарган авч, хүнд хүчир ажлыг техник ашиглан хийдэг болсон.

Гурав дахь хувьсгалын үр дүнд компьютер бүтээж, байнга давтан хийдэг ажлаа нэг удаагийнх болгон хялбарчилсан бол дөрөв дэх хувьсгалаар мэдлэг шингэсэн ажлыг хиймэл оюун ухаант роботоор гүйцэтгүүлдэг болохыг дэлхий хүлээн зөвшөөрч байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб 2016 онд өөрийн судалгаа дүгнэлтийг нэгтгэн хэвлүүлсэн номдоо “Хэрвээ улс орнууд өнөө үеийн олон улсын стандартад нийцсэн технологиуд болох 5G, дрон, дижитал эрүүл мэндийн систем, аж үйлдвэрийн боловсронгуй технологи зэргийг цаг алдалгүй ашиглаж чадвал санхүү, эдийн засгийн асар их ашиг хүртэнэ.

Харин улс орнууд өөрсдийнхөө стандартад нийцүүлэн бүтээгдэхүүнүүдээ хийн, бусад орноос ирж буй бүтээгдэхүүнүүдийг зогсоовол шинэ дижитал үеэс улам холдож, дэлхий нийтээс хоцрох эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байдаг.

Тэрбээр олон жил сонирхолтой судалгаа явуулсны эцэст 3D принтер, роботууд, юмсын интернэт, хиймэл оюун ухаан технологийн тренд болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Швабын хэлснээр, аж үйлдвэрийн дөрөвдүгээр үед хэн хамгийн бүтээлч, шинийг санаачлагч байна тэр тэсэж үлдэх аж.

Энэхүү хувьсгал нь хэрэглэгчдэд хамгийн ашигтай байх боловч дундаж давхаргынхны цөмийг бүрдүүлдэг цөөнгүй мэргэжлийг үгүй хийж, тэр хэрээрээ нийгэмд хүндээр нөлөөлөх сөрөг талтай гэжээ.

Энэхүү давалгаанд математикчид, инженерүүд, бизнесийн удирдах ажилтнууд, мэс засалчид, физикчид, сэтгэл зүйчид, борлуулалтын менежерүүд зэрэг хүмүүстэй их харилцдаг, эсвэл шийдвэрлэхэд хүнд хэцүү зүйлс дээр төвлөрөн ажилладаг мэргэжилтнүүд тэсэж үлдэнэ хэмээн таамаглажээ.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг энгийн үгээр тайлбарлавал хүний бүх хэрэглээг интернэтэд холбож, бүх зүйл ухаалаг болох бөгөөд үүний тулд хиймэл оюун ухаан бий болгосноор, роботууд бидний өдөр тутмын энгийн үйлдлийг гүйцэтгэж эхэлнэ гэсэн үг аж. Өглөө босоход кофены машин чинь өөрөө ажиллаж, ажилдаа явахаар гарахад машин чинь асаалттай хүлээж байх нь. Энэ мэтчилэн мэдлэг шингэсэн үйлдлүүдийг робот гүйцэтгэж эхэлснээр ямар ч ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Доктор Клаус Шваб 2025 он гэхэд гарах өөрчлөлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:

1. Нийт хүмүүсийн 10% нь интернэттэй холбогдсон хувцас өмсөнө.

2. Нийт хүмүүсийн 90% нь интернэтэд хязгааргүй, үнэгүй хадгалалтын орон зайтай болно.
3. 1 триллион дижитал мэдрэгч, төхөөрөмж интернэттэй холбогдоно.

4. Америкт хамгийн анхны эм зүйч робот бий болно.

5. Нүдний шилний 10% нь интернэттэй холбогдоно.

6. Нийт хүмүүсийн 80% нь интернэтэд дижитал хуудастай болно.

7. Хамгийн анхны 3D принтерээр хэвлэгдсэн машин үйлдвэрлэгдэнэ.

8. Засгийн газар хүн амын тооллогоо анх удаа их өгөгдөл (Big Data) дээр тулгуурлаж хийнэ.

9. Хамгийн анхны шилжүүлэн суулгах боломжтой гар утас худалдаанд гарна.

10. Зах зээл дэх нийт бүтээгдэхүүний 5% нь 3D принтерээр хэвлэгдэнэ.

11. Нийт хүн төрөлхтний 90% нь ухаалаг утас ашиглана.

12. Америкийн нийт автомашины 10%-ийг жолоочгүй машин эзэлнэ.

13. Хамгийн анхны 3D принтерээр хэвлэгдсэн элгийг хүнд суулгана.

14. Хиймэл оюун ухаан компанийн аудитын 30%-ийг гүйцэтгэнэ.

15. Засгийн газар анх удаагаа Blockchain-ий тусламжтайгаар татвар авна гэжээ.

robot 3d

-МОНГОЛ ЭРДЭМТЭД 3D ПРИНТЕРИЙН ЭХ ЗАГВАР БҮТЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд монгол эрдэмтэд 3D принтерийн эх загвар бүтээхээр ажиллаж буй юм. Түүгээр аливаа нэг биетийг гурван хэмжээст дүрсээр хэвлэж гаргахаар төлөвлөжээ. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн нуруугаа хугаллаа гэхэд төмөр тавьж хаддаг. 3D принтерээр тухайн хүний нурууны ясыг хэвлэж гаргаад, хугарсан ясных нь оронд суулгах юм” хэмээн өгүүлсэн билээ.

Тэрбээр Монгол Улс дөрөв дэх эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд машин техник, хүний нөөцөө чадавхжуулах зэрэг төрийн бодлогоор шийдвэрлэх олон ажил байгааг дурдсан. Мөн хол хаягдахаасаа өмнө залуустаа энэ салбар руу орвол өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд очих боломж бийг анхааруулсан билээ.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын явцад ирээдүйд компьютерүүд хоорондоо мэдээллээ солилцож, нүдний шил ухаалаг болох аж. Ухаалаг нүдний шилтэй хүн хажуугаараа өнгөрөх нэгний тухай бүх мэдээллийг авч чадна гэж эрдэмтэд тооцоолжээ.

Бусад орнууд энэ хувьсгалд хэдийнэ бэлдээд эхэлсэн бөгөөд манай улсын хувьд зөв бодлогоор ажиллаж, нэн яаралтай ханцуй шамлан орж чадвал дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болох боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Тоон технологийн ертөнцөд амьдрахын тулд түүнд бэлдэх, зохицох хэрэгтэй. Энэхүү бичвэрээ Доктор Клаус Швабын “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хамгийн зөв арга нь хувь хүний хөгжлийг илүү хүртээмжтэй болгох. Засгийн газар иргэдийнхээ идэвхтэй оролцоонд анхааран, засаг захиргааныхаа бодлогыг хүмүүсийг сурч хөгжихөд болон дасан зохицоход чиглүүлэн тодорхойлох хэрэгтэй” хэмээн хэлсэн үгээр өндөрлөе.

Д.ТУЯА

robot 3d


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.