С.Баттулгыг суллахгүй бол сэтгүүлчид тайван жагсаал хийнэ

Д.Тулга / Нийгэм

www.info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байна. Иймээс тэд яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харах, сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан бичгийг хүргүүлж байгаа юм.

Мөн шүүхийн ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ дагуу долдугаар сарын 9-ний өдрийн сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг мэргэжил нэгт нөхөд нь хүсч байна.

Хэрэв сэтгүүлчдийн тавьсан шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлэхгүй бол БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүхийн гадна сэтгүүлчид ажил хаялт зарлаж, тайван жагсаал хийнэ гэсэн юм.

Сэтгүүлч С.Баттулга нь “Ноёд” ХХК-ийн өмч хөрөнгийн маргааны асуудлаар тус компанийн захирал С.Билэгт гэгчийн тухай баримтат нийтлэл бичсэнийхээ төлөө шүүхээс ял сонсож, хоёр дахь удаагаа ийнхүү цагдан хоригдсон гэж сэтгүүлчид мэдээллээ.

Мөн энэ удаагийн баривчилгааг Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийсэн алхам” гэж үзэж буйгаа сэтгүүлчид илэрхийллээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.