Ж.Жаргалсайхан: Иргэд бодит, үнэн мэдээллийг авч чадахгүй боллоо

Д.Тулга / Хууль

setguulchinfo.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж байсан. Мөн өнгөрсөн долоо хоногт тэд “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлэн Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийсэн.

Учир нь улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байгаад бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж 12:00 цагаас 13.00 цагийн хооронд Чингисийн талбайд чимээгүй суулт хийлээ.

Хуульч Б.Энхбаяр:

- ҮНЭН ЗӨВИЙГ ЭХ СУРВАЛЖ ХАРИУЦАЖ, СЭТГҮҮЛЧ ДАМЖУУЛДАГ-

-Сэтгүүлчийг ямар үндэслэлээр хорьсон юм бэ?

- Энэ сэтгүүлч өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх сурвалжийн мэдээллийг дамжуулсан дамжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Дамжуулагч болгоныг бүлэглэсэн гэдэг байдлаар яллана гэвэл энэ бүх сэтгүүл, бүх хэвлэл мэдээллийн байгууллага цаашид ямар ч эх сурвалжийн мэдээллийг цаашид түгээх боломжгүй болж байгаа юм. Тухайн эх сурвалж нь өөрөө мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хариуцаж батлаад, түүнийг нь сэтгүүлч дамжуулж болно.

-Хоригдсон байгаа сэтгүүлчийг суллах боломжийг хэрхэн харж байгаа вэ?

- Цагдан хорин шийдвэрийг гаргасан тэр шүүгчийн шийдвэрийг дараагийн давж заалдах ерөнхий шүүгчид хандаж, тэд шийдвэрлэх ёстой. Гэхдээ энэ бол шүүхийн, эцсийн шийдвэр биш шүү дээ. Гэм буруутай гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй байгаа. Тэгтэл хорьчихсон.

-Хохирогчийн өмгөөлөгчийн талаас хүсэлтэндээ дурьдсан байсан. Гэрийнх нь гадаа хаалган дээр сараачиж, бичиг наасан байсан гэж?

-Тэрийг хэн сараачсан гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? өөрөө ч сараачсан байж болох л хувилбар шүү дээ. Тэрийг ямар ч байгууллага, хэн ч тогтоогоогүй байна.

-Хэрвээ өнөөдрийн суулт үр дүнд хүрэхгүй бол дараагийн төлөвлөсөн ажил бий юу?

-Энэ бол цэвэр хууль зүйн процесс. Тэгэхээр тухайн Г.Буяндорж, С.Баттулга нарын өмгөөлөгч дараагийн шатанд хандсан шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Тэр шийдвэр даруйхан гарах ёстой. Бид тэр шийдвэрийг даруйхан гаргаасай гэж дуу хоолойгоо хүргэж байгаа минь энэ. Тэрнээс бид нар шууд шүүхийн шийдвэрт нөлөөлж болохгүй.

Монголын сайтын холбооны Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан:

-ИРГЭД БОДИТ ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ -

-Өнөөдрийн суултын зорилго нь юу юм бэ?

-Бид өнөөдөр цайныхаа цагаар чимээгүй суулт хийж байгаа минь энэ. Түүнээс бид ямар нэгэн жагсаал, цуглаан хийсэнгүй ээ. Энэ сэтгүүлчийг цагдан хорьсоныг эсэргүүцэж, түүнтэй санаа нэг байгаагаа илэрхийлж байна. Ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх ийм эрх чөлөө хаалттай байна гэдгийг энэ суултаар илэрхийлэх зорилготой байна. Манай сэтгүүлчийг 27-ны өдрийг хүртэл хорьчихсон байгаа шүү дээ.

-Тодорхой хууль заалт байхгүйгээс ийм асуудал үүслээ гэж бодож байна?

-Шүүгч өөрөө захирамж гаргаад таслан сэргийлэх арга хэмжээ авах нь мэдээж хуулиараа олгогдчихсон эрх. Гэхдээ тэрийг шүүгч захирамжаа гаргахдаа байдлыг харах хэрэгтэй байсан байх. Нөгөө талаараа сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг бусад хэргүүдтэй холбоод гаргачихсан байгаа. Энийг тусгаарлаад зөвхөн сэтгүүлчийн хэвлэн нийтэлсэн асуудлыг ярьвал С.Баттулгад ямар ч хэрэг үүсэх үндэслэл байхгүй.

-Үүнээс хойш бусад сэтгүүлчид ч С.Баттулгатай адил хэлмэгдэж хоригдох магадлал өндөр байна. Эхний ээлжинд бид сэтгүүлч С.Баттулгыг суллалаад, дараа нь ахиж үүсч болзошгүй энэ асуудалд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?

-Хамгийн эхлээд бид хууль эрх зүйн орчныг анхаарч байх хэрэгтэй байна. Зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль яаж батлагдах вэ? гэдгийг сэтгүүлчид маань сайн анхаарах хэрэгтэй болж байна. Сэтгүүлчид өнөөдөр өөрийн гэсэн цензуртэй болчихлоо. Хэн нэгэн сэтгүүлч дээр факт авч ирээд нийтлэл бичихийг хүсвэл сэтгүүлчид эхнээсээ айж эхэлж байна. Энийг биччихвэл намайг хорих байх, яллах байх, торгох байх гэсэн айдас дунд байвал иргэд үнэн зөв мэдээллийг авч чадахгүй, нуугдмал хэвээр хоцорно л гэсэн үг. Өчигдөр манай сэтгүүлчид “Бүгдээрээ урлаг, уран сайхны мэдээ л бичиж байя, тэгэхгүй бол баримт факт дэлгээд, эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр явбал хоригдох л ганц зам байна” гэж ярьж байна. Хэрвээ энэ асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол нийгэм, ард түмэн, иргэд бодит үнэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч чадахгүй болно. Сэтгүүлчийн мэдээлэл түгээснийх нь хариуд хорьж байвал энд сэтгүүлзүй устаж байна гэсэн үг.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.